Цагаан хоолтон гэр бүлийн охин тэжээлийн дутагдлын улмаас өсөлт нь зогсжээ

2019-08-23

Ж.ЦОГ

Австралийн цагаан хоолтон гэр бүл ой гарантай охиноо хоол тэжээлийн дутагдалд оруулсан талаар аймшигт хэргийг ВВС мэдээллээ. Өдгөө 30 настай энэ хост шүүхээс 18 сар хорих ял оноосон байна. Тэдний охин гурван настай боловч 19 сартай байхдаа л гурван сартай хүүхэд шиг харагдаж байжээ. Түүнийг эцэг эх нь овъёос, төмс, шарсан талх болон цагаан будаагаар хооллож байсан байна. Өнгөрсөн жил охиныг олж илрүүлэхэд түүнд нэг ч шүд ургаагүй байсан байна.

Өнөөдөр болсон шүүх хурлын үеэр Сиднейн Төв шүүхээс охины эцэг эхийг “Хүүхдээ үнэмлэхүй тэнцвэргүй хооллолтоор тэжээсэн” гэж буруутгасан юм. “Энэ хүүхэд асар их тэжээлийн дутагдалд орсны улмаас жингийн дутагдал, биеийн өсөлт зогссон зэрэг хүндрэлээр өвдсөн. Энэ бүхэн түүний амьдралын хамгийн чухал үед тохиосон нь бүр ч их санаа зовоож байна” хэмээн шүүгч Сара Хаггет хэлжээ.

Охиныг өнгөрсөн оны гуравдугаар сард ээж нь түргэн тусламж дуудсанаар олж илрүүлжээ. Эмнэлгийнхэн очиход охины уруул хөхөрсөн, гар хөл хүйтэн, цусан дахь сахар багассан, булчин багассан зэрэг хүндрэлтэй байсныг Австралийн хэвлэлийн зөвлөлөөс мэдээлсэн байна. Охин нь ийнхүү өсөлтийн аймшигт хүндрэлд ороод байхад аав нь юу ч хийгээгүйд шүүхээс ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа юм. “Эцэг эх бүхэн хүүхдийнхээ идэж буй хоол хүнсэнд онцгой анхаарч, тэжээллэг чанараар нь бүрэн хангах ёстой. Энэ нь эрүүл хүүхэд өсөх хамгийн чухал алхам нь юм” гэж ABC телевиз онцлов.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ