Үндсэн хуулийг шинэчлэн найруулах асуудлаар 14 нам Ерөнхийлөгчид хандлаа

2019-07-24

Ч.ОЛДОХ

Парламентад суудалгүй намууд, зарим иргэний хөдөлгөөнтэй  хамтран Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт бус шинэчилсэн найруулга хийх ёстой гэсэн байр сууриа нэгтгэн Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барихаар албан бичигт гарын үсэг зурлаа. Мөн Үндсэн хуулийг өөрчлөх хэлэлцүүлгийг ил тод, нээлттэй  байлгах шаардлагыг  тавьж, олон талыг оролцоог хангасан мэтгэлцээн явуулж өгөх хүсэлтийг  УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, МҮОНРТ-д бичгээр хүргүүлэхээр болов.

Тэд санал, албан хүсэлтээ өнөөдөр Төрийн ордонд болж байгаа хэлэлцүүлгийн үеэр гардуулах  юм байна.

УИХ болон Ерөнхийлөгчийн Тамгын газраас   Үндсэн хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай  Д.Лүндээжанцан нарын  62 гишүүний өргөн барьсан төсөл,  Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл, саналыг нэгтгэх гурав дахь хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд хийж байгаа юм. Эхний хэлэлцүүлгийн дараа Ерөнхийлөгч Х.Баттулга улс төрийн намуудын төлөөлөлтэй уулзсан бөгөөд саналаа нэгтгэж өгөхийг хүссэн.  Төрийн тэргүүний хүсэлтийн дагуу улс төрийн намууд байр сууриа нэгтгэж өгч байгаа гэв.

Парламентад суудалгүй намууд, зарим иргэний хөдөлгөөний зүгээс Үндсэн хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэг нь Журмын тухай хуулиа зөрчсөн, хоёр намын үзэл бодлыг шингээсэн, эрх мэдэл бүхий этгээдүүд өөрсдийн байр суурийг бэхжүүлэх гэсэн явцуу хүрээнд хийгдэж байгаа тул эсэргүүцэж байгаа гэдгээ онцолж байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ