Долоо хоногийн фото тойм

Л.Батдорж

2019-08-18

Даваа гариг 8 сарын 12

Б.Чойжилсүрэнгийн компанийн лицензийг цуцаллаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх шуурхай хуралдаан зарлаж, хуулийн байгууллагын удирдлагуудад үүрэг даалгавар өгөв.  Тэрээр энэ удаа Тост, Тосон бумбын ордтой холбоотой асуудлыг “онилж” тусгай зөвшөөрлийг нь цуцлахыг даалгалаа. Уул уурхайн сайд Д.Сумъяабазар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн болон бусад холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийж энэ асуудлыг шийдвэрлэхээр болов.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ үеэр “Монгол төрд байгаа зарим нэг хүмүүс уул, ус хилэгнүүлж, ард түмнийг уйлуулж байна. Гурвантэс сумын иргэд уйлаад ярьж байгааг та бүхэн харсан байх. Тэд төрөөс юм гуйгаагүй. Зөвхөн газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг л хамгаалж үлдэх гэсэн. Ард түмэн газраа ухуулахгүй гэж байхад яагаад энэ газрыг ухаад байгаа юм бэ. Үүнийг анхнаасаа хууль зөрчиж олгосон гэж ойлгож байгаа. Үүнтэй нэр холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнд би хэд хэдэн удаа анхааруулж хэлсэн” гэлээ.

Мягмар гариг 8 сарын 13

Байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн хувьсах зардлыг төр даана

Улсын хэмжээнд энэ онд 20 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй гэртээ үлдэх албан ёсны тоо бий. Нэгэнт төрөөс цэцэрлэгийн насны хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулж чадахгүй байгаа учраас байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг дэмжиж, олноор бий болгох шаардлагатай байгаа юм.

Тиймээс БСШУСЯ, МҮХАҮТ хамтран “Байгууллагын цэцэрлэгийг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэл” уулзалтыг өчигдөр зохион байгууллаа. Энэ уулзалтад үндэсний хэмжээний томоохон аж ахуйн нэгжийн төлөөлөл, дүүргүүдийн боловсролын газрынхан оролцож санал бодлоо солилцлоо.

Лхагва гариг 8 сарын 14

Үндсэн хуулийн өөрчлөлт хэнд ашигтай вэ?

“ТВ-9” телевиз “Үндсэн хуулийг өнгөцхөн засах уу, үндсээр нь өөрчлөх үү?” цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа билээ. Ээлжит хэлэлцүүлэгт Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Д.Бямбасүрэн, МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн Л.Болд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга нар оролцож, “Үндсэн хуулийн өөрчлөлт хэнд ашигтай вэ” сэдвийн хүрээнд ярилцав.

Пүрэв гариг 8 сарын 15

Бизнес эрхлэгчид ЖДҮХС-гаас 12.6 тэрбумын зээл хүсчээ

ЖДҮХС-гаас урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд 20-100 сая төгрөгийн зээлийн сонгон шалгаруулалт явагдаж байна. Сонгон шалгаруулалтад 101 иргэн, аж ахуй нэгж 12.6 тэрбумын зээл хүссэн бөгөөд үүнээс төслийн шаардлага хангасан 59 иргэн аж ахуй нэгж сүүлийн шатны сонгон шалгаруулалтад оролцсон юм. Энэ жилийн хувьд төслийн сонгон шалгаруулалтыг “youtube channel” сувгаар шууд дамжуулж оролцож буй иргэд  хянаж байгаа юм.

Баасан гариг 8 сарын 16

Хаадыг оршуулсан Хориг уулнаас ваартай өрөм олжээ

Монголын үндэсний музей жил бүр археологийн судалгаа, малтлаг явуулдаг. Сүүлийн хоёр жилд хийсэн малтлагынхаа үр дүнг өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Монголын үндэсний музей, АНУ-ын Питсбургийн их сургууль, Америкийн Монгол судлалын төвтэй хамтран Дархадын хотгорын сав нутагт археологийн судалгааны “Умард Монгол” төслийг хамтран хэрэгжүүлдэг.

Төслийн багийнхан  Монголын эзэнт гүрний язгууртнуудтай холбоотой цоо шинэ олдворуудыг илрүүлжээ. 700-800 жилийн тэртээ мөнх цэвдэгт тэс хөлдүү хадгалагдсан гурван ваар дүүрэн өрөм, нэг ваар дүүрэн шар тос нь Монголын төдийгүй дэлхийн археологийн судалгаанд нэн ховор нээлт болж байгааг судалгааны багийнхан онцлон хэллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ