“Монголын хөгжил бол жендерийн тэгш байдал”

2019-09-18

Ч.ОЛДОХ

“Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалт  өчигдөр  Төрийн ордонд боллоо.  Чуулганыг Монголын эмэгтэйчүүдийн холбооноос санаачилж,   аймаг, нийслэл, сум, дүүрэг болон ОХУ, Швед, БНХАУ, БУриад, Халимаг, Якут, БНСУ, Турк, АНУ, Казахстан зэрэг гадаадын 10 гаруй орны 1000 гаруй төлөөлөгч, зочид оролцов. Төрийн ордонд  янз бүрийн сэдэвтэй хурал зөвлөгөөн байнга болдог.  Үр дүн муутайхан болж өнгөрдөг тал бий. Харин энэ удаа эмэгтэйчүүд нийгэмдээ төдийгүй “Саарал ордон”-д  гэрэл асааж чадлаа. Тэд  асуудлыг тодорхой үндэслэл, тооцоо судалгаатай ярьж, саналаа хэлж, шийдэл хайж, гарц гаргалгааг дэвшүүлсэн юм. Чуулган  “Охид, эмэгтэйчүүдийн бэлгийн хүчирхийлэл, ”Шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоо”, “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн хараат бус байдал” гэсэн гурван сэдвийн хүрээнд болсон. Энэ дотроо улс төр, нийгэм, эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоо, тэдний эрхийг хангах чиглэлээр улс орнуудын сайн туршлагыг хуваалцаж, тулгамдсан  асуудлаа хэлэлцэж санал солилцох зэргээр өргөн агуулгыг хөндөв.

Чуулганыг  Ерөнхий сайд У.Хүрэлсүх  нээж үг хэлсэн. Тэрээр  улс орны хөгжлийг зөвхөн эдийн засгийн үзүүлэлтээр хэмжих бус  хүчирхийллээс ангид байх, эмэгтэйчүүдийн эрх болон жендэрийн тэгш байдлыг хангах нь хөгжлийн гол шалгуур болж байгааг онцолсон. Мөн цаашид охид, эмэгтэйчүүдээ ажилтай  орлоготой, айх аюулгүй, сайхан амьдрах нөхцөл, боломжийг бүрдүүлэхийн төлөө ТББ  болон иргэний нийгмийн байгууллагууд, ялангуяа Монголын эмэгтэйчүүдийн холбоотой нягт хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.

Монголын эмэгтэйчүүдийн байгууллага Азийн анхны эмэгтэйчүүдийн холбоо гэдгээрээ онцлог.  Тэгвэл өнөөдөр 95 жилийнхээ  ойгоор дэлхийн эмэгтэйчүүдийг урьж “Илүү сайхан ирээдүйн төлөө” хамтдаа чуулсан нь тус холбооны түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж байгааг тус холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл энэ үеэр тэмдэглэж байлаа.

 

Эмэгтэйчүүдийг дэмжсэн  төсөл, хөтөлбөр хэрэгтэй байна

Өнөөдөр эмэгтэйчүүдийн удирдсан аж ахуй нэгж, компаниуд бизнесийн салбарт амжилттай яваа  жишээ цөөнгүй. Санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр ч мөн адил. Банкнаас зээл олгох шалгуурыг ч  эмэгтэй удирдагчид сайн хангаж,  санхүүгийн болон зээлийн эрдслээ  нарийн тооцсон байдаг. Гэтэл төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, зээл тусламж олгох зэрэг асуудлыг шийдвэрлэх түвшинд эрэгтэйчүүд жин дардаг нь нууц биш. Иймд  өрхийн үйлдвэрлэл, ЖДҮ, гар урлал, газар тариалан, оюуны салбарт бизнес эрхэлж буй эмэгтэйчүүдийг төр бодлогоор дэмжих, чиглэсэн төсөл, хөтөлбөр, хүү багатай зээл олгох зэрэг дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэсэн байр суурийг чуулганд оролцогчид илэрхийлж, санал солилцсон юм. УИХ-ын гишүүн З.Нарантуяа “УИХ-ын түвшинд бодлого, шийдвэр гаргаж байгаа. Харамсалтай нь ЖДҮ-ийн зээл хүндээ очоогүй явдал гарсан” гэдгийг хэлж байв. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин “Банкууд зээл олгодог ч эмэгтэйчүүдийг дэмжсэн төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаагүй. Цаашид ийм  бодлого хэрэгтэй” гэв. Тэгвэл манай мөнхийн хоёр хөрш ОХУ, БНХАУ-д эмэгтэйчүүдийг дэмжих тусгай хөтөлбөрүүд төрийн тэргүүний  ивээл дор хэрэгждэг гэдгийг ОХУ-ын “За байкалье” эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Валентина Ивановна Подойницине, ӨМӨЗО-ны Хөх хотын Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Лиан Шуцин нар ярьж байна.

 

Ажлын байрны бэлгийн дарамт нэмэгджээ

 

Сүүлийн жилүүдэд хүчирхийлэл, тэр дундаа охид  эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл нэмэгдсэнийг судлаач, эрхзүйчид хэллээ. 2019 оны эхний дөрвөн сарын байдлаар хүчиндэх гэмт хэрэг 217 бүртгэгдсэний 51.4  хувь нь хүүхэд байгаа нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад  хохирсон хүүхдийн тоо 22.5 хувиар өсчээ. Гэмт хэргийн тоо нэмэгдэж байгаа нь тулгамдсан асуудал болоод байгааг оролцогчид анхаарууллаа. Энэ дотроо ажлын байрны бэлгийн дарамт өсч байгаа байгаа бөгөөд охид, эмэгтэйчүүдийн олонх нь  хэн нэгэн даргын дарамтад айж  бүлтэгнэн ажиллаж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн  орон тооны бус хуулийн зөвлөх,  хуульч, өмгөөлөгч Р.Булгамаа онцлов. Өмнө нь ажлын байрны бэлгийн дарамт учруулсан тохиолдолд хариуцлага тооцох заалт байсныг МҮЭ-ээс санал оруулж хасуулсныг сэргээх хэрэгтэй  ч дурдлаа. Мөн тэрээр охид, эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн этгээд ял завших явдал газар авсан, хохирогч бие махбодийн хохирол амсаад зогсохгүй сэтгэл санаагаар хохирч, гэр бүлийнхэн нь ч давхар хохирдог. Энэ нөхцөлд сэтгэл санааны нөхөн төлбөрийг төлүүлэх ёстой ч манайд бараг хэрэгждэггүй. Нөгөөтэйгүүр, насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн, амь насыг нь бүрэлгэсэн онц ноцтой гэмт хэргийг хүчингийн хэрэг хэмээн   зүйлчлэн  гэмт хэрэгтэн  ял завшуулах   гэж байсан явдал гарч байсан. Хохирогч сэтгэл санааны шок, мөнгө төгрөгний боломжгүйгээс  өмгөөлөгч авч чадаагүй   байхад насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлж, амь насыг нь бүрэлгэсэн гэмт хэрэгтнүүд өмгөөлөгч авчихсан байдаг зэрэг  асуудлууд байгааг дурдлаа. Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Оюундарь эдгээр асуудлыг хууль эрхзүйн түвшинд шийдэх ёстой. Гол үзүүлэлт нь монгол гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх хэрэгтэй. УИХ-ын түвшинд энэ асуудлаар эмэгтэй гишүүд  дуу хоолой болж ажиллана гэлээ.

 

Шийдвэрлэх түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсэн  ч хангалттай биш

 

Өнөөдөр Монгол Улсын үйлчилгээний салбарын ажилтнуудын 80 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Тэгвэл шийдвэрлэх түвшинд буюу  улс төр, төрийн захиргаа, удирдлагын чиглэлд энэ үзүүлэлттэй байдаг. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд  20 орчим  хувийг л эзэлдэг. Гэхдээ энэ нь сүүлийн жилүүд өссөөр ирсэн үзүүлэлт юм. Гэсэн ч манай улс 2017 оны байдлаар  жендерийн үзүүлэлтээр дэлхийн 144 орноос 107 жагссан.

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга хэлэхдээ  “Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн дуу хоолой ямар байв, эмэгтэйчүүд бодлого боловсруулах, хууль батлах  түвшинд шийдвэр гаргахад  нөлөөлж байгааг бодитой жишээнээс харъя. Нэгдүгээрт, Тамхины хяналтын тухай хуулийг тухайн үеийн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг санаачлан боловсруулж, чуулганаар батлуулсан. Сургуулийн орчинд тамхи худалдан борлуулахыг хязгаарлаж, бүх нийтээрээ хордох явдлын хүрээг хумисан. МАХН-ын хувьд Барилга, хот байгуулалтын сайдаар  анх удаа эмэгтэй сайдыг томилуулсан. З.Баянсэлэнгэ сайдаар ажиллах хугацаандаа  ТОСК-ийг байгуулж,  иргэдийг төрийн орон сууцанд хамруулах ажлыг гүйцэтгэсэн” гээд тус  нам 2012 оны  сонгуульд 12, 2016 онд 18 эмэгтэйг нэр дэвшүүлсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа эмэгтэй хүнийг нэр дэвшүүлж байсныг онцоллоо. АН-ын тухайд  өмнөх удирдлага нь ч, одоогийн дарга С.Эрдэнэ ч Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамыг нийгмийн халамжийн чиглэлээр олон ажлыг санаачлан хийсэн туршлагатай. Тус нам эмэгтэйчүүдийн  талаарх бодлогын асуудлыг  Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоогоор нь шийдүүлж ирсэн. Цаашид эмэгтэйчүүдийг дэмжиж ажиллана гэдгийг тус намын Хуулийн хэлтсийн дарга Д.Оросоо тэмдэглэсэн. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн зөвлөх, УИХ-ын гишүүн асан Д.Очирбат  хэлэлцүүлэгт  намаа төлөөлөн оролцсон юм. Түүний хувьд Жендерийн тухай хуулийг анх  УИХ-аар батлуулахад Байнгын хорооны  даргаар ажиллаж гол ачааг үүрч гарсан хүний нэг. Түүнтэй хамт тус хуулийг батлуулахын төлөө  УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ  бусдыгаа уриалж байсан  юм.  Ийнхүү тус хуулийг батлуулсны дүнд  2005 онд УИХ  3-5 эмэгтэй гишүүнтэй байсан бол 2012 оны сонгуулиар 12, 2016 онд 13 болж нэмэгдсэн. Ардын нам 2020 оны сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэднийг дэмжих чиглэлд  түүчээ болох зорилт тавьж байгаа гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.9.18  ЛХАГВА  №185  (6152)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ