Их хуралд илгээх үг мину

2019-09-18

Академич Далантайн ЦЭРЭНСОДНОМ

Цагийн байдлыг ажваас төр засаг маань доргио донсолгоо ихтэй, түмэн олон маань  багагүй бухимдалтай энэ ээдрээтэй үед манай дээдцүүл “Төрж ядаж, төлгөнд эх болно” гэгчээр  юутай ч гэсэн шинжлэх ухаанаа мартаагүй байгаад нь энэ салбарт жараад жил зүтгэж яваа хүний хувьд баярлахаас яах вэ.

Миний хувьд Монгол Улсын энэ цаг үеийн толгой эрдэмтэн Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Ш.Лувсанвандан нартай ойр шадар явсан хүний хувьд тэд маань өдгөө сэрүүн тунгалаг байгаасан бол та нарт ингэж л хэлэх байсан болов уу хэмээн үгийг нь хүргэхийг хичээе.

 

1.Эрдэм шинжилгээний

ажилтан нарт:

-Энэ яваа насаа шинжлэх ухаанд зориулж хүний хэлээгүйг хэлж, хийгээгүйг хийхийн төлөө зүтгэх хэрэгтэй.

-Юм юмыг шүлстэж, дутуу орхих хэрэггүй. Нэг барьж авсан юмаа тууштай судалж, мухарлаж чадваас алс холын эрдмийн бартаат оргил эрх биш ойр харагдах цаг ирнэ.

-Холыг зорих хүмүүс биеийг залуугаас нь хичээх хэрэгтэй. Амралт гэдэг бол зүгээр сууж хэвтэхийг хэлэхгүй, чухамдаа нэг хөдөлмөрийг нөгөөгөөр солихыг л хэлж байгаа хэрэг.

2.Шинжлэх ухааны удирдлагуудад:

-Шинжилгээний ажлын удирдагч нар нь найм, тавын хооронд манаа хийж бүртгэн суугч бус шинжлэх ухаанд хэн шинэ юм хийж байгааг олж харж чадах билгийн мэлмийтэй хүмүүс байх ёстой.

-Юм бүхнийг мэддэг хүн гэж энэ ертөнцөд байхгүй. Тийм учир мэдэхгүй зүйлээ мэддэг дүр эсгэхийн хэрэггүй. Өөрөөр хэлбэл мэдэхгүй гэж хэлж чаддаг шударга зантай байх хэрэгтэй.

-Та бусдыг хэдий чинээ дэмжиж тэтгэж явж чадваас өөрөө төдий чинээ олонд хүндлэгдэх болно.

3.Төр засгийн тэргүүнүүдэд:

-Ард олныгоо заримыг нь өврөөсөө, заримыг нь араасаа гарсан мэт алаг булаг үзэж болохгүй. Аль болохоор өөрийн хөвүүн мэт чин сэтгэлээсээ өмөг түшигтэй явж чадваас  өргөн олны хайр хүндэтгэлийг олъюу.

-Өөрийн мэдэх мэдэхгүй зүйлээ өрөөлөөс асуун тунгааж бусдаас байнга суралцаж “Хүний ганцыг салгаж” чадах нь хутагтын нэгэн эрхин чанар мөн бөлгөө.

-“Айвал бүү хий, хийвэл бүү ай” гэсэн мэргэн үг буй. Улс иргэдийнхээ ашиг тусын төлөө таны хийсэн зоримог зөв үйлдлийг ард түмэн хэзээ ямагт хөхиүлэн дэмжих болно.

 

Өтгөс мэргэдийнхээ үгийг чадан ядан дамжуулахыг хичээнгүйлэв.

 

Шарагчин гахай жилийн намрын тэргүүн сарын шарагчин хонь өдөр.

2019.09.16

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ