Шаргал намрын тухай шүлгүүд

2019-10-12

Б.ГҮНЖИД

Модны навчис шарлан газар унаж, хаа сайгүй хатсан навчис хөл дор хөглөрнө. Навчисийн гараас хөтлөөд гүймээр сэтгэл гэгэлзсэн намрын улиралд хүн баярлаж, догдолж, гуниглаж буй дотоод ертөнцөө илүүтэй мэдэрдэг юм шиг ээ. Намрын моддын нэг салаа мөчир нь баяр баясал, гэгээн совин. Нөгөө салаа  мөчир нь уйт гуниг, догдлол байдгийг илтгэж байдаг мэт. Энэ удаа сэр сэр салхитай бүүдгэр намрын уйтгар гунигийг тань хуваалцах Монголын яруу найрагчдын намрын тухай шилдэг шүлгүүдийг түүвэрлэн хүргэе.

********

Намрын улирал хэзээ боловч аргагүй хүрч ирнэ

Навч цэцэг намайг орхиод салхийг даган одно

Идэр эр модыг түшиж бугын дууг сонсоод

Өнгөрсөн үеийн түүхийг санаж сэтгэлийн дотор эмтэрнэ

Наран буцаж цэцэг хумьж үр ертөнц боловсормогц

Өчүүхэн бага оготно хүртэл буудай хураалцана

Олон сүргээ зуны сайханд тарга оруулсан бол

Хүч төгс санаа түвшин жаргахад юу зовно

Насан залуу хүчин чийрэг хүний сайхан цагтаа

Малыг маллаж тариаг тарьж ажлыг хийгээгүй бол

Навч шарлаж намар болж нас тогтохын үед

Тайван гэртээ санаа амар яахин шатар тавина.

С.Буяннэмэх

***********

Цэцэгс, эрвээхэй болон нисэх нь намар цаг

Галзуурсан үнээнүүд хашааны оройд суугаад

Саяхан татсан өвсний үнэрт мансууран

Галуудын тухай ярилцаж чанга чанга хөхөрөлдөнө

Чийртэй хүйтэн бороо эцэс төгсгөлгүй цутгаад

Чилж хүндэрсэн зовхио буулгахад л тээртэй

Цус сорогчдоос хамгийн хорлонтой нь шумуулнууд

Тэд хүртэл хэн нэгэнд дайсагнахаа болиод

Хошуугаа тэврэн уйлалдах нь намар цаг

Навчис өндрөөс унаж амиа хорложээ

Нар өндрөөс унаж амиа хорлохыг завджээ

Үхэх нь үхэж, үлдэгсэд зөвхөн хахир өвлийг

Хэрхэн угтах талаар нухацтай ярилцана

Цэцэгс эрвээхэй болон нисэх нь намар цаг…

Б. Эрдэнэсолонго

  “Навч”

Намрын мөчрөөс

Навч хийсэн унав

Навчтай хамт

Нар хэлтрэн унав

Нарны тэр хэлтэрхийтэй

Намрын өдөр унав

Намрын тэр өдөр

Надаас гандан унав

Д. Пүрэвдорж

********

Үүл өтгөрч харлаад тэнгэр нэг л бүүдгэр

Үг цөөрч гансраад сэтгэл бас л бүүдгэр

Хангай дайдын намар сэр сэр салхитай

Харья уу, байя уу

Т. Очирхүү

***********

Навч минь би чиний

Гараас чинь хөтлөөд цуг хийсье тэгэх үү

Намрын бороонд хамтдаа даарч хонох

Ганцхан хоногийн зөвшөөрөл өгөөч

Чиний л дэргэд бүтэн шөнө бээрч хоноод

Чимээгүйхэн үүрээр хамтдаа цуг нисье

Шимширсэн гунигийн хатуу цээж өмөлж

Шархадсан шувуу шиг цоорхойг чинь энхрийлье,

Зөвшөөрөөч…

Б.Лхагвасүрэн

*********

Зээлгээн намрын цагаан үүлс

Хэсэг хэсгээр тасрахуй

Зэвтэй дуртгалын илд

Ногоон нулимс унагана

Зэрэглээ татарсан талаар

Хонгор салхи бөмбөрөхүй

Зээргэний өтгөн сүүдэрт

Халтар царцаа шаргина

Унаж уугисан намрын наран

Дүйрэнги халуунаар төөнөхүй

Унагаа сүүдэрлэсэн гүү

Зэлнээс холдохгүй зовооно

Б.Лхагвасүрэн

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ