Монгол Улс жилд 9500 гаруй тонн ноолуур бэлтгэх нөөцтэй

2019-06-16

Г.НОМИН

“Монгол улсад байгаль орчинд ээлтэй ноолуур үйлдвэрлэлийг дэмжих тогтолцооны өөрчлөлт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Энэхүү хэлэлцүүлэгт ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, НҮБХХ-ийн Монгол дахь суурин төлөөлөгч  хатагтай Биати Транкман, НҮБХХ-ийн ХАА-н бүтээгдэхүүний ногоон үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийн захирал Эндрю Боварник тэргүүтэй,  албаныхан, олон улсын байгууллагын төлөөлөл, судлаачид, боловсруулах үйлдвэрүүдийн төлөөлөл оролцсон юм.

Хэлэлцүүлгийн үеэр байгаль орчинд ээлтэй байдлаар үйлдвэрлэгдсэн ноолууран түүхий эд, ноолууран бүтээгдэхүүнийг худалдан авах, худалдаалах сонирхол худалдан авагч нар, ялангуяа дэлхийн томоохон брэнд компаниудын дунд эрчимтэй нэмэгдэж байгааг хүлээн зөвшөөрч, үйлдвэрлэлээ байгаль орчинд ээлтэй байдлаар эрхлэх, малынхаа эрүүл мэндийг хангаж малчдын нийгмийн асуудлыг уялдуулан шийдвэрлэх нь чухал байна гэдгийг албаныхан онцолж байв.

 

2018 онд ноолуурын үйлдвэрлэл эрхлэгчдэд 188.2 тэрбум төгрөгийн  зээл олгожээ

ХХААХҮ-ийн сайд Ж.Сауле “Төрийн зүгээс малын чанарыг сайжруулах, малчдын орлогыг нэмэгдүүлэх талаар хийгдэж буй ажлуудын нэг нь малыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар  бэлчээрийн даацыг зохистой хэмжээнд барих бодлого барьж байна.    Монгол Улс жилд 9500 гаруй тонн ноолуур бэлтгэх нөөцтэй бөгөөд дэлхийн ноолуурын 40 гаруй хувийг бэлтгэдэг. Гэвч үйлдвэрлэн, экспортолж байгаа эцсийн бэлэн бүтээгдэхүүний тоо хэмжээ маш бага. Иймээс Монгол Улсын Засгийн Газраас 2018 онд “Ноолуур” хөтөлбөрийг баталж, жилд бэлтгэх нийт түүхий эдийн 60 хүртэл хувиар эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх томоохон зорилт дэвшүүлэн ажиллаж байна. “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын Засгийн газраас Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран ажиллаж, 2018 онд ноолуурын үйлдвэрлэл эрхлэгчдэд нийтдээ 188.2 тэрбум төгрөгийн  зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон. Хөтөлбөрийн үр дүнд ноолуур бэлтгэлийн хэмжээ өмнөх онтой харьцуулахад 1.3 дахин өсч, самнах үйлдвэрлэлийн хүчин чадал 5.5 хувь, ээрэх үйлдвэрлэлийн хүчин чадал 7.7 хувь, сүлжих үйлдвэрийн хүчин чадал 23.2 хувиар тус тус өсч, нийтдээ 1570 гаруй ажлын байр шинээр нэмэгдсэн” гэсэн мэдээллийг дуулгав.  Өнгөрсөн 2018 онд Монгол Улсын хэмжээнд нийт 66.2 сая мал тоологдсоны 27.1 сая нь ямаан сүрэг бөгөөд  ямаан сүргийн тоо толгой өмнөх оноосоо 222 мянган толгойгоор буурсан үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ