“Бид мартахгүй”

2019-07-18

Ч.ОЛДОХ

Дөнгөж сургуулиа төгсч дэслэгч цолоо зүүсэн, зарим нь  аав болж амжаагүй  анхил залуухнаараа хорвоогоос буцсан  цагдаагийн албан хаагч хэчнээн олон юм бэ.  “Төр, ард түмнийхээ амар тайван амьдралын  төлөө зүтгэе” хэмээн  тангараг өргөн албандаа мордсон эрэлхэг хөвгүүд минь яагаад эргэж ирсэнгүй вэ. Араас нь нэхэж үзэх нь ээ, албан үүргээ гүйцэтгэж яваад осолдсон, бусдын амийг авраад өөрөө үрэгдсэн, алуурчдын гарт алтан амиа алдсан гэх гашуун мэдээ, эмгэнэлийн хуудас  үлдсэн байх юм. Үүргээ гүйцэтгэж явсан төрийн цагдаагийн аминд хүрсэн алуурчдыг олж хариуцлага тооцсон нь цөөнгүй  ч өдгөө   18  жил өнгөрчихөөд  байхад аймшигт хэргийг илрүүлж чадаагүйтохиолдол  бас байдаг аж.

Монгол Улсын цагдаагийн байгууллагын хэмжээнд өнгөрсөн хугацаанд 70 гаруй албан хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан судалгаа байна. Үүний 15 нь Тээврийн цагдаагийн албан хаагч байжээ. Тэр тоолонд нэгэн гэр бүлийн хоймор эзгүйрч, алаг үрс өнчирч, аваал хань бэлбэсэрч, ээж аав элгэн садангийнх нь элэг эмтэрч хоцорсон гэхээр энэ салбарт ямар тохиосон хагацал хийгээд харуусал гуниг  өчнөөн. Тиймээс Монголын цагдаагийн байгууллагаас жил бүр “Бид мартахгүй” өдөрлөгийг зохион байгуулж улс орон, ард түмнийхээ  төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв  журмыг сахиулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах үүргээ нэр төртэй биелүүлж яваад алтан амиа алдсан алдартнуудынхаа дурсгалыг хүндэтгэн дурсаж, ар гэрийнхэнтэй нь уулздаг.

Тээврийн цагдаагийн албаны хувьд  2007 оноос эхлэн  албан үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан алба хаагчдаа дурсч хүндэтгэл үзүүлэх,  шинэ залуу үедээ болгоомж сэрэмж чухал болохыг мэдрүүлэх “Хатан зориг, халуун сэтгэлийг тань бид  мартахгүй” өдөрлөгийг  зохион байгуулж иржээ. Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан, Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат, албаны зөвлөлийн гишүүдийн зүгээс өчигдөр  тус өдөрлөгийг 2018 онд тус албанд шинээр томилогдсон алба хаагчид болон амь эрсэдсэн алба хаагчдын ар гэрийнхний хамтаар зохион байгуулав.

Нулимс, дурсамж, бодол  эргэцүүлэл гээд олон өнгөөр тунарч сүлэлдсэн “Бид мартахгүй”-гээс нийгэм маань, залуу хойч үе маань бас олныг ойлгож авах учиртай. “Хэрэв би цагдаа байсан бол” гээд бодоход ч, шударга иргэний хувьд ч бурууд нүд хурц байж шаардлага тавихгүй өнгөрч чадна гэж үү. Цаашлаад, таны хүү  эсвэл дүү   цагдаа байгаад  хэн нэгэн гэмт этгээдэд хууль сахиулахаар шаардлага тавьсныхаа төлөө юм уу, гэмт хэргийг илрүүлэх гэж яваад алтан амиа алдаж гэмээ нь  танд юу бодогдох бол. Төрийн дор төрж, хуулийн дор амьдардаг нэг л үнэн бидэнд бий. Гэтэл зарим нь  залуу насны ааг омог, зарим нь бор дарсны халуунд хууль зөрчиж, давраад шаардлага тавьсан цагдаагийн албан хаагчийн аминд хүрсэн бусармаг хэрэг өдүүлдэг нь харамсалтай. Ухамсрын доройтол, хүмүүжилгүйн балгаас шаардлага тавьж, дүрэм журам сануулсан цагдаагийн биед халдаж гэмтээсэн хэргүүд ч гардаг байна. Хувийн өчүүхэн өс хонзонгоор аминд нь хүрсэн, зориуд санаатайгаар үйлдээд ул мөрөө балласан аймшигт хэрэг  цөөнгүй. Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан цагдаагийн ар гэрийнхний  яриа уншигч танд нэгийг бодогдуулж, хоёрыг сануулах биз ээ.

 

С.Уранчимэг/ Д.Ганбат агсны гэргий/:

Хань минь онц ноцтой гэмт хэрэг илрүүлснийхээ дараа бусдын гарт амиа алдсан

 

-Элэг эмтэлсэн аймшигт хэргийг эргэн сануулж,  хагацал гунигийг  чинь сэдрээж байгаадаа уучлал хүсч, бас эмгэнэл илэрхийлье. Таны хань тэр үед хаана албан үүрэг гүйцэтгэж явсан бэ, юу тохиолдсон юм бол?

-2001 оны тавдугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө миний хань  ахлах ахлагч Д.Ганбат Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх АЖ-3 постод албан үүргээ гүйцэтгэж байхдаа бусдын гарт онц хэрцгийгээр амь насаа алдсан. Түүнээс хойш 18  жил өнгөрсөн ч хэрэг одоо болтол илрээгүй байна. Хань минь амиа алдахаасаа зургаахан сарын өмнө хилээр хууль бусаар орж ирсэн спиртийн хэргийг илрүүлж, ТЕГ-ын рапортод орж, 54 мянган төгрөгийн сарын цалингаараа шагнуулж байсан. Тэр үедээ бол хүүхдүүддээ хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас авч өгч, их баярлаж байсан даа. Гэтэл зургаахан сарын дараа харамсалтайгаар амь насаа алдсан, бид маш хэцүүхэн байдалд үлдэж хоцорсон доо. Миний хань үнэнч шударга, ажил албандаа хариуцлагатай ханддаг зарчимч хүн байсан. Олон удаа байгууллагын аварга болж шагнуулж байсан, хамт олондоо нэр хүндтэй байлаа.

-Амьдралаа авч явах, хүүхдүүдээ өсгөх бүх ачааг та ганцаараа үүрсэн байх?

-Тэр үед би хамгийн бага нь дөрөв, том нь 19 настай найман өнчин хүүхэдтэй 39 насандаа бэлбэсэрч үлдсэн. Хүүхдүүдээ өсгөх гэж гадаа гарч эр, гэрт орж эм болж зүтгэсээр өнөөдрийг хүрлээ. Одоо таван хүүхэд маань тусдаа гарч, 12 ач зээтэй болж, хамгийн  бага маань 22 хүрч байна.

-Цагдаагийн байгууллагаас та бүхний нийгмийн асуудалд хэр  анхаарч, тусалж дэмждэг  вэ?

-Цагдаагийн байгууллага тусалж дэмжиж байсан. Жил болгон “Эргэн дурсахуй” нэвтрүүлэг, уулзалт хийдэг. Би  Замын цагдаагийнхан, тэр тусмаа тээврийн албаныхандаа бидний уй гашуу, зовлонг жил бүр хуваалцаж, “Бид мартахгүй” өдөрлөг хийж, хамт байдагт нь баярладаг. Хань минь цагдаагийн байгууллагад 21 дэх жилдээ ажиллаж байсан юм. Миний хувьд  цэрэг, цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Би сувилагч мэргэжилтэй, 20 жил ЭМЯ-нд, сүүлийн 10 жил цэрэг, цагдаагийн байгууллагад ажилласан. Тэтгэвэртээ гараад 11 жил болж байна. Хань минь амьд байхдаа “Чамайг цагдаагийн байгууллагад оруулна. Хүүхдүүдээ зөв хүмүүжилтэй, боловсролтой болгоно. Төрөөс орон байр олгоно байгаа” гэж ярьдаг байлаа. Ингээд би цагдаагийн байгууллагад орж ажиллаж, ахмад ажилтан нь боллоо. Энэ 18 жилийн хугацаанд би  төрөөс  орон сууц хүсч олон шат дамжлага туулж, удаа дараагийн салбарын сайд нарт өргөдөл өгч байсан боловч шийдэж өгөөгүй. Сая  Ерөнхий сайд Багануур дүүргийн иргэдтэй уулзах үеэр хүсэлт тавьж, албан үүргээ гүйцэтгэж байхдаа бусдын гарт онц хэрцгийгээр амь насаа алдсан аймшигт хэрэг илрэхгүй ч гэлээ үлдсэн үр хүүхдүүдийг минь бодож орон сууцтай болгож өгөөч гэсэн өргөдөл өгсөн. Засгийн газраас хоёр өрөө байр авч өгөх тогтоол шийдвэр гарсан, удахгүй шийдэгдэх байх.

-Танай хүүхдүүдээс аавынхаа мэргэжлийг өвлөв үү?

-Миний хань нэг охиноо цагдаа болгоно гэж мэргэжил эзэмшүүлсэн байсан. Охин минь цагдаагийн албанд ажиллаж байгаад  хэвлийн хорт хавдар өвчний учир одоо бидний асаргаанд байдаг.

 

М.Загдаа /З.Ганбаатар агсны аав/:

Цагдаагийн алба хаагчийг хүү шигээ санаж хайрлаж байгаарай

 

-Хүүгээ  анх цагдаа болно гээд ирэхэд нь сонор сэрэмжтэй байгаарай гэж хэлж байлаа. Мэргэжилдээ дуртай, хайртай, сэргэлэн цовоо хүү байсан даа. Орос хэлээр сайн ярьдаг, ажлаа хийхийн зэрэгцээ герман, ангил хэл сурч явсан. Харамсалтай нь замын цагдаад албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн. Замын зохицуулах ажлыг хийж байгаа шинэ залуу алба хаагчдад үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ сонор сэрэмжтэй байгаарай гэж захъя. Монголчууддаа хандаж хэлэхэд үүрэг гүйцэтгэж яваа цагдаагийн албан хаагчдыг хүү шигээ, дүү шигээ санаж хайрлаж, хүндэлж байгаарай. Шаардлагыг нь биелүүлж байгаарай.

 

Ц.Одончимэг: /Ц.Батмөнх агсны дүү/:

Тангараг өргөсөн цагдаагийн амь нас ард түмнийх  байдаг юм байна

 

-Танд хэцүү байгаа ч тэр өдөр юу болсныг, бас хүмүүст ухаарал сургамж болох зүйлийг  хэлж өгнө үү?

-Миний ах Цэрэнгийн Батмөнх 1988 оны наймдугаар сарын 22-нд албан үүргээ гүйцэтгэж яваад осолд орж нас барсан. Тухайн үед урсгал сөрж орж ирсэн автомашин  мотоцикльтой явж байсан ахыг минь мөргөсөн. Эмнэлгийн тусламж авч чадалгүй газар дээрээ өнгөрсөн. Замын цагдаагийн албанд одоогоос 31 жилийн тэртээ гарсан тэр ослын үед би хүүхэд байсан болохоор бүүр түүр санадаг. Гэхдээ цагдаа хүний амь нас  байнгын эрсдэл, болзошгүй аюул  дунд явдаг. Бас тэр хүний амь нас зөвхөн өөрийнх нь, гэр бүлийнх нь  биш, тангараг өргөсөн учраас ард түмний амь нас юм байна гэдгийг ойлгосон. Тийм болохоор та бүхэн минь сонор сэрэмжтэй яваарай. Ард түмэндээ хэлэхэд тэднийгээ хайрлаж  яваарай. Та бүхэн ч гэсэн ардаа хань ижил, үр хүүхэдтэй шүү дээ. Бие биеэ хайрлаж, хүндэлж, хамгийн гол нь нийгэм маань, хүмүүс бүгд зөв байгаасай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.7.18  ПҮРЭВ  №142  (6109)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • 1 сар

    76 хулгайчдыг мартаад байхаар ийм хүмүүс нь үхээд мартахгүй гээд аян бий болоод байна. 76-г түүхээрээ мартахгүй шүү. тэрийг мэдэхгүй их л оодорч байна даа. сүх далайгаад эхэлчилсэн шүү. эрлэгийн үүд нээгдсэн шүү 76аа мэдтүгэй:

Холбоотой мэдээ