“Сайдуудад халтай долоо хоног’’ фото тойм

Л.Батдорж

2019-06-16

2019-06- 10  Даваа гариг

Улаанчулуутын хогийн цэг дээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг ажиллаа

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд байрлах Их нарангийн дэнж буюу бидний нэрлэж заншсан Улаанчулуутын хогийн цэг дээр ажиллаж, амьдарч буй иргэд, хүүхдүүдийн бодит байдалтай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон  дүүргийн удирдлагууд танилцлаа. Тус хороонд байрлах Албан бус насан туршийн боловсролын төв нь эцэг эх нь архинаас хараат,   Улаанчулуутын хогийн цэгээс амьдралаа залгуулдаг, сургууль завсардсан наймаас дээш насны хүүхдүүдэд боловсрол олгодог аж.

Энэ төвийн захирал З.Батцэцэг ”Дүүргийн хэмжээнд таван байршилд 197 хүүхэд насан туршийн боловсролын төвд суралцаж байна. Энэ төвд гурван бүлэгт 50 хүүхэд сурдаг. Эцэг эхчүүдийн ихэнх нь архины хамааралтай учраас хөөж туухаас эхлээд олон асуудал гардаг. Мөн хүүхдүүдээ сургуульд явуулах дургүй, гэр орондоо ажил хийлгэх туслуулах сонирхолтой байдаг. Тиймээс хамгаалах байрны асуудлыг шийдэхэд дэмжлэг хэрэгтэй байна” хэмээн асуудлаа танилцуулсан юм.

Фото@ mlsp.gov.mn

2019-06-11  Мягмар гариг

Хууль зүй, дотоод хэргийн яамны гадна  салбарын сайдыг эсэргүүцсэн зурагттай жагсаал болов

Жагсагчдын тавьж буй нэг шаардлага нь  хөөн хэлэлцэх хугацааг богиносгож, цагаан захтнуудад боломж олгож буй Ц.Нямдорж сайдыг огцрох ёстой гэж үзэж байв. Үнэхээр нийгэмд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал шүүмжлэл дагуулаад байна.

  Саяхан гэхэд Улсын Дээд шүүхийн Практик судлалын хэлтсээс улсын хэмжээнд анхан шатны шүүхээр 2016-2018 онд шийдвэрлэсэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах,  өгөх  гэмт хэргээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон гэмт хэргийн талаарх судалгааг хийжээ.

Фото@ polit.mn

 

2019-06-12 Лхагва гариг

ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцрохыг шаардаж, жагслаа

“Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн’’-өөс ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулах шаардлага хүргүүлэхээр жагсаж байна.

Жагсаалд оролцогчид сайд Ч.Улааныг өөрийн биеэр гарч ирж, огцруулах шаардлагыг гардаж авахыг шаардаж буй юм.

Фото@ www.peak.mn

2019-06-13  Пүрэв гариг

Ардын урлагийн их наадам

Азийн ардын урлагийн их наадам Улаанбаатарт эхлээд байна. Энэ наадамд БНХАУ, БНСУ, Казахстан, Энэтхэг, Индонез зэрэг 12 орны 200 гаруй уранбүтээлч оролцож байгаа юм.

Уг наадмын албан ёсны нээлт Их жанжин Сүхбаатарын талбайд болов. Уг ёслолоор ардын урлагийн гайхамшгийг үзүүлж орон орны авьяастнуудын  найрамдал нөхөрлөлийн сайн сайхныг харуулсан юм.

Их наадам ардын дуу, бүжиг, хөгжим, язгуур урлаг болоод олон үндэстний зан үйлийн таван төрлөөр таван өдөр үргэлжлэх юм.

Фото@ polit.mn

2019-06-14  Баасан гариг

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг огцрохыг шаардлаа

Гадаад харилцааны яамны гадна Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн зүгээс жагсаал хийж, дипломат албаны нэр хүндийг унагаж байгаа Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг огцрохыг шаардлаа.

Тэд Гадаад харилцааны сайд эх орноосоо урвасан, 70 кг хар тамхины хэрэгтэй холбогдсон дипломат албаныхны  үйлдлийг гаргасан тул огцрохыг шаардаж байна гэлээ.

Фото@ news.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ