Д.Түвшинсайханы хэлсэн 10 эшлэл

2019-07-24

Р.ОЮУН

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Манай сонины 2019 оны долдугаар сарын 22-ны өдрийн зочноор Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач, Соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч Д.Түвшинсайханы урлагийн салбарыг тодорхойлсон 10 онцлох эшлэлийг хүргэж байна.

-Морин хуурын чуулгад зориулсан бүтээл үндсэндээ Н.Жанцанноров, Б.Шарав гээд хязгаарлагддаг. Монголыг илэрхийлж, дэлхийн түвшинд гаргачихаар бүтээлүүд тэр бүр төрөхгүй байна. Сүүлийн үед Ш.Өлзийбаяр, Цэн.Эрдэнэбат гэсэн хөгжмийн зохиолч орж ирж байна.

-Морин хуурын чуулга гэлтгүй Үндэсний их найрал хөгжим ч юм уу, симфони найрал хөгжимд монгол хөгжим байна гэж танигдахаар хөгжим бичээд өгвөл өөрсдөө ч гэсэн ур чадварын хувьд амархан ахиж хөгжөөд явна шүү дээ. Монголын хөгжмийн гол онцлог бол тансаг, аялгуулаг байдаг. Гэхдээ бид одоо хэт аялгуулаг гэхээсээ илүү хөгжимчдийнхөө ур чадварыг дээд зэргээр шавхсан, жинхэнэ хөгжмийн боловсролыг үзэгчдэд олгох хөгжим рүү хандаж эхэлж байгааг хэлэх ёстой.

-Хөгжмийн урлаг гэлтгүй бүх салбар даяарчлалд хамрагдаж байгаа энэ үед бид зөвхөн Чингисээ яриад, ахуйгаа гайхуулаад омогшоод сууж болохгүй. Дэлхийн хөгжмийн урлагийн хурдтай монголчууд эн зэрэгцэж яваа шүү гэдгийг харуулмаар байна.

-Аливаа улс орон урагш тэмүүлж, ирээдүй рүүгээ явдаг. Гэтэл бид өнгөрсөн түүхээ санагалзан дурсаж, ухрах маягийн хандлага их гаргадаг. Тухайлбал, бид морин хуураа үүрээд найр хэсээд дуулж, хуурдаад яваад байвал ямар байх вэ. Бид орчин үеийн Монгол харагдмаар байна шүү дээ.

-Хүнийг ажилдаа дуртай, идэвхтэй байхыг юугаар татах вэ гэхээр сайн зохиолоор л татна. Сонирхолтой гэхээсээ илүү хөгжмийн нарийн мэргэжлийн хүмүүст сайн зохиол хэрэгтэй байдаг. Соёл, урлаг бүрэн бүтэн байж улс орон дархлаагаа барьдаг. Нэр хугарахаар яс хугар гэдэг шүү дээ.

-Манайх чинь Монгол Улсыг төлөөлөх нүүр царай учраас эхлээд зөв хүн байх ёстой. Дараа нь хөгжимчдийн чадварыг нь харна. Үндэсний урлагийг хөгжүүлэхэд ур чадвартай байхаас гадна сэтгэлтэй байх ёстой. Улсын хөгжил ухамсраас эхэлдэг юм болов уу.

-Манайд 20 уртын дууч дуулж байхад хоёр нь л микрофоноо бариад үмхчихдэг. Энэ нь ахалж байгаа хүмүүстэй холбоотой. Тэр хүмүүсээс сурч байгаа хүмүүс ийм л зүйлийг өвлөж авна.

-Бид цагаан сар, наадам болохоор морин хуур, уртын дуу, шинэ жил болохоор тийм дуу гэдэг ойлголтоос гарах гээд яваад байна. Гэрийн хоймроос тайзнаа аваачаад дэлхийд гаргачихсан морин хуурыг дэлхий сонсоод болсон байхад бид зөвхөн цагаан сар, наадмаар л сонсдог. Тиймээс том ухамсар ярихаас илүү эхлээд энэ ойлголтоос гарах нь чухал.

-Аялал жуулчлалыг хөгжүүлье гээд байгаа хэрнээ системийн хувьд хуучнаараа л явж байна. Тухайлбал, амьдрал үргэлжлэхгүй юм шиг бид долдугаар сарын 15-наас есдүгээр сарын 1-нийг хүртэл амардаг. Хүмүүс нь ч гэсэн ингээд сурчихсан.

-Нэг насаа хөгжимд зориулсан, 20 гаруй жил хөгжимдсөн ч Соёлын тэргүүний ажилтан аваагүй хүмүүс бий. Гэтэл дуучид, бүжигчид энэ шагналыг нь аваад, хэдэн хөгжимчид нь хуруугаа цэврүүтүүлээд үлддэг. Гэтэл бүх юмны суурь нь хөгжим. Сайхан үг, дүрс хоёроор юм агуулж болохгүй.

Эх сурвалж: www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ