Агаарын чанарыг сайжруулах журмыг зөрчвөл хариуцлага тооцно

2019-08-17

Т.САЙХАН

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, нийслэлийн Засаг дарга хамтарсан захирамжаар Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмыг шинэчлэн баталлаа.

Энэхүү журмаар сайжруулсан хатуу түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, борлуулалтыг иргэдэд хүргэх зохицуулалт, тухайлбал агаарын чанарыг сайжруулах бүсийн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хэрэгцээнд шаардлагатай сайжруулсан хатуу түлшний үйлдвэрлэлийн асуудлыг Эрчим хүчний яам, түүний нийлүүлэлт, борлуулалтын сүлжээг нийслэлийн Засаг даргын Тамгын газар хариуцахаар томъёолж өгсөн.

Мөн дулаан үйдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн өөрөөр хэлбэл халаалтын зуух эрхлэгчдийн үйлдвэрийн нормативын дагуу түлшний хэрэглээг нь тооцож түүхий нүүрс тээвэрлэх зөвшөөрлийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, түүхий нүүрс  хэрэглэхийг зөвшөөрсөн хороодын хэрэглээг сар бүрээр тооцож, тухайн нутаг дэвсгэрт байгаа иргэн, хуулийн этгээдийн хэрэгцээт түлшний тээвэрлэлтийн зөвшөөрлийг тухайд хороодын засаг дарга нарын тодорхойлолтыг үндэслэн нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар олгохоор тус тус заасан.

Хяналтын арга хэмжээний зохион байгуулалтыг төрийн захиргааны төв байгууллага, бүх шатны Засаг дарга, холбогдох чиглэлийн улсын байцаагч, цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагч нар иргэд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны орон тооны бус ажилтан, хэсгийн ахлагч нартай хамтран  хяналт тавьж гэм буруутай этгээдэд Агаарын тухай хууль болон Зөрчлийн тухай хуулиар хариуцлага ногдуулна.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ