“Үдийн цай”-г МСҮТ-ээр бэлтгүүлье

2019-11-13

Мэргэжлийн хяналтын байгууллагаас нягталж сав болон тарагнаас сорьц авч шалгуулахад гэдэсний халдварт өвчин үүсгэгч энтеробактери илэрсэн. Энэ нь бохир орчинд үүсэж, халдварладаг нян. Мөн хувийн компанийн байрыг түрээсэлж орон сууны нэгдүгээр давхарт сурагчдын үдийн цайг бэлтгэж байсан зөрчил цөөнгүй.

С.УЯНГА

Машин угаалгын газрын арын өрөөнд бэлтгэсэн хоол, цайг сурагчид идэж байна гэвэл та итгэх үү. Харамсалтай нь энэ бол бодит үнэн. Их хотынхоо утаа, түгжрэлд бухимдан түмэн завгүй яваа эцэг эхчүүд хүүхдээ ямар хоол идэж, хаана явааг анзаардаг болов уу. Завгүй ажлаар шалтагласан эцэг эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндийг эмнэлэгт, боловсролыг багшид даатгаж орхино. Гэтэл цэцэрлэг, сургууль дээрээ өнжиж буй хүүхдүүдийн ходоодонд хоол биш “хор” хийж байгаа сургууль олон байна.

Баянзүрх дүүргийн XVIII хороонд байрлах нэгэн сургуульд бага ангийн сурагчийн үдийн цайг нийлүүлдэг “Коко десерт” компанийнхан барилгын материал хадгалах зориулалттай саванд тараг хийж түгээснийг олон нийт мэдээлсэн. Мөрөөр нь мэргэжлийн хяналтын байгууллагаас нягталж сав болон тарагнаас сорьц авч шалгуулахад гэдэсний халдварт өвчин үүсгэгч энтеробактери илэрсэн. Энэ нь бохир орчинд үүсч, халдварладаг нян. Мөн хувийн компанийн байрыг түрээсэлж орон сууны нэгдүгээр давхарт сурагчдын үдийн цайг бэлтгэж байсан зөрчил цөөнгүй. Гашилсан тараг, ээдсэн сүү, түлэгдсэн талх өгдөг баримтжуулсан гомдол мэргэжлийн хяналт, дүүрэг, хороодод тасардаггүй гэсэн. Ингэж л төрөөс мөнгийг нь авчихаад нүглийн нүдийг гурилаар хуурч байгаа явдал газар авлаа.

Мэргэжлийн хяналтын газраас сургуулиудын үдийн цайнд шалгалт хийхэд цочирдмоор дүр зураг гарчээ. Шалгалтын дүнгээс зөвхөн хэвлэлийнхэнд ил болгосноор бол 45 сургуулийн цайны газраас 300 эрүүл зүйн арчдас шинжилгээ авахад 22 хувь нь нянгийн бохирдолтой гарсан байна. Мөн сургуулиуд  хүнсний бүтээгдэхүүний агуулах өрөө тасалгаагүй. Хоол үйлдвэрлэлийн бүхий л үйл ажиллагааг нэг дор хийдэг. Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын явцад хөргөгч, хөлдөөгчийн температурын заалтыг хянадаггүй, хүнсний агуулах зориулалтын бус, чийглэг температур хэмжигчгүй, бүртгэл хөтөлдөггүй, хүүхдийн хоол, хүнсний чанар аюулгүй байдалд хяналт тавьдаггүй нь илэрчээ. Дээрээс нь тоног төхөөрөмж дутмаг, мэргэжлийн тогоочгүйгээс өдөр бүр шахуу 2-3 төрлийн хоол өгдөг. Бүгчим харанхуй, бохир өрөөнд хоолны материалаа ил задгай хадгалдаг гээд зөрчил дэндүү их. Өөрөөр хэлбэл,  хаана, хэн ямар орчинд бэлтгэсэн нь тодорхойгүй нянгийн бохирдолтой хүнсийг сурагчид үдийн цайндаа идэж байна. Нийслэлд “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлдэг 124 аж ахуйн нэгжийн дийлэнх нь хувийн сургуулийн удирдлагатай гэрээ байгуулсан нь зөрчил дутагдлаа нууж өнгөрүүлэх үндэслэл болдгийг ч мэргэжлийн хүмүүс хэлсэн.

Гэтэл “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжээд 13 жил болж байхад өнөөг хүртэл цэгцэрсэнгүй. Хангалттай хугацаа өнгөрөхөд бэлтгэн нийлүүлэгчид сургууль, цэцэрлэг хариуцлагатай ажиллаж чадсангүй. Тиймээс элдэв шалтаг, эрх ашиг харах биш хүүхдүүдээ анхаарах цаг болжээ. Удахгүй “Үдийн хоол” болохоор энэ янзаараа бол хүүхдүүдтэй холбоотой хүнсний аюулгүй байдал улам хурцдах нь. Тэгвэл хүүхдүүдэд чанартай ядаж л буух эзэн буцах хаягтай хүнсээр хангахын тулд МСҮТ-үүдээр “Үдийн цай” хийлгэдэг болъё. Тогоочийн мэргэжлээр сурч байгаа оюутнуудаас ядаж л чанартай, олон төрлийн хоол хийх сэтгэл зүтгэл гарна. Сургуулийнхаа нэрийг сэвтээхгүй гэх өндөр хариуцлага, чин сэтгэл ч тэдэнд бий. Үүнээс гадна үдийн цайг санхүүжүүлж байгаа төрийн мөнгөөр эргээд мэргэжлийн боловсролын салбараа дэмжиж, чадавхижуулах гээд олон давуу талтай.

Үдийн цайг МСҮТ-өөр хийлгэе гэдэг нь огт болохгүй, цоо шинэ зүйл биш. Тухайлбал, Төв аймгийн Эрдэнэ сумын МСҮТ-ийнхөн сургуультайгаа гэрээ байгуулж үдийн цай бэлтгэхээр болжээ. Энэ талаар МСҮТ-ийн захирал Ш.Отгонхүү “Манай тогоочийн ангийн хүүхдүүд жуулчны баазуудын өглөөний цайны талх барьж хүргэж өгч байна. Мөн ерөнхий боловсролын сургуулийн гал тогоог түрээсэлж, түүнээсээ тодорхой хэмжээний ашиг олж байна. Үүнээс гадна “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр стандарт хангасан. Бүтээгдэхүүнээ Мэргэжлийн хяналтын газар өгч эрүүл ахуйн бичгээ авсан” гэсэн юм. Энэ мэтээр санаачлагатай ажилласан нэгнээсээ туршлага судалж, алдаа дутагдлаа засч сайжруулж явж болно. Ганцхан төрийн зохицуулалт л хэрэгтэй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.11.13  ЛХАГВА  №225  (6192)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ