Адуучдын чансааг тодорхойлсон “АГТАНА ХҮРЭЭТ”

2019-11-21

Ч.ЗОТОЛ

Сүхбаатар аймгийн ИТХ-ын санаачлагаар Дарьганга сумын нутаг  Шилийн богд уулын  ар бэлд адуучдын баярыг  хоёр дахь жилдээ  зохион байгууллаа.Адуучдын баярын гол зорилго нь монгол адуу, түүнийг дагасан  өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, гэрэл зурагт мөнхлөн үлдээж дэлхий нийтэд сурталчлах, улмаар хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэдэг.

Тус баярыг энэ жил  Монголын гэрэл зургийн холбоо, ӨМӨЗО-ны “Одон” телевиз, “Эх орон” телевиз, “Талын түрлэг” сэтгүүлчдийн бүлгэм, “Ухаантай морь” сэтгүүл, “Монцамэ” агентлагийн Япон улсын сурвалжлагч, фото зураг сонирхогчид зэрэг дотоод, гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сурвалжлан олон нийтэд хүргэсэн юм.

Шилийн богд уулын оройгоос ургах нарыг харах “Нарны ёслол”-оо эхэлсэн  “Агтана хүрээт” наадмын нээлтэд  УИХ-ын гишүүн Ч.Улааны “Аварга зээрд” хэмээн алдаршсан хурдан хүлгийг алдаршуулсан юм.  Энэхүү алдарт хурдан хүлэг энэ жил 25 нас хүрч байна.

Адуучдын авхаалж сорьсон уран уургач, бугуйлч, эмнэг сургагч, хамгийн сайн ногт, хазаар зангидагч, мөн сайхан хос морьтон шалгаруулах тэмцээнүүдэд Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Дорноговь аймгийн хүлэгч эрс оролцож, хурд, хүч, авхаалж самбаагаараа өрсөлджээ.

“Агтана хүрээт 2019” наадмын үеэр МУЭ-ийн зураач Н.Амарсайхан, н.Содномдаржаа адуучдын уралдаан, тэмцээний торгон  агшныг уран зургаар газар дээр нь зурж буулгасан нь олны сонирхлыг  татлаа. Мөн Дарьганга сумын зураач Б.Энхмаа, зураач, соёл судлаач Д.Амараа нар гэрэл зураг болон монгол зургийн үзэсгэлэнгээ гаргаж олонд сурталчлав. .

“Агтана хүрээт” наадам нь дотоод, гадаадын жуулчдад сүхбаатарчуудын аж байдлын онцлогийг харуулах, шүтлэгт хайрхан, уул усныхаа тухай танилцуулах боломжийг олгож буйгаараа ач холбогдолтой юм.

Монгол адууны өв соёлыг хадгалж, хамгаалах, адуучдын чансааг сорьж тодорхойлох болсон “Агтана хүрээт” хүлэгч эрсийн наадам жилээс жилд олныг хамарсан томоохон баяр болж байгаа билээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ