“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой хоёр хавтас материалыг хуулийн байгууллагад шилжүүллээ

2019-05-22

С.САРУУЛ

Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрт хийсэн шалгалтын дүнг хуулийн байгууллагад шилжүүлэхээр болсон талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө.  Шалгалтын явцад авлига, ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж болох үрэлгэн, зарлагатай асуудлууд илэрсэн хоёр хавтаст материалыг хууль, хяналтын байгууллагад шилжүүлэхээр болсон талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэт үйлдвэрийн 2016-2019 оны бичиг баримтуудад хийгдсэн шалгалтын дүнг хэлэлцлээ.  Шалгалтаар нийтдээ 39 зөрчил илэрсэн. Тухайлбал, 2017 онд компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдах шийдвэр буюу Хууль эрхзүйн газрын захирал үйлдвэрлэлийн явцыг удирдах эрх олгосон байна. Энэ нь үйлдвэрийн 51 хувийн хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

Ашиг сонирхлын хэд хэдэн зөрчил байна. 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар хоёрхон аж ахуйн нэгж Эрдэнэт үйлдвэрээс 17.8 тэрбум төгрөгийн авлагатай байна. Хоёрхон үйлдвэртэй өндөр дүнтэй гэрээ хийсэн байгаа юм.  Мөн ногдол ашгийг шилжүүлэхдээ татварыг нь төлөөгүй нь тогтоогдсон.  Нэг гэрээний зөрчил байсан нь Эрдэнэт үйлдвэр өөрийн хөрөнгөөр томоохон оношилгооны төв бариулчихаад хувийн компанид шилжүүлж өгсөн байна.

Нийтдээ зургаан төрлийн 33 тэрбум төгрөгийн татварын зөрчил гарч, акт тавьсан. Мөн 2016-2019 онд 2.2 тэрбум төгрөгийн хандив тусламж олгосон байна. Үүнийг буцаан төлүүлэх ёстой гэж үзэж байгаа. Экспортлох гэж буй зэсийн баяжмалыг Гаалийн төв лабораториор шинжлүүлдэггүй. Хувийн лабораторитой гэрээ хийж шинжлүүлээд, түүнийгээ үндэслэн татвар төлж байна.  Худалдан авалтын 2,236 гэрээ байгуулснаас 1,432 гэрээг нь шууд хийсэн бөгөөд үйлдвэрийн захирал хуулиас давсан тушаал гаргаж гэрээ байгуулж байсан нь тогтоогдсон.  Стандарт банканд 40 сая ам.доллар төлсөн байгаа. Уг төлбөрийг буруутай этгээдээр төлүүлнэ.  Худалдан авалттай холбоотой шалгалтууд цаашид ч үргэлжилнэ” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ