У.Энхболд: Эдийн засаг талаасаа ч барагшуныг эцсийн бүтээгдэхүүн болгох нь зөв

2019-11-14

Б.НАМУУНТАМИР

“Монгол Алтайн барагшун” компанийн захирал У.Энхболдтой ярилцлаа.

 

-Уудаг шингэн барагшун, барагшунтай наалт гээд танай компанийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнийг хүмүүс андахгүй. Гэтэл өнгөрсөн хоёрдугаар сард бүтээгдэхүүн боловсруулалтын эхний шат эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна гэж мэргэжлийн хяналтынхан мэдээлж байсан. Энэ зөрчил арилсан уу?

-Өнгөрсөн цагаан сарын үеэр мэргэжлийн хяналтынхан анхан шатны боловсруулалт нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа тул зөрчлийг арилга гэсэн. Хамгийн гол нь барагшуныг шорооноос салгаж авах анхан шатны боловсруулалтыг хийж байгаа явцыг буруутгасан гэдгийг хүмүүс ойлгосон байх гэж найдаж байна. Нэг хэсэг Монгол Алтайн барагшун бохир орчинд үйлдвэрлэгддэг гэсэн яриа гарсан. Гэсэн хэдий ч бид хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагийн хувьд мэргэжлийн хяналтаас тавьсан шаардлагыг биелүүлсэн. Учир нь анхан шатны боловсруулалтыг хийхдээ технологийн явцыг илүү дэвшилтэт болгож сайжруулаад байна.

-Тухайн үед хэрэглэгчдээс гомдол, санал ирж байсан уу. Яагаад гэвэл, чанарын шаардлага хангахгүй үйлдвэрлэл явуулж байна гэсэн мэдээлэл гарч байсан шүү дээ?

-Анхан шатны боловсруулах процесс нь гар ажиллагаатай байсан. Мөн барагшуныг шорооноос нь салгаж аваад цааш нь 5-6 дамжлага дамжиж цэвэршүүлэн эцсийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Дамжлага бүрт шинжилгээнд хамруулж эрүүл ахуйн шаардлагад нийцсэн эсэхийг шалгадаг юм шүү дээ. Тиймээс хэрэглэгчдийн зүгээс гомдол, санал ирж байгаагүй. Анх үйлдвэрээ нээгээд бүтээгдэхүүнээ худалдаанд гаргаж байхаас эхлэн өнөөдрийг хүртэл байнгын хэрэглэж заншсан олон үйлчлүүлэгчийнхээ дэмээр явж байна. Хүмүүс эрүүл мэндэд нь эерэгээр нөлөөлсөн тухай урмын үгээр биднийг шагнадаг. Бид барагшунтай хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлснээс хойш долоон жил өнгөрчээ.

-Манай улсад үйлдвэрлэл эрхлэхэд тулгарч буй бэрхшээл. Тэр дундаа хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тулгамддаг асуудал юу вэ?

-Би дээр хэлсэн үйлдвэрээ байгуулаад долоон жил болж байна гэж. Энэ хугацаанд үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлье. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын зах зээлийг хангая. Ингэснээр зөвхөн манайд ургадаг маш олон төрлийн витамин агуулсан барагшун гэх ховор түүхий эдийг өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн болгохыг л зорьсон. Мэдээж бид үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн зэрэгцээ хэрэглэгчиддээ дотоодын үйлдвэрийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг борлуулахыг зорьж байгаа. Тиймээс чанар, стандартад түлхүү анхаардаг. Учир нь хүнсний аюулгүй байдал, хүний эрүүл мэндтэй шууд холбоотой учраас чанартай сайн бүтээгдэхүүнийг аль болох хямд үнээр борлуулах нь бидний зорилго. Бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлснээс хойш бид үнээ нэмэгдүүлээгүй. Энэ хугацаанд мөнгөний ханш хэд дахин өсч байгаа билээ. Гэсэн ч бид эрсдэлээ үүрээд хэрэглэгчиддээ үнэнч байхыг л хичээсэн. Нөгөөтэйгүүр төрөөс үйлдвэрлэл хөгжүүлэхийг зорьж байгаа бол тухайн салбарт нь, тухайн үйлдвэрлэлд нь тохирсон стандарт шаардлага тавьдаг байх нь зүйтэй. Учир нь манайх бол биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Гэтэл эм үйлдвэрлэгчтэй адилхан стандарт, шаардлагыг тавьдаг. Энэ нь хатуухан хэлэхэд хэзээ ч бүтэхгүй зүйл. Яагаад гэвэл эмийн үйлдвэрийг жижиг дунд үйлдвэрлэл явуулахад тун хэцүү. Харин биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг жижиг дунд үйлдвэрлэлээр хийх боломжтой.

-Тэгвэл биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд тавих стандарт шаардлага байхгүй гэсэн үг үү?

-Одоогоор тодорхой зүйл алга гэхэд хилсдэхгүй. Өмнө нь бол хүнсний үйлдвэрлэлтэй адилтгаж үздэг байсан юм билээ. Гэтэл энэ төрлийн үйлдвэрлэлийг эмтэй дүйцүүлээд Эрүүл мэндийн яаманд харъяалуулдаг болсон байгаа юм. Магадгүй төрийн зүгээс зайлшгүй шаардлагатай гэж үзээд авч хэрэгжүүлсэн байх. Эм, био бэлдмэл гэхээр нэг стандартад нийцэх мэтээр харж байна. Үнэн хэрэгтээ био бэлдмэл нь харьцангуй хүнсний бүтээгдэхүүн талдаа илүү ойр. Гэтэл эмтэй дүйцүүлчихээр үйлдвэрлэл эрхлэх босго хэт өндөр болчихож байгаа юм. Хамгийн гол нь орчин цагт хүмүүс эм, тариа хэрэглэхээс илүүтэй эко бүтээгдэхүүн, биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг илүүд үзэх болсон. Тэгэхээр бид цаг үетэйгээ хөл нийлүүлэн үндэсний үйлдвэрлэл байгуулан дотоодын хэрэгцээгээ хангах хэрэгтэй гэж үзэн үйлдвэрээ байгуулсан юм шүү дээ.

-Танай бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар ямар төвшинд байна. Мэдээж ижил төрлийн импортын бүтээгдэхүүнүүд худалдаанд нэлээд байр суурь эзэлсэн байгаа шүү дээ?

-Бид ижил төрлийн импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөх тийм ч хялбар биш. Өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж үндэсний брэндийг бий болгохоор зорьж байгаа учраас зарим тохиолдолд эрсдэлээ үүрээд л гардаг. Хамгийн наад зах нь импортын бүтээгдэхүүнтэй үнээрээ өрсөлдөхийн тулд бид таван нэр төрлийн бүтээгдэхүүнийхээ үнийг нэмдэггүй. Мөн үйлдвэрлэлийн явц нь тодорхой, хэрэглэгчид маань хэзээ ч ирээд үзсэн харах боломжтой учраас чанарын хувьд илүү давуу тал болно гэж хардаг.

-Үндсэн түүхий эд болох барагшун нь ховор ургамлын тоонд ордог. Тэр ч бүү хэл нөөц хомсдож байгаа атал түүхийгээр нь экспортолж байна гэдэг шүүмжлэл гарч байсан. Байдал ямар байна вэ?

-Барагшун нь 1500-2000 жилийн хугацаанд хуримтлагдаж бий болдог, маш эмзэг ургамал. Гэтэл 2000 оноос хойш хойд хөрш рүү нэлээд зөөдөг байсан. Энэ явцад бид түүхийгээр нь зөөхийн оронд нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн хийх нь улсын эдийн засаг болоод хүмүүсийн эрүүл мэндэд тустай юм байна гэж үзсэн юм. Ингээд 2013 онд үйлдвэрээ байгуулан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлсэн. Үүнтэй зэрэгцэн нэн ховордож байгаа түүхий барагшуныг экспортлохыг хориглуулсан юм. Гэсэн хэдий ч хулгайгаар 1000 тонн түүхий барагшуныг гаргасан байдаг. Тэгэхээр нь 2017 онд түүхий барагшуны экспортод хориг тавиулсан боловч 2000 тонныг гаргачихсан байгаа юм. Учрыг нь холбогдох газруудаас нь лавлахаар зөвшөөрөл аваад экспортлохоор бэлтгэчихсэн компаниуд гаргахаас аргагүй байдалд хүрсэн гэх тайлбар өгсөн. Хэрэв гаргуулахгүй бол компаниуд хохирлоо төрөөс эсвэл хориг тавиулаад байгаа компани худалдаж ав гэдэг шаардлага тавьсан. Бидний зүгээс харилцан тохиролцон төлбөрийг нь хувааж төлөх санал тавьсан ч зөвшөөрөөгүй. Мэдээж бизнесийн байгууллага ашиг олох нь зөв. Гэхдээ бид үр хойчдоо үлдээх юмтай байх хэрэгтэй гэж үзсэн учраас ховордож байгаа барагшуныг эцсийн бүтээгдэхүүн болгохыг зорьсон юм шүү дээ. Түүнээс хялбар аргаар мөнгө олохыг хүсвэл түүхийгээр нь гаргахад амархан л даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.11.14  ПҮРЭВ  №226  (6193)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ