Долоо хоногийн фото тойм

Л.Батдорж

2019-11-17

  Даваа гариг 11 сарын 11

Азийн залуучуудын аварга шалгаруулах боксын тэмцээн эхэллээ

Монголын боксын холбоо, Азийн боксын холбоотой хамтран “Улаанбаатар-2019” боксын Азийн тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт эхэллээ.

Тэмцээнд Ази тивийн 17 орны 200 гаруй шилдэг залуу боксчин оролцон, өрсөлдөөнтэй сайхан болж байна. Улаанбаатарт болж буй энэ тэмцээн нь Токиогийн олимпын цикльд болж байгаа гэдгээрээ онцлогтой.

 

Мягмар гариг 11 сарын 12

“Нэг хот, нэг стандарт”

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан санаачлан Монголд анх удаа “Нэг хот, нэг стандарт” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Улаанбаатарт асуудалтай зүйл олон байгаа нь анхнаасаа стандарт, дүрэм журмыг мөрдөж ажиллаагүйтэй холбоотой гэдгийг хэлэлцүүлгийн үеэр оролцогчид хэлж байв.   Тиймээс  цаашид нэн тэргүүнд хотын стандартыг бий болгож, дагаж мөрдөх тал дээр хатуу хяналт тавьж ажиллах бодлого баримтлах гэдгээ Хотын захиргаанаас мэдэгдлээ. Мөн стандарт дагаж мөрдөөгүй байгууллага, хувь  хүн, албан тушаалтанд тооцох хариуцлагын асуудал сул байгааг энэ үеэр хөндөж байлаа.

 

Лхагва гариг 11 сарын 13

Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нартай хамтран ажиллах хүсэлт тавьлаа

МАХН  Монголчуудын өр, зээлийн талаар бүх тооцоо судалгааг хийж ард түмнээ өрийн дарамтаас чөлөөлөхөд Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нартай хамтран ажиллах хүсэлт тавьж буйгаа мэдэгдлээ.

Өнөөдөр хүн амын 50 гаруй хувь орон байргүй. Хүн амын 1.3 сая хүн зээлтэй байгаа нь  хүний амьдрах эрхийг ноцтой зөрчиж байна гэж МАХН үзэж байна. Монгол Улс 4.3 их наяд төгрөгийн цалин, тэтгэвэр, дөрвөн их наядын ипотекийн зээлтэй байгаагаас хүн бүр өрийн дарамтад амьдарч байгаа судалгааг хийжээ.

 

Пүрэв гариг 11 сарын 14

Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталлаа

Монгол Улс 1992 онд анхны ардчилсан Үндсэн хуулиа тунхагласнаас хойш зарчмын хувьд томоохон тооцогдох өөрчлөлтийг 27 жилийн дараа баталлаа.   Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг МАН дангаараа гараа өргөн, баталгаажуулав.  Ард түмнээс асуух, сөрөг хүчин, намуудтай зөвшилцөх замыг тэд сонгосонгүй.  Гуравдугаар хэлэлцүүлгийг ердөө гурав, дөрөвхөн  цаг үргэлжлүүлж, УИХ-ын дарга  Г.Занданшатар хуулиа уншаад л гишүүд гараа  өргөчихлөө. Санал хураалтад МАН-ын 63 гишүүн оролцож, 100 хувь дэмжиж,  батлав.

 

Баасан гариг 11 сарын 15

 “Академич Б.Чадраа ба шинжлэх ухаан” боть номын нээлт боллоо

Монгол Улсын шинжлэх ухаан, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, ШУА-ийн ерөнхийлөгч асан, төрийн шагналт, академич Б.Чадраа агсны 80 насны ойг тэмдэглэх ажлын хүрээнд “Академич Баатарын Чадраа ба шинжлэх ухаан” (Эрдэм судлалын дээжис) хос боть номын нээлт боллоо.

Эх сурвалж: www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ