Английн өгүүллэгүүд ном дахин төрлөө

2019-05-22

Н.ДАЯН

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаярын орчуулсан англи өгүүллэгүүдийн “Сохрын орон” номын хоёр дахь хэвлэлийн нээлт Улсын төв номын сангийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит танхимд боллоо. Номын нээлтэд орчуулагчийн аав ээж, Монголын утга зохиолын нэр хүндтэй хүмүүс болон Англи, Австрали, Энэтхэгийн Элчин сайдууд болон бусад байгууллагын төлөөллүүд ирсэн байлаа. Тэрээр номынхоо талаар  “1986 онд Англид англи хэл, утга зохиолын чиглэлээр сурч, судалгаа хийх нэг жилийн хугацаанд английн өгүүллэгүүдийг ихэд сонирхсон. Өгүүллэгт Английн түүх, соёл, хэл гээд бүх зүйл багтсан. Англи улсын дэлхий дахинд байсан нэр нөлөө өгүүллэгийн түүхтэй шууд холбоотой. 1986 онд ном орчуулж хэвлүүлэхэд хэцүү байсан болохоор 1990 онд номын төлөвлөгөөнд оруулаад 1991 онд анхны Английн өгүүллэгүүдээ “Хатсан гар” нэртэй хэвлүүлсэн. Түүний номын редактороор алдарт яруу найрагч Зундуйн Дорж ажилласан. Энэ ном нь гадаадын соёлыг таньж мэдэх, англи хэлээр дамжуулж бүхэл бүтэн том ертөнцийг манай уншигчид, зохиолчид, залуучуудад тус болох болов уу. Судалгаа сайн хийж өгүүллэгүүдээ сонгосон болохоор “Сохрын орон” номонд Английн сонгодог зохиолч Ч.Диккенс, Г.Уэллс, Р.Киплинг, Г.Грин болон ХХ зууны хамгийн алдартай Ж.Жойсын бүтээлүүд багтсан. Сэлэнгэ пресс хэвлэлийн компаниас “Та 1991 онд буюу 28 жилийн өмнө ийм ном хэвлүүлсэн байна. Энэ номыг чинь хүмүүс их сонирхож уншдаг. Дахин хэвлүүлээч, өнөөдөр болох номын яармагийн нээлтэд хүмүүсийн сонирхлыг татаж магадгүй” гэсэн саналыг нь хүлээж аваад Английн өгүүллэгүүд номынхоо хоёр дахь хэвлэлтийг “Сохрын орон” нэртэйгээр хэвлүүлээд байна” гэсэн юм.

Орчуулагч “Сохрын орон” номынхоо оршилд Английн өгүүллэгийн үүсэл хөгжил нь Английн өдөр тутмын сонин хэвлэлийн үүсэл хөгжилтэй нягт холбоотой. Англи улсад өгүүллэг нь 1880-аад оноос эхлэн өөрийн нэрт төлөөлөгчтэй уран зохиолын биеэ даасан төрөл зүйл болон хөгжиж эхэлжээ. Өгүүллэг бичигчид ихэвчлэн “Шар ном” эсвэл “Үндэсний ажиглагч” хэмээх хоёр сонинд бүтээлүүдээ хэвлүүлдэг байлаа. “Үндэсний ажиглагч” сонинд өгүүллэгүүдээ хэвлүүлдэг байсан зохиолчдоос Р.Л.Стивенсон, Р.Киплинг нар алдаршсан. Харин “Шар ном”-д бүтээлүүдээ хэвлүүлдэг байсан зохиолчдоос О.Уайльдын нэр алдар ихэд манджээ.

XIX зууны сүүл, ХХ зууны эхэн үе бол дэлхий дахиныг донсолгосон, хуучин шинэ хоёрын тэмцэл туйлдаа хүрсэн цаг үе байлаа. Энэ нь урлаг, уран зохиолд хүчтэй нөлөөлсөн нь эргэлзээгүй. Тэр үед хүмүүс бурхан, шашинд итгэх нь багасч, үнэн ба худал, гоо сайхан ба муу муухай, буян ба нүгэлийг хооронд нь ялгадаг олон зуун жилийн турш хэрэглэгдсэн, хувь хүнээс шалтгаалдаггүй байсан хуучин хэмжүүрүүд устан арилжээ. Тиймээс урлагийн хүмүүс, түүний дотор зохиолчид өөрсдийн бүтээн туурвисан зохиол бүтээлийг үнэн болон гоо сайхны туйлын илрэл, илэрхийлэл мөн хэмээн үзэж эхэлсэн байна. Ийнхүү тэр үеэс эхлэн зохиолчдын уран бүтээлд субъективизм чухал байр суурийг эзэлдэг болжээ.

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр өмнө нь Монголын зохиолчдоос Д.Нацагдорж “Харанхуй хад” өгүүллэг, С.Лодойдамба, Д.Маам “Хоёр хар буурын тухай” тууль, С.Пүрэв, Д.Батбаяр, Д.Урианхай нарын бүтээлийг орос хэлээр орчуулан хэвлүүлсэн бол гадаадын зохиолчдоос Л.Толстой “Бага нас”, Н.Гоголь “Петербургийн туужис”, А.Блок, И.Бродский, В.Высоцкий, И.Тарковский нарын бүтээлийг монгол хэлнээ орчуулан хэвлүүлсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ