Хүүхдийн хөгжлийг эрхэмлэгч “Хаан Эрдэм” сургуулийнхан намрын өдөрлөгөө хийв 

2019-10-18

Х.ХАТАН

“Хаан Эрдэм” бага сургууль нь англи хэлний үндсэн хөтөлбөр, математик, байгалийн ухааны өргөтгөсөн хөтөлбөртэй, хөгжүүлэх сургалтаараа хүүхдийн оюун ухаан болон бие бялдрыг зэрэг хөгжүүлдэгээрээ давуу талтай. Тухайлбал, спорт өрөлт, рубик шоо, шатар, стем зэргийг нас насных нь онцлогт тохируулан заадаг. Өөрийн гэсэн спорт заалтай учраас биеийн тамирын хичээлээс гадна сагсны болон таеквондогийн клуб хичээллэдэг юм байна.

Хичээлийн шинэ жил эхлээд хүүхэд багачууд хичээл сургуульдаа шамдаж буй энэ өдрүүдэд “Хаан Эрдэм” бага сургуулийнхан “Алтан намар” байгаль дахь хичээл, “Бид хамтдаа” спорт өдөрлөгөө амжилттай зохион байгуулжээ.

“Алтан намар”

“Хаан Эрдэм” бага сургуулийнхан “Алтан намар” байгаль дахь хичээлээ Бэлхийн зусланд зохион байгуулжээ. Монгол хэл, Англи хэл, Математикийн хичээлийг суралцагчидад хөгжилтэй дурсамжтай хэлбэрээр байгалтай уялдуулан хийснээрээ онцлог байв. Сурсан дуугаа дуулж үзүүлэн, дуртай бүжгээ бүжиглэцгээн, хөгжөөнт тоглоом тоглонгоо ярилцах, зурах, будах, ажиглах, харьцуулах хэлбэрээр хичээл явагдсан нь сонирхолтой байлаа.

Мөн спорт тэмцээнүүдийг зохион байгуулж, 1-2 дугаар ангийнхан дундаас 1б анги, 3-5 дугаар ангиудаас 5а анги түрүүлснээр албан ёсны арга хэмжээ өндөрлөв.

Хүүхдүүд бэлдэж ирсэн хоолоо идэж хэсэгхэн амарсны дараа багш нар авьяасаа үзүүлж, дуулж, бүжиглэж, илбэ үзүүлж мартагдашгүй дурсамжтай өнгөрүүлсэн юм.

“Бид хамтдаа”

Харин “Бид хамтдаа” сэдэвт спорт өдөрлөгт суралцагчид багш нартайгаа хамт спортын хөгжилтэй уралдаан тэмцээнээр өрсөлдөн нэг өдрийг зугаатай өнгөрүүлсэн юм.

Анги бүр нэг минутанд багтааж өөрсдийн биеэр хөдөлгөөнт цэцэг урлаж үзүүлэн мэндчилгээ дэвшүүлснээр өдөрлөг эхэлсэн.  Сурагчид өглөө бүр тогтмол хийдэг хөгжимт дасгалаа багш нарынхаа хамт хэрхэн сайн хийж сурснаа гурван минутад үзүүлэх байв. Дараа нь багшийн хамтаар 30 метр зайг спорт алхаагаар алхаж туулав.

Үүний дараа жинхэнэ хөгжилтэй тэмцээн эхэллээ. Ангийн эхний хүүхэд спорт өрөлт өрснөөр цаг эхэлж тусгайлан бэлдсэн саадыг тойрч гүйж, харайж, шургаж, сүлжиж явсаар барианд ирсэн хамгийн сүүлийн хүүхдээр нэг ангийн хугацааг тооцож байлаа.

Мэдээж бөмбөгөөр тоглодоггүй, бөмбөг шидэж чадахгүй хүүхэд гэж үгүй. Тиймээс  “Бид цуглуулж чадна” нэртэй тэмцээнд хүүхдүүдийг хөгжөөв. Талбайд тараан байрлуулсан жижиг бөмбөгийг түүж нэг минутанд багтаан өндөрт байрласан сагсанд шидэж оруулах даалгавар амаргүй ч зугаатай байлаа.

Спорт наадамд заавал байх төрөл болох уртын харайлт, олс таталтын тэмцээнүүд ч өрсөлдөөнтэй явагдаж ялагчаа тодруулсан.

Эдгээр тэмцээн уралдаан бүрт хүүхдүүд чин сэтгэлээсээ оролцож ур чадвар, авхаалж самбаа, хурд хүчээ сорин, цаг хугацаатай өрсөн уралдсаар эцсийн дүн гарлаа.

“Бид хамтдаа” намрын спорт өдөрлөгийн дүнг 1-2 анги, 3-5 анги гэж хоёр түвшинд дүгнэсэн юм. Шилдэг болсон ангиудад батламж, гарын бэлэг өгч, хамгийн өндөр оноогоор тэргүүлсэн Б.Цэндсүрэн багштай 2а ангид шилжин явах цом гардуулсан юм.

Эх сурвалж: www.polit.mn                                                                         

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ