Дэлхийн банкнаас цахилгаан хэмнэх эко шийдлүүдийг дэмжинэ

2019-11-01

Б.ТУУЛ

Хүйтний улирал хаяанд ирж, нийслэлчүүд өвлийн бэлтгэлээ базааж буй энэ өдрүүдэд Улаанбаатар хотын агаарыг бохирдлыг бууруулахад төр засгийн зүгээс шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүний нэг нь нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд  түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлаж,  сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж хэвших томоохон ажлыг өрнүүлж байгаа билээ. Харин үүний нөгөө талд шахмал түлшийг ахуйн хэрэглээнд хэрэглэх нь агаарын бохирдлыг бууруулж байгаа ч иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх вий гэсэн айдас, болгоомжлол иргэдийн санааг багагүй зовоож буй юм. Тиймээс зарим иргэдийн хувьд, агаарын бохирдлыг бууруулж, цахилгаан хэмнэх үнэ хямд эко шийдлүүдийг сонирхож буй юм. Өөрөөр хэлбэл, гэр орон сууцаа цахилгаанаар халаах боломжтой, байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд хоргүй, өдрийн  24 цагт  дулаанаа хуримтлуулж, гэрт тав тухтай орчныг бүрдүүлэх, үнэ өртгийн хувьд хямд халаах төхөөрөмжүүдийг илүүтэй сонирхож байгаагаа хэлж байгаа юм. Нөгөөтэйгүүр бид ногоон хөгжил, эко хэрэглээ гэж сүүлийн хэдэн жил ярьж буй.  1992 онд Бразилын Рио Жанейро хотод болсон НҮБ-ын дээд хэмжээний чуулганаар баталсан  “Бидний хүсч буй ирээдүй” баримт бичигт ногоон эдийн засгийг тогтвортой хөгжилд хүрэх гол хэрэгсэл хэмээн тодорхойлж, НҮБ-ыг ногоон эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг уриалсан. Тиймээс дэлхийн хотууд байгаль орчинд ээлтэй ямар бодлого хэрэгжүүлэх вэ, цахилгаан дулаан, хийн хангамжаа хэрхэн ногоон технологиор шийдэх вэ, эрчим хүчний хэмнэлт, урамшууллын тогтолцоогоо яаж боловсронгуй болгох вэ, сэргээгдэх эрчим хүчний технологи, эко тээвэр, агаарын бохирдлыг бууруулах зэрэг  олон асуудалд санаа зовинож, ухаан бодлоо уралдуулж байна.

 

Агаарын бохирдлыг бууруулахад 12 сая долларын санхүүжилт олгохоор шийдвэрлэжээ

 

Манай улсын хувьд, тэр дундаа Улаанбаатар хотын хувьд байгаль орчинд ээлтэйгээр хөгжүүлэхэд чиглэгдсэн олон асуудал бий. Энэ нь хүн амын амьжиргааны түвшин, өвчлөлийн түүхээс ч хүртэл харагддаг. Жишээ нь бид, эрчим хүчний хэрэглээ, агаарын болон хөрсний бохирдол, гэр хорооллын утаа гээд олон асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэж сүүлийн арван жил ярьж байна.  Тэгвэл иргэдийн энэ хэрэгцээ шаардлагад тулгуурлан Дэлхийн банкны гүйцэтгэх захирлуудын зөвлөлөөс саяхан нэгэн чухал шийдвэрийг гаргажээ. Дэлхийн банкнаас “Улаанбаатар цэвэр агаар” төсөлд 12 сая ам. долларын нэмэлт санхүүжилт олгохоор болсон байна. Вашингтон хотоос, яг сарын өмнө гаргасан энэ шийдвэр манай улсын гэр хорооллын иргэдэд зориулсан, эрчим хүчний үр ашигтай зарцуулалт бүхий эко халаалтын санаачилгын эхлүүлж, Дэлхийн банкны нэмэлт санхүүжилтээр хэрэгжих томоохон төсөл юм байна.  Тус төсөл нь Улаанбаатар хотын гэр хорооллын оршин суугчдад байгаль орчинд ээл­тэй халаалтын төхөөрөмж ашиг­лах боломжийг бүрдүүлэх, өрхийн эрчим хүчний хэрэглээний үр ашгийг нэмэгдүүлэх, агаар дахь нарийн ширхэгт тоосонцрын агууламжийг багасгах арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх зорилготой гэдгийг албаны­хан онцолсон байна. Гэхдээ энэ сан­хүү­жилтыг олгохдоо хэд хэдэн учир шалтгааныг харгалзан үзжээ. Тухайл­бал, Улаанбаатар хот нь дэлхийн хам­гийн их бохирдолтой хотуудын нэг болсон. Тус хотын 1.4 сая иргэдийн бараг тэн хагас нь төвийн дулааны сүлжээнд холбогдоогүй гэр хороололд амьдарч байна. Гэр хорооллын оршин суугчид нь өвлийн улиралд гэрээ халаахын тулд зуух, нам даралтын зууханд нүүрс, мод түлдэг нь өвлийн улиралд агаарын бохирдол аюултай хэмжээнд хүрч, утаанаас шалтгаалсан нийгмийн эрүүл мэндийн асуудал үүсэхэд хүргэж байна гэдгийг Дэлхийн банкны гүйцэтгэх захирлуудын зөвлөл хэлэлцсэн байна.

 

5000 өрхийг шинээр цахилгаан халаагуураар хангана

“Улаанбаатар цэвэр агаар” төслийг монголчууд сайн мэднэ. Энэ төслийн хүрээнд 2012 онд анх Монгол Улсын хөгжлийн түншүүдтэй хамтран гэр хорооллын иргэдийг агаарт нарийн ширхэгт тоосонцор бага ялгаруулах халаалтын төхөөрөмжийг ашиглах боломжоор хангах, Улаанбаатар хотод нарийн ширхэгт тоосонцрын ялгарлыг бууруулах арга хэмжээг боловсруулах зорилгоор нийт 15 сая ам.долларын санхүүжилттэйгээр эхлүүлж байсан. Төслийн хүрээнд 2013-2015 оны хооронд нийт 40 мянган бүрэн шаталттай сайжруулсан зуухыг тарааж өгсөн байна. Мөн гэр хорооллын айлуудын байшинг дулаалах замаар түлшний хэрэглээг багасгах, эрчим хүчний үр ашгийг сайжруулах тур­шилтын хөтөлбөрийг хэрэгжүүлж, нийт 472 амины орон сууц, 12 төрийн үйлчилгээний барилга байгууламжийг хамруулжээ. Харин өнөөдөр батлагдсан энэ нэмэлт санхүүжилт нь Монгол Улсын Засгийн газар болоод хөгжлийн түншүүдийн хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн үйл ажил­лагаанд зарцуулагдах юм байна. Тухайл­бал, тус төслийн хүрээнд ца­хил­гаан халаагуур худалдан авах, нам даралтын зуухнуудыг солих, гэр хорооллын айлуудын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх хөтөлбөрийг өргөжүүлэх зэрэг олон үйл ажиллагааг санхүүжүүлэх юм байна. Түүнчлэн эко халаалтын шийдлийн талаар баримтлах дүрэм журмыг боловсронгуй болгож, хэрэгжилтийг хангахад Засгийн газарт дэмжлэг үзүүлнэ. Дээр дурдсан үйл ажиллагаануудыг хэрэгжүүлснээр 5000 айл өрхийг шинээр цахилгаан халаагуураар хангаж, улмаар жил ту­там хүлэмжийн хийн ялгарлыг 22.615 тоноор бууруулна гэж тооцоолж байна.

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев  хэлэхдээ “Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлуудыг ганцхан шийдлээр шийдвэрлэх боломжгүй бөгөөд богино ба дунд хугацаанд олон арга хэмжээг нэгэн зэрэг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Тийм арга хэмжээнүүдийн нэг нь яах аргагүй эрчим хүчний үр ашигтай халаалтын эко төхөөрөмжөөр хангах юм. Энэ нь Улаанбаатар хотын эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндэд нэн чухал юм. Энэ төслөөр дамжуулан Монгол Улсын өмнө тулгараад байгаа сорилтыг даван туулахад дахин дэмжлэг үзүүлж байгаадаа бид баяртай байна”гэсэн байна.  Нэмэлт санхүүжилтийн хүрээнд дулаан нөөцлүүртэй цахилгаан халаагуурын хөтөлбөрийг нэмэлтээр оруулж ирсэн байна. Төслийн тус бүрэлдэхүүн хэсэг нь өвөл ДЦС, салхин цахилгаан станцын шөнийн цагаар үйлдвэрлэж байгаа илүүдэл цахилгаан эрчим хүчийг нөөцлөн, түүнийгээ бүхэл өдрийн турш байгальд ээлтэй халаал­танд зарцуулах боломжийг бүр­дүү­лэх юм. Эрчим хүчийг үр ашигтай зарцуулах арга хэмжээ, төслөөс олж авсан туршлагыг ашиглан Монгол Улсын Засгийн газраас авч хэрэг­жүүлэх гэр хорооллын 40 мянган айл өрхийг цахилгаан ха­лаа­гууртай бол­гох зорилготой халаалтын хөтөл­бөрийг боловсруулах аж. Түүнчлэн төвийн дулааны шугам сүл­жээг ши­­нэч­­лэн сайжруулж, өргөт­гөх, бай­­гальд ээлтэй халаалтын бие даа­сан шийдлүүдийг өргөжүүлэх, гэр хорооллуудад эрчим хүчний үр ашиг­тай зарцуулалтыг бий болгох зэ­рэг агаарын бохирдлыг бууруулах урт хуга­цааны үйл ажиллагаа явуула­хад нь Дэлхийн банкны зүгээс Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлж хамт­ран ажиллах болно гэжээ. Төгс­гөлд онцлоход, энэ хөтөлбөр нь но­гоон технологийг дэмжих төрийн бод­­лого, Нийслэлийн гэр хорооллын өр­хөд үзүүлж буй цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт, иргэдийн бай­­шин сууцны дулаан алдагдлыг буу­­­руу­лахын ач холбогдол зэрэг олон ажилтай уялдаж буйгаараа онцлог юм. Энэ нь нийслэлийг цаашид ногоон бол­­­гож, иргэдийг эко хэрэглээтэй бол­­­гох энхний том ажил энэ байж мэдэх юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.11.1  БААСАН  №217  (6184 )

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ