Европын асуудлын толь. Европарламентын сонгууль Голланд болон Британиас эхлэв

2019-05-26

© Andrew Matthews/PA via AP

Андрей Низамутдинов

Европын холбооны улс орнуудад болж байгаа сонгуулийн үр дүнгээр 751 депутат тодорно. Нэгдсэн Европын оршин суугчдын ашиг сонирхлыг ойрын таван жилд тэд төлөөлөх болно.

 

Европын холбооны хууль тогтоох болон төлөөллийн байгууллага болох Европын парламентын сонгуулийн санал хураалт пүрэв гаригт Голланд, Британид эхлэв. Санал өгөх өдрийг Европын холбооны улс орон бүр өөрөө бие даан тогтоох бөгөөд тийм учраас сонгуульд санал өгөх марафон нийтдээ дөрвөн өдөр үргэлжилж, хорь гаруй улс оронд санал хураалт явагдаж дууссаны дараа ням гаригт дуусгавар болно. Санал хураалтын үр дүнгээр нэгдсэн Европын 512 сая гаруй оршин суугчдын ашиг сонирхлыг ойрын таван жилд төлөөлөх 751 депутатын нэр тодорхой болно.

Европарламентыг бүрэн дүүрэн хууль тогтоох байгууллага гэхээсээ маргаан хэлэлцүүлгийн талбар хэмээн үздэг болохоор Европын парламентын сонгууль үндэсний эрх барих байгууллагын сонгуульд санал өгөхөөс харьцангуй бага идэвхжилтэй болдог уламжлалтай. Гэхдээ энэ удаагийн нөхцөл байдал арай өөр харагдаж байна: сонгуулийн кампанийн үр дүн европын үгүйсгэх үзэлтнүүдэд (скептикүүд) бүрэн дүүрэн илүү гарах боломж олгодоггүй юм гэхэд нийт европын улс төрийн тавцан дахь хүчний харьцаанд ихээхэн өөрчлөлт оруулна гэсэн үзэл бодол байгаа билээ. Сонгуулийн үр дүн үндсэндээ европчуудыг түгшээж байгаа асуудлуудыг илүү сайн тусгасан толь болох юм.

Сонгуулийн өмнөх кампанийн явцад Европарламентын сонгуулийн үр дүн нийт европын улс төрийн суурь үндсүүд, тэр ч байтугай Европын холбооны өнөөгийн оршин байгаа байдлын асуудлыг ч авч үзэхэд хүргэнэ гэсэн мэдэгдлүүд ч сонсогдож байв. Чухам ийм учраас санал өгөхийн өмнөх сүүлийн өдрүүдэд Франц, Герман, Испани болон бусад хэд хэдэн улс орны эрх баригчид Европын холбоог хадгалж үлдэхийн төлөө талынхныг нэгтгэн дайчлах, тэдгээрийг сонгуульд ирж хамтран оролцуулах оролдлогыг мэдэгдэхүйц идэвхжүүлсэн.

Сонгуулийн өмнөх сүр дуулиантай олон мэдэгдэлд ОХУ-ыг чадамжтай холбоотон, эсвэл түнш гэх нь бага, харин өрсөлдөгч, эсвэл сөргөлдөгч, тэр ч байтугай аюул заналын эх сурвалж хэмээн онцлон дурдаж байсныг бодолцсон ч сонгуулийн үр дүн Орос улсын хувьд тодорхой ач холбогдолтой. Сүүлийн үед харин аюул заналын эх сурвалж гэх энэ чиглэлээр Хятад болон гайхмаар ч гэсэн АНУ-ыг мэдэгдэхүйц дурдаж нэрлэх болсон.

 

Түгшүүртэй таамаг мэдээ

 

Эхэлж саналаа өгч байгаа Голландад европын депутатын 26 эрхийн төлөө тэмцэл өрнөж байна. Урьдчилсан таамгаар одоогийн ерөнхий сайд Марк Рюттегийн тэргүүлсэн улс орны эрх баригч эрх чөлөө, ардчиллын үндэсний зөөлөн барууны нам таван суудал авах боломжтой аж. Харьцангуй саяхан байгуулагдсан, Тьерри Бодэгийн тэргүүлдэг хэт барууны байр суурь баримталсан “Ардчиллын төлөөх форум” мөн ийм тооны эрх олж авахаар найдаж байна. Нэгдсэн Европын асуудлаар энэ нам хэт үгүйсгэх үзлийг баримталдаг, түүгээр ч барахгүй Голландыг Их Британийн жишээгээр Европын холбооны бүрэлдэхүүнээс гаргах санааг ч мөн дэвшүүлж байсан.

Бодэгийн нам ингэж огцом урагшилсан нь урьдчилсан таамгаар Европарламент дахь дөрвөн суудлын гурвыг алдаж байгаа хэт барууны Эрх чөлөөний намын талынхныг өөртөө татаж чадсан явдал юм байна. Ерөнхийдөө бүхэлд нь авч үзвэл голландын 10 депутат Европын үгүйсгэгч үзэлтнүүд, үлдсэн 16 нь Европын холбоог хадгалж үлдэх фракцид орохоор байна.

Их Британийн сонгуулийн урьдчилсан таамаг үр дүн евроинтеграцийн талынхны хувьд итгэл найдвар тун бага төрүүлэхээр байна. Эрх баригчид нь Европын холбооноос гарах нөхцлийн талаар зөвшилцөж чадаагүй болохоор Нэгдсэн Вант улсын оршин суугчид европын 73 депутатыг тодорхойлох сонгуульд оролцохоос өөр аргагүй болсон билээ.

Европын холбооноос гарах асуудал сонгуулийн өмнөх кампанийн үндсэн сэдэв байсан нь мэдээж. Дөрвөн сарын өмнө явуулсан санал асуулгаар европын үгүйсгэгч үзэлтэн Найжел Фаражийн үндэслэн байгуулсан европын эсрэг байр сууринд зогсч байгаа Brexit намыг сонгогчдын 34 хувь дэмжиж байгаа нь бусад өрсөлдөгчдийн хувьд гүйцэх боломжгүй болгож байгаа ажээ. Эдгээр сонгогчдын зарим хэсэг Европын холбооноос тусгаарлах үзэл санааг дэвшүүлсэн хэвээр байна.

 

Шенгенд нүүрлэсэн аюул

 

Хэд хэдэн улс оронд явуулсан сонгуулийн өмнөх санал асуулгаар Европын үгүйсгэгч болон үндсэрхэг үзэлтнүүдийн талыг баримтлагчдын тоо өсөн нэмэгдсээр байгаа. Жишээлбэл, Францад Ерөнхийлөгч Эмманюэль Макроны “Республика на марше” намаас ялимгүй түрүүлж яваа Марин Ле Пены “Үндэсний нэгдэл” байна. Францыг Европын холбооноос гаргах үзэл санааг дэвшүүлэхээс Ле Пен татгалзсан хэдий ч цагаачлалын бодлого хийгээд Шенгений орон зайн өнөөгийн төлөв байдлыг эргэн авч үзэхийн төлөө идэвхтэй тэмцэж байгаа. “Үндэсний нэгдэл”-ээс улс төрийн тэс өөр үзэл баримтлалтай-хэт зүүний “Сөгдөөгүй Франц” жигүүрийн талыг баримтлагч Жан-Люк Меланшоны нам европын үгүйсгэх үзлийн байр суурийг баримталж байгаа бөгөөд удахгүй болох сонгуульд муугүй үр дүн үзүүлэх магадлалтай ажээ.

Италид сонгуулийн өмнөх чансааг эрх баригч эвсэлд багтсан Маттео Сальвинигийн “Лига”, Луижи Ди Майогийн “Хөдөлгөөн “5 од” зэрэг Европын үгүйсгэгч болон үндсэрхэг үзэлтнүүд тэргүүлсээр байна. Бельги, Австри, Германы радикалуудын байр суурь хангалттай хүчтэй хэвээр байгаа. Харин Унгарт Европын холбооны цагаачлалын бодлогыг эрс эсэргүүцдэг болон бусад зарим нэг үзэл бодол, үйлдлийнх нь төлөө европын бодлогын “муу залуу” хэмээн нэг бус удаа нэрлэсэн Ерөнхий сайд Виктор Орбаны талыг баримтлагчид дийлэнх олонхи нь байна.

Юутай ч улс төрийн өнгө төрхийн төрөл бүрийн жигүүрийг төлөөлсөн радикалууд, янз бүрийн улс орны үндсэрхэг үзэлтнүүд Европын парламентад фракц бүрдүүлэх үедээ өөр хоорондоо харилцан тохиролцоход амаргүй байх болно гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Гэхдээ энэ бол цагаачлалын бодлого, эсвэл Шенгений орон зайн оршин тогтнох зарчмуудын асуудлыг эргэн авч үзэх асуудлаар тэд ижил төстэй байр сууринаас тэмцэж чадахгүй гэсэн үг биш юм. Нөгөөтэйгүүр, ерөнхийдөө Европын талыг баримталдаг хэдий ч цагаачлалын асуудал, гадаад хил хязгаарыг хамгаалах асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар сэтгэл дундуур байдаг Чех, Словак, Польшийн депутатууд тэдэнтэй нэгдэх боломжтой. Тэгвэл маргаан хэлэлцүүлгийн өнгө аяс, магадгүй, энэ салбарын төсвийн шийдлүүд өнөөгийнхөөс тэс өөр байх болно.

 

Эв нэгдлийг хадгалах

 

Европын холбооны ирээдүйн талаар нийт европын төслийн талынхны хувьд сэтгэл зовних үндэслэл байгаа бөгөөд европын холбоог дэмжихийн төлөө тэмцэл сонгуулийн өмнөх өдрүүдэд идэвхижсэн нь тохиолдлын хэрэг биш юм.

Энэ чиглэлээр хамгийн идэвх зүтгэл гаргаж байгаа хүний нэг нь Францын Ерөнхийлөгч болов. Тэрээр урьд нь Европын холбооны бүх улс орны олон нийтийн мэдээллийн тэргүүлэх хэрэгслүүдэд хөтөлбөрийн шинжтэй өгүүлэл нийтлүүлсэн бол сонгуулийн өмнө Францын орон нутгийн дөч гаруй хэвлэлд ярилцлага өгчээ. Харин нийтлэгдэхээс өмнө харилцан зөвшилцөх зорилгоор эх бичвэрийг Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанд танилцуулах шаардлага таалагдаагүйн учир энэхүү акцид оролцохоос зөвхөн Voix du Nord болон Telegramme de Brest татгалзсан байна.

Макрон санаачилгыг Европын үгүйсгэгч үзэлтнүүдээс өөртөө шилжүүлж авахыг эрмэлзэхийн сацуу “Шенгений орон зайг бүхэлд нь эргэж авч үзэх, түүнийг багасгах, хэрвээ шаардлагатай бол гадаад хилийн хамгийн сайн хамгаалалтыг хангах, орогнох боломж олгох салбарын бодлогыг уян хатан оновчтой болгох” шаардлагатай байна хэмээн мэдэгдэв. Европын экологийн нөхцөл байдлыг сайжруулахыг уриалах зэрэг хэд хэдэн санаачилга дэвшүүлэв.

Францын Ерөнхийлөгчийн хэлснээр өнөөгийн сонгууль Европын холбооны 1979 оны анхны сонгуулиас хойшхи “хамгийн чухал нь бөгөөд, учир нь өөрийнх нь оршин тогтнолд заналхийлсэн аюулын өмнө Европын холбоо зогсч байгаа” ажээ. Макрон Португалийн Ерөнхий сайд Антониу Коштатай хамтарч “үндсэрхэг үзлийн арга хэрэгслээр Европыг устгахыг хүсч байгаа бүхнийг” сөрж зогсохын тулд ирээдүйн Европарламентад “дэвшилт үзэлтнүүдийн их эвсэл” байгуулахыг уриалжээ.

Европын талыг баримтлагчдыг эвлэлдэн нэгдэхийг ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Хайко Маас уриалан үг хэлжээ. Түүний хэлснээр “үндсэрхэг үзэлтнүүд, популистуудын зам эмх замбараагүй байдалд гарцаагүй хүргэх” бөгөөд жишээ болгож тэрээр Австрид эрх баригч эвсэл задарсан болон “Brexit-ийн эргэн тойрон дахь эцэс төгсгөлгүй санал зөрөлдөөн” – ийг нэрлэсэн байна. “Европыг бид радикалууд, үймээн бужигнаан түгээгчдэд, Европыг устгахыг хүсэгчдэд үлдээхгүй байх нь чухал байна” хэмээн Маас мэдэгдэв.

“Дэлхий дахинд тэсч үлдэхийн тулд өнөөдөр европчууд улам илүү хүчтэй эвлэлдэн нэгдэх ёстой гэдэгт би итгэлтэй байна” хэмээн Германы сайдтай дуугаа нэгтгэн Испанийн Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч, Европын парламентад Испанийн социалист ажилчны намаас нэр дэвшигч Жозеп Боррель мэдэгджээ.

 

Европын холбоог хэн хагалан бутаргаж байна вэ?

 

Радикалууд, үндсэрхэг үзэлтнүүдийн эсрэг тэмцэлд нэгдэх уриалга Европын холбоог хагалан бутаргахыг оролдож байгаа гадны хар муу санаатнуудыг дурдахгүйгээр өнгөрөөгүй. Тэдгээр хар муу санаатнуудын тоонд зөвхөн ОХУ, Хятад биш, бас зарим талаар илүү их хэмжээгээр АНУ-ыг ч мөн хамааруулж байна.

“АНУ, Хятадын өмнө бид хуваагдсан байдалтай байхыг хүсэх үү, эсвэл манай европын ирээдүйг бүтээн босгохын төлөө эв нэгдлийг сонгох уу” хэмээн өөрийн талыг баримтлагчдад хандан Францын Ерөнхийлөгч уриалав. Үүний хамт тэрээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зөвлөх асан Стив Бэнноныг дурдсан байна. Европын парламентын сонгуулийн өмнө Бэннон Цагаан ордны бүрэн эрхт тусгай элчийн хувиар Европоор аялж, тэндхийн үндсэрхэг үзэлтнүүд, үгүйсгэгч үзэлтнүүдтэй, түүний дотор Марин Ле Пентэй холбоо тогтоож явсан. “Европыг хагалан бутаргах зорилго өвөрлөсөн үндсэрхэг үзэлтнүүд болон гадаадын ашиг сонирхлын хуйвалдааныг би анх удаа харж байна” хэмээн Макрон мэдэгджээ.

Францын Ерөнхийлөгч сонгуульд хөндлөнгөөс оролцож саад хийх сэдвийг хөндөнгөөс “радикал намуудыг санхүүжүүлэх, тэдэнд тусалж, хөндлөнгөөс оролцохоос санаа зовоогүй”, “оросууд болон бусад хэд хэдэн улсыг” дурдсан байна. Гэхдээ Макрон “Америкийн нөлөөллийн бүлгүүд, эсвэл Оросын “олигархууд” засгийн газарт ойр байдгаа харуулж байсан ч гэсэн төр улс болон зарим хувь хүмүүсийг” хольж хутгах хэрэггүй хэмээн үг алджээ.

Өнөөгийн Европ тив “гадны дарамт шахалтыг хэзээ хэзээнээс илүү хангалттай хэмжээгээр мэдэрч байна” хэмээн ХБНГУ-ын Гадаад хэргийн яамын тэргүүн мэдэгдэв. “Сүүлийн жилүүдэд дэлхий ертөнц эрс өөрчлөгдсөн” тухай Масс дурдаад “Хятад улс өнөөдөр дэлхийн хэмжээний эдийн засагтай гүрэн болтлоо өсч хөгжсөн төдийгүй бас Европын холбоог хагалан бутаргахын тулд өөрийнхөө нөлөөг ашиглаж байна”  хэмээн мэдэгджээ. Германы сайдын хэслнээр Орос улс “цэргийн хүчээр Сирид болон Украинд улс төрийн факт бий болгохыг хичээж байгаа” ажээ. Харин АНУ-ын засаг захиргаа “цаг уурын асуудлаарх Парисын хэлэлцээр, Ирантай хийсэн цөмийн тохиролцоо, зэвсгийн худалдаа зэрэг олон улсын тохиролцооноос татгалзаж байна” гэжээ.

Испанийн Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгчийн хэлснээр өнөөгийн дэлхий ертөнц таван жилийн өмнөхөөс “эрс ялгаатай”.  “АНУ хамтын ажиллагаанд чиглээгүй зан үйлийг төлөвлөөгүй, британчууд Brexit-ийг хараахан төлөвлөөгүй, цагаачлалын хямрал болоогүй, яагаад гэвэл Сирийн дайн сая сая хүн дүрвэхэд хараахан хүрээгүй, ОХУ геополитикийн гүрний хэмжээнд дөнгөж хүрч эхэлж байсан, Хятад улс системтэй өрсөлдөгч биш, зөвхөн хямд төсөр бүтээгдэхүүн нийлүүлэгч” байсан ажээ. “Хэрвээ Трамп хоёр дахь удаагаа сонгогдвол барууны ертөнц дотроо англосаксоны болон эх газрын европын хэсэгт задран хуваагдах явдал үргэлжилж, Хятад улс геополитикийн агуу том хүч болж хувирна” хэмээн  Боррель баргар царайлан зөгнөв.

Эдгээр үгний заримыг сонгогчдыг өөртөө татах зорилго агуулсан сонгуулийн өмнөх сурталчилгаа гэж үзсэн ч Европын парламентын сонгуулийн дараа байр сууриа хадгалж үлдэхээр найдаж байгаа европын улс орнуудын өнөөгийн эрх баригч хүрээнийхний төлөөлөл түншлэлийн төлөө бус харин өрсөлдөж сөргөлдөхийн төлөө нэгдэж нягтрахыг уриалж байна гэсэн нэг их тайвшрахааргүй сэтгэгдэл өөрийн эрхгүй төрж байна.

Орчуулсан Д.ЭНХЭЭ

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ