Дарханы хүүхдийн паркт казино барихыг эсэргүүцэж байна гэв

2019-05-22

Д.ЧИМЭГ

Дархан хотын хүүхдийн парк 44.5 га газартай. Гэтэл энэ газраас 23.4 га газрыг тусгай хамгаалалтаас гарган казино болон зочид буудал бариулахаар болсныг нутгийн залуус эсэргүүцэж буйгаа Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийх үеэрээ хэллээ. Дархан-Уул аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Ж.Ганболд “Дархан хотын хүүхдийн паркийн газрын 8.4 га газрыг тусгай хэрэгцээнээс гаргах шийдвэрийг аймгийн ИТХ-аас өнгөрсөн сарын 02-нд гаргасан. Үүнийхээ дараа 15 га газарт нь казино, зочид буудал, үйлчилгээ болон орон сууцны хороолол байгуулах зураг төслийг БНСУ-ын компаниар хийлгэснийг бид олж мэдлээ. Тусгай хамгаалалтаас гаргасан 8.4 га газраа “Дархан Минж” гэдэг компанид эзэмшүүлсэн байсан” гэв. Түүнчлэн хүүхдийн паркийн 8.4 га газартай холбоотой асуудалд дарханчууд анхаарлаа хандуулж хэлэлцүүлэг, эсэргүүцэл өрнүүлээд эхэлтэл дахиад 15 га газартай холбоотой асуудал гарчээ. Энэ асуудалд аймгийн удирдлагууд холбоотой эсэхийг дарханчуудад албан ёсоор мэдэгдэхийг шаардаж буйгаа хэвлэлийн хурлын үеэр онцолсон юм. Гадны том компаниар зураг төслөө хийлгэж байгаа нь тэдний хардлагыг төрүүлж буй гэнэ. Учир нь нэлээд өндөр өртөгөөр гарч буй зураг төслийг санхүүжүүлэгч байх учиртай хэмээн Ж.Ганболд болон залуусын төлөөлөл ярьж байлаа. Тэд цааш нь ярихдаа, Улаанбаатарт газар зардаг асуудал одоо орон нутагт шилжжээ. Тэгэхдээ бүр казино, зочид буудал, орон сууцны цогцолбор, театр, худалдааны төв зэргийг барьж байгуулахаар төлөвлөж, төсөв санхүүг нь хүртэл тооцсон байна. Бид энэ асуудлыг шалгуулахаар АТГ-т албан ёсоор хандана. Дархан-Уул аймгийг тэлж хөгжүүлэх ажлыг аймгийн удирдлагууд огт хийхгүй байгаа хэрнээ Дархан хотын төв зүрхэнд байгаа жижигхэн ногоон байгууламжийн газраас “хумсалж” байгаад гомдолтой байна” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ