Хилчдийн өдөрт 2000 гаруй ахмад хилчин оролцлоо

2019-09-18

Р.ОЮУН

Жил бүрийн есдүгээр сарын 17-ныг Хил хамгаалах байгууллагаас Хилчдийн өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг заншилтай. Энэ жил хил хамгаалах байгууллагын 86 жилийн ой, Хилчдийн өдөр, Олон улсын ахмадын баярын өдрийг нэгтгэн тэмдэглэж байгаагаараа онцлог байв. 1933 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Дотоодыг хамгаалах газрын харьяанд Хязгаарын цэрэг нэртэй байгуулагдсанаас хойш 86 намрыг ардаа үджээ. Эх орныхоо торгон хил, ард түмнийхээ амар тайвны манаанд зогсож буй хилчин дайчиддаа зориулж Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх Сүлдэт баганд цэцэг өргөлөө. Хүндэтгэлийн арга хэмжээнд 2000 гаруй ахмад хилчин оролцсон юм. Энэ үеэр хил хамгаалах байгууллагын Ахмадын хорооны тэргүүн, бэлтгэл дэд хурандаа Б.Баяраа “Эх орныхоо хилийг манасан хилчин бүр, тухайн үеийн гурван жилийн цэргүүд, офицер, ахлагч нарын толгойд хоногшсон ганц өдөр бол есдүгээр сарын 17 байдаг юм. Өнөөдөр 86 жилийн ойн босгон дээр хил хамгаалах байгууллагаас энэ сайхан өдрийг олон улсын ахмадын баяртай хамтатган тэмдэглэж байгаад баяртай байна. Сургууль төгсөөд алба хааж, хилийн отряд, заставт ажиллаж байгаад тэтгэвэртээ гараад 30-40 жил уулзаагүй хүмүүсийг цуглуулж дурсамжит уулзалт хийж байгаа нь сайхан байна. Мөн энэ тэмдэглэлт өдрийг тохиолдуулан ХЦДБЧ маань бүрэн бүрэлдэхүүнээрээ ирсэн байна” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.9.18  ЛХАГВА  №185  (6152)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ