Хотын гудамжнаас олимпийн наадамд

2019-08-20

-Нэг жилийн дараа Токиод скейтбордингийн анхны медалийн төлөө өрсөлдөнө-

Д.ЭНХЭЭ

Калифорнийн серферүүдийн (далайн давалгаан дээр гулгагчид) дуртай зугаа цэнгэл Олон улсын олимпийн хороогоор хүлээн зөвшөөрөгдсөний дараа хэрхэн өөрчлөгдсөн, стрит, парк хоёрыг яагаад адилтгаж будилах хэрэггүй болон 2020 оны Олимпийн тоглолтод оросын хэн гэдэг тамирчдыг хөгжөөн дэмжих тухай tass.ru-т Полина Панинагийн бичсэнийг орчуулан хүргэж байна.

 

Калифорнийн эрэг дагуух асфальтан замаас Олон улсын олимпийн хороогоор(ОУОХ) хүлээн зөвшөөрөгдөх хүртэл 60 жилийн урт удаан хугацааг скейтбординг туулжээ. Анхны скейтерүүд спортын шинэ төрөл бодож олох зорилт огт тавьж байгаагүй болохоор тэд олимпийн наадамд оролцох том санаа өвөрлөж байсан нь юу л бол. Скейтийг эхэндээ далайн давалгаандээр гулгах боломжгүй үед, цагийг зугаатай өнгөрүүлэх өөр арга буюу наран шарлагын газар руу аль болох хурдан түргэн явж хүрэх хэрэгсэл болгон ашиглаж байсан. Уран гартнууд анх дугуйтай тэшүүрийг ердийн хадаасаар хайрцаг, банзанд барьж хадан асфальт дээр гулгахаар бэхэлгээ хийсэн явдал тухайн үедээ шинийг сэдэж, зохион бүтээх арга ухааны ид шидийг харуулсан хэрэг байлаа. Тэр үетэй харьцуулах юм бол одоо скейтийг гол төлөв долоон үе бүхий канад царсан фанераар үйлдэх болсон бөгөөд шаардлагатай хөндлөн болон тууш хотгор гүдгэр нум гаргахын тулд тусгай шахуурганд хэд хоног хавчуулдаг. Дүүжин гол, дугуй, жийргэвч (подшипник), тавцангийн дээд талын өнгөн хучилт (тавцантай сайн барьцалдах зүлгүүр цаас) зэрэг нь тус тусдаа өөр өөрийн үзүүлэлттэй бөгөөд олон хувилбартайгаар үйлдвэрлэдэг.

Скейтбордыг төгс төгөлдөр болгох ажил ээлж дараатай аажмаар явагдсан бөгөөд тавцангийн хамт тамирчдын техникийн чадвар дадал, эв дүй хөгжин дээшилж, шинэ шинэ үйлдлүүд (трюки) бий болж, спортын нэг цул төрөл дотроо хэд хэдэн арга маягт хуваагдах болсон. Хэсэгхэн тэгш асфальт, тавцан хоёр байхадл хангалттай хамгийн энгийн зүйл шаардах хавтгай тэгш гадаргуу дээр хийх үзүүлбэр (трюк) одоо хамгийн түгээмэл үйлдлийн нэг болж үлджээ. Хотын нөхцөлд стрит (гудамж) төрөл арай түлхүү хөгжсөн бөгөөд шат дамжин үсрэх, шатны бариул, байгууламжийн булан, ирмэг захаар гулгах зэрэг нь энэ төрөлд хамаарна. Тохиромжтой цаг агаартай үед цагийг ийнхүү өнгөрүүлж байгаа хүүхдүүдийг оросын ямар ч томоохон хотын гудамжинд ажиглаж болно.

Токиогийн Олимпод тэмцээн стрит болон парк төрлөөр болно.Гэхдээ энэ бол эхнийхэд нь тамирчид хөл хөдөлгөөн ихтэй японы гудамжинд шат, шатны бариул дамжиж, хоёр дахь төрөлд нь амралтын паркийн асфальтан замаар уралдаж гулгана гэсэн үг хараахан биш л дээ. Стрит болон паркийн аль алиных нь хувьд скейт-парк хэмээн нэрлэдэг спортын тусгай обьектыг барьж бүтээж байгаа, гэхдээ төрлөөс хамаарч байгууламжийн гадаргуу(рельеф), тэнд байх овор хэмжээтэй саадууд өөр хоорондоо эрс ялгаатай.

Стритэд зориулсан скейт-паркийнзорилт бол тамирчин хотын орчин нөхцөлд гулгалт хийж үзүүлэх ердийн гудамжийг санагдуулах явдалюм. Тэмцээн явагдах бүсэд бариултай шат, боксууд (саад), ирмэгүүд зэрэг хотын ландшафтад бодитой үзэж харж болох зүйлийг барьж байгуулж бүрдүүлнэ. Зарим саадыг үсэрч харайж давдаг хэдий ч стритийн гулгалт гол төлөв хэвтээ чиглэлд явагдана.

Паркийн гулгалтыг пул, боул гэж нэрлэдэг радиустай саадууд дээр хийнэ. Тамирчин энд нисэлт үзүүлж, пулын ирмэгээр тэшиж, радиус ихтэй газраар гулгана. Энэ тохиолдолд скейт-парк ёроолыг нь дугуйлж, усыг нь шавхаж, гадаргууг нь бетондсон усан санг (бассейн) санагдуулна. Калифорнийн ус нь ширгэж хатсан бассейны хана, ёроолоор скейтерүүд анх гулгаж эхэлснээр спортын энэ төрөл үүсэх болсон билээ. ОХУ-д ийм парк ховор байдаг болохоор стрит төрөл нь илүү түлхүү хөгжсөн ажээ.

“Паркийн төрөлд зориулсан өндөр төвшний нэг ч обьект ОХУ-д байхгүйнь харамсалтай. Боулууд байгуулж байгаа хэдий ч одоохондоо бүгд анхан шатны төвшнийх. Тийм болохоор яг паркийн төрлөөр Олимпийн тоглолтод шалгарах боломж бидэнд бага байна. Стритийн хувьд байдал илүү сайн, манай оронд хүчтэй хөгжсөн” хэмээн скейтбордингийн ОХУ-ын холбооны ерөнхий захирал Александр Поцелуев үзэж байна.

Нэг тамирчин стрит, паркийн төрлийн аль алинд оролцож болно. Сонирхогчдын төвшинд скейтбордчин бүр аль алинаар нь заавал гулгаж үздэг. Өндөр дээд амжилтын спортын төвшинд харин ялгаа маш хүчтэй мэдрэгдэнэ, гэхдээ хоёр төрлийн аль алинаар тэмцээнд оролцохыг тамирчдад хориглодоггүй.

 

Олимпийн ээдрээтэй сонгон шалгаруулалт

Олон улсын роллер спортын холбооны нарийн дүрэм журмын дагуу болдог албан ёсны тэмцээнүүд бүхий спортын төрөл мөн гэдгээ скейтбординг харьцангуй саяхнаас харуулж эхэлсэн. Үүнээс өмнө энэ төрөл сонирхогчдын экстремал соёлын хэмжээнд удаан хугацаанд оршсон, гэхдээ мэргэжлийн төвшинд хамгийн туршлагатай, техниктэй райдерүүд тэмцээнд оролцдог байжээ. Скейтбординг спортын төрлийн статустай болох хүртэл тамирчид, сонирхогчдын хүрээнийхний хүндлэл хүлээж амжилттай зохион байгуулагдаж байсан,өнөөг хүртэл хадгалагдаж үлдсэн түүхэн тэмцээнүүд бол чухамдаа арилжааны  уралдаанууд юм. Тийм тэмцээний нэгэнд, жишээлбэл, Street League Skateboarding хэмээх томоохон лиг хамаарна. Энэ төрлийн тэмцээнийг олимпийн сонгон шалгаруулалтын хөтөлбөрт оруулсан явдал скейтбордингийн том амжилт болсон ажээ.

Тэмцээний албан ёсны хэсгийг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүд бүрдүүлнэ. Стритийн төрлөөр дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа 2018 оны арваннэгдүгээр сард Рио де-Жанейрод, паркийн гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2019 оны нэгдүгээр сард хятадын Нанкинд тус тус болсон. Хоёр тэмцээн хоёулаа сорилын горимоор болж өнгөрсөн бөгөөд тэмцээний дүн олимпийн чансаанд орохгүй.Харин дараа дараагийн тэмцээнд түрүүлсэн тамирчдад 2020 оны тоглолтод оролцох эрх олгоно.

“Олимпийн тоглолтод төрөл тус бүрээр 20 хүн өрсөлдөнө, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналтнууд автоматаар шалгарна, Олимпийг зохион байгуулагч Япон улс төрөл бүрт нэг нэг тамирчин оролцуулах эрхтэй, бусад нь чансаагаар олимпийн эрх олж авна. Чансаанд дэлхий, тив, үндэсний аварга шалгаруулах болон нэр хүндтэй арилжааны (таван одтой) тэмцээнд үзүүлсэн амжилтын оноо тооцогдоно. Улс орон бүрээс төрөл тус бүрт гурваас илүүгүй хүн, тэгэхдээ бүх тивээс тамирчдын төлөөлөл байх ёстой” хэмээн Поцелуев ТАСС-т тайлбарласан.

Олон улсын томоохон тэмцээнүүдээс World Cup Skateboarding-ийн цомын аварга шалгаруулах үе шатны тэмцээн жил бүр ОХУ-д болдог бөгөөд өнгөрсөн есдүгээр сард Москвад зургаа дахь тэмцээн болсон. Тэмцээнийг энэ жил зохион байгуулах хугацааны тов хараахан тодорхой болоогүй байна. Мөн түүнчлэн тэмцээнд оролцогчдод олимпийн эрхийн урьдчилсан шатны оноо тооцох санаачилга зөвшилцлийн төвшинд байгаа. Ийм оноог мөн үндэсний аварга шалгаруулах тэмцээнээс ч авч болно.

“ОХУ-д бид стрит, паркийн төрлийн аль алинаар аваргаа шалгаруулдаг.Түүнчлэн стритийн төрлөөр ОХУ-ын цомын аварга шалгаруулах тэмцээн болдог, гэхдээ энэ тэмцээний зорилго нь бүс нутгийг спортын энэ төрөлд татан оролцуулахад оршдог. Одоогоор скейтбординг зөвхөн Москва, Санкт-Петербург хоёрт л илүү түлхүү хөгжсөн, бусад мужийг татаж оролцуулмаар байна” хэмээн Поцелуев онцлов.

Скейтбордингийн ОХУ-ын холбооны ерөнхий захирлын хэлснээр стритийн төрлөөр Олимпийн тоглолтод оролцох бодит боломж Екатерина Шенгелия, Ксения Маричева нарын бүсгүйчүүлд байгаа ажээ. Эрэгтэйчүүдийн хувьд дэлхийн төвшинд өрсөлдөөн маш хүчтэй, гэхдээ Константин Кабанов, Егор Голубев нар Олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө. Бразил, америк, японы тамирчид түрүүлэх магадлалтай гол тэргүүлэгч нар юм байна.

 

Шүүгчдийн шалгуур үзүүлэлтүүд

 

Тамирчны хийж гүйцэтгэсэн үзүүлбэрийг шүүгчдийн зөвлөл үнэлнэ, гэхдээ скейтбордингэд тамирчин байсан хүн заавал шүүгч болох албагүй, скейт-индустрийн хүмүүс гол төлөв шүүгчээр ажилладаг. Шүүгчдийн зөвлөлийн бүрэлдэхүүнд: – ерөнхий шүүгч, түүний орлогч, техникийн шүүгч, оноо, эсэргүүцэл, тэмцээний дүрэм журмыг зарлаж мэдээлдэг мэдээлэгч шүүгч орно.Паркийн төрөлд үнэлгээг 100 онооны системээр дүгнэж гаргана. Дээд төвшинд: 80-100 оноо, дундаж нь 50-79 оноо байна. Стритийн үнэлгээг 10 хүртэл оноогоор дүгнэх бөгөөд дээд төвшинд8-10, дундаж нь 4-7,9 оноо байна. Тамирчин  юу чаддагаа бүрэн харуулахын тулд хоёр удаа тус бүр 45 секундэд үзүүлбэр гүйцэтгэх боломжтой.

Үнэлгээ маш нарийн шалгуур үзүүлэлтийн дагуу явагдана, тэдний зарим нь голлох үүрэгтэй. Шүүгч нар юуны өмнө хийж байгаа үзүүлбэрийн (трюкийн) нарийн төвөгтэй байдлыг үнэлдэг. Үүнд гүйцэтгэсэн үйлдлийн үнэлгээ, саадын сонголт, үйлдэл болон элементүүдийг давтаж гүйцэтгэсэн байдал зэрэг хамаарна. Тухайлбал, оноо буурахад хүргэх учир нэг оролдлогын явцад нэг үйлдлийг олон дахин давтахыг зөвлөмж болгодоггүй. Өндөр оноо авахын тулд хэд хэдэн янзын үйлдлийг сонгох хэрэгтэй.

Дараагийн чухал үнэлгээ бол гүйцэтгэлийн оноо. Үүнд тамирчны газардах чанар, үсрэлтийн өндөр, хурд зэрэг бодит үзүүлэлтээс гадна тэшилтийн чанар, хэв маяг, эрч хүч, дайчин чанар зэрэг субьектив үзүүлэлтүүд ч бас орно. Тавцан дээр хөлөө байрлуулж байгаа байдал, тавцанг гараар хэрхэн барьж байгаа, гарын хөдөлгөөн зэргээр тэшилтийн хэв маягийг үнэлдэг.

Гүйцэтгэсэн үйлдлийн (трюкийн) тоог тусад нь үнэлнэ. Скейтер аль болох олон үйлдэл үзүүлэх нь сайн хэдий ч үйлдлийн хэцүү төвөгтэй байдал, хөтөлбөрийн хүмүүст төрүүлэх сэтгэгдэл зэргийг мартаж болохгүй. Ерөнхий дүнг гаргахад олон янз байдлын үнэлгээнээс илүү тухайн хөтөлбөрийн нарийн төвөгтэй байдлын оноо илүү жин дардаг.

 

Спортын хөгжилд скейтбордингийн оруулсан хувь нэмэр

ОХУ-д скейтбордингийг Бүх оросын спортын төрлийн цэс бүртгэлд 2007 онд оруулсан бөгөөд арван жилийн дараа олимпийн төрлийн статустай болсон. Ийм өөрчлөлт скейтбордингэд мэдэгдэхүйц ашиг тус авчирсан хэмээн Александр Поцелуев онцолж байна.

“Скейтбординг спортын статустай болсны гол ач тус, үр дүн нь манай тамирчид олон улсын тэмцээнд оролцдог болсон явдал. Урьд нь ивээн тэтгэгч олж чадсан ганц хоёрхон тамирчин л ямар нэг тэмцээнд явж оролцдог байсан. Street League Skateboarding-д оролцоно гэдэг санахын аргагүй, хаалттай клуб байсан бол одоо энэ тэмцээнд манай хүүхэд залуучууд оролцдог болсон. Есийн клуб гэж бас бий, энэ бол шүүгчдээс есөн оноо авсан тамирчид оролцдог өндөр төвшний тэмцээн, гэхдээ Костя Кабанов маань саяхан 8-8,5 оноо авсан, энэ бол маш өндөр амжилтын үзүүлэлт. Ийм төрлийн тэмцээнд оролцох боломж байгаа гэдгийг хүүхэд залуучууд маань ойлгож байгаа” хэмээн Поцелуев тайлбарлав.

Скейтбордингийн хувьд онцлох өөр нэгэн шинэ зүйл бол ОХУ-ын шигшээ баг бүрдэж, дасгалжуулагчдын штаб ажиллах болсон явдал. Скейт-индустрийн хувьд дасгалжуулагч ажиллах уламжлал байгаагүй, гэхдээ нөхцөл байдал өөрчлөгдөж байна. ОХУ-ын шигшээ баг одоо Москвагийн спортын хорооны харьяа Спортын технологийн төвд бэлтгэл сургуулилт хийж байна, бэлтгэл сургуулилтын нэгдсэн стандарт одоогоор хараахан байхгүй болохоор шигшээ багтай ажиллана гэдэг мэргэжилтнүүдийн хувьд өвөрмөц нэгэн сорил шалгалт ажээ.

Оросын шигшээ багийн дасгалжуулагчдын штабт биеийн ерөнхий бэлтгэлийн мэргэжилтэн, эмнэлгийн ажилтнууд орохоос гадна спортын ганцаарчилсан төрөлд оролцож байгаа тамирчинд үйлдлээ маш чанартай хийж гүйцэтгэх, сэтгэл санаагаа төвлөрүүлэх явдал маш чухал учраас спортын сэтгэл зүйч мөн ажилладаг. Үүнээс гадна тамирчин бүх элементийг алдаагүй цэвэр гүйцэтгэх ёстойгоос гадна ямар үйлдэл (трюк) үзүүлбэл илүү ашигтай, аль нэг нөхцөлд зориг гаргах хэрэгтэй эсэхийг маш хурдан тооцоолох шаардлага гардаг учраас тэшилтийн техник, тактикийн бэлтгэлийг сайн хэрэгтэй болдог.

Спортын өндөр дээд амжилтаас гадна нийтийн спортын хөгжилд спортын энэхүү шинэ статус тус нэмрээ үзүүлсэн. “ОХУ – ын аварга шалгаруулах болон улсын цомын тэмцээн гэх мэт шинэ тэмцээнүүд бий болж, шинээр скейт паркууд байгуулагдаж байна. Скейтбордингэд илүү их анхаарах болж, спортын энэ төрлийн талаар улам олон хүн мэддэг болж, хүүхдүүд энэ спортоор олноороо хичээллэж эхэлж байна. Олимпийн тоглолтын дараа энэ спорт олны хүртээл болох ажил улам эрч хүчтэй явагдана гэж бид хүсэн хүлээж байна” хэмээн Поцелуев ТАСС – тай хийсэн яриагаа өндөрлөв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.8.20  МЯГМАР  №165  (6132)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ