“Сүхбаатарын Эрдэнэцагаан суманд Ч.Улаан, У.Хүрэлсүх хоёроор овоглосон уул уурхай цэцэглэж байна”

2019-09-18

Ч.ЗОТОЛ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ИТХ-ын төлөөлөгч Ч.Адъяасүрэнтэй ярилцлаа.

-Танай сумын нутагт уул уурхайн олон компани зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгааг иргэд хэлдэг. Хууль зөрчсөн, малчдыг хохироосон ямар зөрчил байна вэ?

-Манай сумын нутагт “АДАЭ”  хэмээх компани сүүлийн 2-3 жил жоншны хайгуул, олборлолт хийж байна. Энэ компани зөвшөөрөл дээрээ  Хамарбулаг, АДАЭ, Эрдэнэцагаан гэсэн гурван өөр  нэртэй. Дуусах хугацаа нь ч гурван өөр байгаа. Гэтэл манай суманд Эрдэнэцагаан нэртэй газар байхгүй, энэ нь зөвхөн сумыг нэрлэсэн  нэр. Анх энэ компани танилцуулга дээрээ Архангайн нэг уулын зураг тавиад дээр нь Эрдэнэцагаан гээд биччихсэн ирж байсан. Сумын Засаг дарга  2017 оны нэгдүгээр сарын 3-нд 250 тоот тогтоолыг  АМГТГ-ны газарт явуулсан байдаг. Тэр бичигт  200 га газарт хайгуул хийхийг зөвшөөрөв гэсэн байгаа юм. Энэ бол маш хортой. Малын бэлчээр сүйтгээд зогсохгүй байгаль орчныг доройтуулж, иргэд, малчдын амьдралд сөргөөр нөлөөлнө. Хамгийн гол нь  энэ асуудал багийн иргэдийн хурал, сумын иргэдийн хурлаар нээлттэй хэлэлцүүлэгдэж дэмжсэн, эсэх талаар шийдвэр гарах ёстой. Гэтэл Сумын Засаг дарга албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, олон нийтийн оролцоогүй байхад тодорхойлолт хийж өгсөн нь хууль зөрчсөн асуудал. Энэ үндэслэлээр бид холбогдох байгууллагуудад хандаж сумын Засаг даргыг огцруулах шийдвэрийг ИТХ-аас гаргасан байгаа. Гэхдээ үүгээр асуудлыг нэг мөр шийдсэн гэж эрдэнэцагаанчууд үзэхгүй байгаа.

-Иргэдийн санааг зовоосон өөр  ямар асуудлууд байна?

-Зөвхөн манай суманд л гэхэд ашигт малтмалын 33 лиценз олгогдсон байдаг юм. Тэгэхээр асуудал ганц Засаг даргыг огцруулснаар шийдэгдчихгүй. Засаг даргыг огцруулсан нь түүгээр “туг тахиж” ард нь далд эзэд үлдсэн явдал. Манай суманд дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай олон компани газрын тос, уран, алт, нүүрс, жонш, гянт болд, төмрийн хүдэр гээд маш олон чиглэлээр хайгуулын ажил явуулдаг. Эцэст нь зөвхөн  өрөм тавьсан нүх нь л гэхэд бэлчээр нутгийг шүүрэн шанага шиг болгоход хүрч байна. Уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад шаардлага тавьж, нутгийн иргэд, малчид  очдог. Хашаанд нь суулт хийж, жагсаал цуглаан хүртэл хийдэг. Уурхайнхан зөвшөөрөл бичгээ ч үзүүлдэггүй, дотогш нэвтрүүлдэггүй. Иймд цаана нутгийн гүнд юу хийж байгаа нь нууц байдалд байгаад байдаг. Зарим нь хамгаалалтын албаны том биетэй залуусаар иргэдийг зодуулж, цохиулсан явдал ч гардаг. Зөвшөөрлөө үзүүлэхийг шаардахад “Дээд дарга нар мэднэ. Захирал, дарга нарт бичиг баримтууд байгаа. Засгийн газар мэднэ, Ерөнхий сайд мэднэ” гэдэг. Өөрөөр хэлбэл, Засгийн газраар, Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр, УИХ-ын гишүүн Ч.Улаанаар овоглосон уул уурхай манай суманд цэцэглэж байна. Иймд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг, УИХ-ын гишүүн Ч.Улааныг газар дээр нь ирж, нэр холбогдоод байгаа хариуцлагагүй уул уурхайгаа хааж, үйл ажиллагааг нь таслан зогсоо гэдгийг шаардаж байна.  Эрдэнэцагаанчууд бид  зөрчигдсөн эрхээ хамгаалахын төлөө тэмцсээр ирсэн, цаашид ч тэмцэх болно.

АДАЭ компанийн ашиглалтын талбай

-Засгийн газар хууль зөрчсөн уул уурхайн зөвшөөрлүүдийг шууд цуцлах шийдвэр гаргасан. Та бүрхэн зөрчилтэй компаниудыг шалгуулах асуудлаар  хандсан уу?

-Манай сумын иргэд нутагтаа үүсээд байгаа уул уурхайн асуудлаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Ч.Улаанд удаа дараа хандаж ирсэн. Тэр хүн асуудлыг дарагдуулж байна гэж бид ойлгож байгаа. Иргэд сонгосон гишүүнээрээ дамжуулж  төр, засагт хандаж байгаа шүү дээ. Гэтэл хэчнээн сар болсны дараа “Орон нутгийн удирдлага чинь мэднэ” гэсэн ганц өгүүлбэр бичсэн цаас явуулчихдаг байж таарахгүй. Ч.Улаан гуай  Сүхбаатар аймгийг төлөөлсөн УИХ-ын гишүүний хувьд Засгийн газарт, Ерөнхий сайдад, АМГТГ-т асуулга тавьж, хариуг нь бидэнд өгч болно шүү дээ. Гэтэл тэгдэггүй, хязгаар нутгийн иргэд  бухимдаж бачимдаж тэмцэж байхад хүндэтгэлтэй хандах ёстой. Энэ тухай би өөртэй нь уулзаж нүүр рүү нь харж байгаад хэлсэн. Тэгэхэд “Та нар зөрчилтэй гэж үзэж шалгуулъя гэж байгаа компанийн нэрсийн жагсаалтыг гаргаж өг. Засгийн газраас холбогдох яамдын сайд нарыг оролцуулсан Ажлын хэсэг гарсан” гэж байна лээ. Тойргоос сонгогдсон гишүүн, дээр нь бид удаа дараа хандаж байсны хувьд өөрөө мэдэхийн дээдээр мэдэж байгаа шүү дээ. Ер нь бол нутаг орны, иргэд малчдын  аж амьдралын торгон асуудалд тоомсоргүй хандаж байгаа ийм УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах асуудлыг ч манай сумынхан дэвшүүлдэг. Эрхэм гишүүн үүнд дүгнэлт хийнэ биз. Дахиад хэлэхэд Ч.Улаан гуай та  Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэйгээ хөтлөлцөж очоод өөрсдийн нэр холбогдоод байгаа, нэрээр  нь овоглон хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж буй  АДАЭ кампани, газрын тосны “Макс ойл” компани гэх нэрээ   “Петро Матад” гэж өөрчлөн  иргэдийг төөрөлдүүлэн хайгуул явуулж эхэлсэн компаниудаа зогсоохыг шаардаж байгаагаа энэ ярилцлагаар дамжуулъя.

-Та Ч.Улаан сайдад хэлэв үү,  танаар болон Ерөнхий сайдаар овоглосон уурхай манай суманд ажиллаад байна, шалгаж, зогсоо” гэж?

-Хэлсэн. “Надтай холбоотой ганц ч уурхай байхгүй. Хэрэв тийм зүйл байвал би хар толгойгоороо хариуцна” гэж байна лээ.

-АДАЭ компани дээр ямар зөрчил байгааг жаахан тодруулна уу?

-Энэ компани газарзүйн хувьд маш далд газар байрладаг. Иргэдийг тийш нэвтрүүлдэггүй. Наймдугаар сарын дундуур очиж иргэд шаардаж байж дотогш нэвтрэхэд 100-130 м-ийн гүн хоёр том ам гаргасан байна. Гүний ус задарч дээш оргилон уурхайн ам усанд автсан, ямар ч бэхэлгээ байхгүй нуралт өгсөн байдалтай байсан. Тэнд ажилчдыг дөрвөн  цаг болгоод нүх рүү оруулдаг гэсэн. Аюулгүй байдал хангагдаагүй нөхцөлд олон хүний амь нас эрсдэхээр байгаа, мөн хятад ажилчдын тоо хэтрүүлснийг  шалгуулахаар аймгийн МХГ-т хандсан. Усны гэрээ, шинжилгээ, гэрээг хийгээгүй зөрчил илэрсэн. Энэ уурхай  бол аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар, УИХ-ын гишүүн Ч.Улаан, байгаль орчны байцаагч Амарсүрэн нарынх гэж овоглогдож явдаг.  Ийм сүлжээ холбоо цаана нь байдаг юм байлгүй.

Петро Матад ХХК-ийн өрмийн талбай

-Газрын тосны “Макс Ойл” компани бол хилийн зурвас дээр үйл ажиллагаа явуулж, “Хилийн торыг эвхэж тавиад өрөмдлөг хийж байна” гэж хэл ам таталж байсан биз дээ. Нэрээ өөрчлөөд, байршлаа ч солиод дахин хайгуул явуулж байгаа юм уу?

-Тийм. Анх “Макс Ойл” нэрээр орж ирж хилийн тавдугаар застав, Тарган тал /Уушийн тал ч гэдэг/ гэж нэрлэдэг, нутгийнхан өвөл цаг хүндрэхээр орж нутагладаг өнтэй сайхан нутагт өрөмдлөг явуулж эхэлсэн.  Нутгийн иргэд бид шаардаж байж, үйл ажиллагааг зогсоолгож хилийн торыг бүрэн болгуулсан. Тор татахад Засгийн газар төсөв гаргасан ч малчдаас бас хандив татсан. Гэтэл сүүлийн үед “Макс Ойл” компани нэрээ солин “Пето Матад” нэрээр манай  сумын IV багийн нутагт айлуудын дунд төхөөрөмжөө зоогоод ямар ч зөвшөөрөлгүй өрөмдлөг явуулаад эхэлсэн. Тэгээд “Засгийн газар  мэдэж байгаа. дээд дарга нарт бичиг баримтууд байгаа” гэж хэлдэг. Засгийн газрын шийдвэртэй, У.Хүрэлсүхийнх гэсэн яриа нутгийн иргэдийн дунд  яригддаг.Энэ уурхай  Засгийн газар, Ерөнхий сайдаар овоглон манай нутгийг сүйтгээд байгаа учраас Ерөнхий сайд У.Хүрэлсүх  өөрийн биеэр газар дээр нь очиж танилцаж, өөрийнх нь мөн бол хууль бус үйлдлийг зогсоо, биш бол  энэ уурхайг хааж нэрээ цэвэрлэж авах нь зүйтэй.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • 1 сар

    ХҮРЭЛСҮХИЙН ҮНЭН ДҮР ЦАРАЙ. ПОПУЛИСТУУД УГААСАА ИЙМ. БОГИНЫН ЗАЙД УЛСТӨР ХИЙЖ, АХАРХАН ЯРЬЖ СЭТГЭНЭ. БҮТЭХГҮЙ САЙХАН ЮМ ЯРЬЖ ОЛНЫГ ӨӨРТӨӨ ТАТНА. ӨӨР ЮМГҮЙ ШАЛДАН ГУЯНУУД

  • 1 сар

    Ерөнхий сайд ХХААХ Үйлдвэрийн сайд хоёр газар дээр очиж асуудалыг шийдэх болж дээ.Хэрэв сайдуудын нэрийг бариж байгаль сүйтгэж байгаа бол нэр төрөө сэргээлгэж лиценз зөвшөөрлийг хүчингүй болгож дээ.Үнэхээр Ерөнхий сайд яамны сайд хоёртой холбоотой бол уучлал гуйгаад Засгийн газар огцрох болж дээ.

Холбоотой мэдээ