Г.Ганзориг: Олон улсад хариуцлагатай компанийг шошгоор илэрхийлдэг

2019-05-22

Ц.БАЯР

Компанийн нийгмийн хариуцлагын нэг зарчим нь байгаль орчинд ээлтэй бизнес эрхлэх явдал.  Энэ сэвдээр Хөдөө аж ахуйн их сургуулийн сургалт эрхэлсэн орлогч захирал, /доктор, Ph.D / Г.Ганзоригтой ярилцлаа. 

Компанийн нийгмийн хариуцлага гэдгийг тайлбарлаж өгөхгүй юү?

-НҮБ-ын үйлдвэр хөгжлийн байгууллага (UNIDO) “Тухайн компани бизнесийн үйл ажиллагаа, харилцагчдын хамтын ажиллагааг нийгэм, байгаль орчны асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлэх менежментийн зарчмыг компанийн нийгмийн хариуцлага (буюу Corporate Social Responsibility) гэнэ” хэмээн тодорхойлсон байдаг. Сүүлийн үед энэ нэр томъёоны “нийгмийн” гэдэг үгийг нь хасч “компанийн хариуцлага” буюу corporate responsibility гэх хандлага байна. Учир нь зөвхөн нийгмийн бус байгаль орчны гэх мэт бусад бүх хариуцлагыг энэ нэр томъёонд хамруулан авч үздэг. Энэ тодорхойлолтоос харвал төрийн, төрийн бус, хувийн байгууллага нийгмийн болоод байгаль орчны тодорхой асуудлыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрийг албан ба албан бус хэлбэрээр оруулахыг компанийн нийгмийн хариуцлага гэж хэлж болно. Олон улсад энэ ойлголтыг “Оролцогч талуудын хүлээлтийг биелүүлэхийн зэрэгцээ ашигтай ажиллах, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зах зээлд байр сууриа бататгах гэх мэтчилэн тогтвортой хөгжлийн гурван багана болох нийгэм, эдийн засаг, байгаль орчны тогтвортой хөгжлийг бий болгоход компаниудын хүлээх үүрэг” гэж ерөнхийд нь томъёолдог. Тухайн компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагаа нь байгалийн нөөцийг ихээр ашигладаг, байгаль орчинд үзүүлэх нөлөө ихтэй эсвэл хог хаягдал ихээр ялгаруулдаг бол энэ байдлыг бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа нь нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байгаагийн нэг жишээ болно.

Компанийн нийгмийн хариуцлагыг төрөөс бодлогоор зохицуулах гэж байгаа юм билээ. Таныхаар бодлогод ямар асуудал тусгавал үр дүнтэй вэ?

-Компаниудын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэхэд төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй. Үүнд, компанийн нийгмийн хариуцлага болон түүнтэй холбоотой нэр томъёог тодорхойлж компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллагуудыг бүртгэх, үнэлэх, эрэмблэх тоттолцоог бүрдүүлэх, мөн  бүртгэлийн системийг хөгжүүлж жилд тайлагнах тогтолцоог бий болгох хэрэгтэй. Мөн нийгэмд хариуцлагатай ажилласан компанийг  тухайлбал, татварын хөнгөлөлт, бүтээгдэхүүн, үйлчилгээнд “Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллага” хэмээх шошго тавих зэргээр төрөөс дэмжих хэрэгтэй. Урамшууллыг нийгмийн хариуцлагын мөнгөн дүн, нийгэм, байгаль орчинд үзүүлэх эерэг нөлөө, ажлын байранд ажиллаж байгаа эмзэг бүлгийн хүмүүсийн нийт ажилчдын тоонд эзлэх хувь ядуу, нэн ядуу, хөгжлийн бэрхшээлтэй, өнчин, өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй гэх зэргээр ялгаатай олгох шаардлагатай. Ингэснээр ажлын байрны ялгаварлан гадуурхал, тэгш бус байдлыг бууруулах юм. Нийгмийн хариуцлагатай компаниудыг олон нийтэд зарлах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, нэвтрүүлэг, шторк бэлтгэн олон нийтэд түгээх, Мөн МҮХАҮТ, ЗГХЭГ энэ компаниудыг нийгэмд зарлан, нэр алдрыг нь таниулах хэрэгтэй. МХАҮТ-аас “ТОП 100” аж ахуйн нэгжийг шалгаруулахад “Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлсэн” гэсэн шалгуурт ногдох онооны нийт оноонд эзлэх хувийг өсгөх хэрэгтэй.

Хувийн хэвшлийн нийгмийн хариуцлагын өнөөгийн байдлын талаар таны бодол?

-Компанийн нийгмийн хариуцлагыг жижиг, дунд үйлдвэрүүд хэрэгжүүлэхэд хүндрэлтэй. Учир нь тэд өөрийн үйл ажиллагааг бэхжүүлэх, гаргасан зардлаа нөхөх, цаашид ашиг олж, бизнесээ өргөжүүлэх зорилгоор хөрөнгө оруулахад гол анхаарлаа хандуулдаг. Гэтэл Татварын ерөнхий газрын статистик мэдээгээр 2017 оны байдлаар нийт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн 86 хувь буюу 67.612 нь жижиг, дунд үйлдвэрүүд байсан. Эдгээр үйлдвэр нийгмийн хариуцлага хэрэгжүүлэх нь бага боловч тэд тодорхой хэмжээнд энэ ажлыг хийсээр байна. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрийн эзэд хувь хүний нийгмийн хариуцлагын хүрээнд хандив өгөх, нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг дэмжих явдал цөөнгүй. Мөн бизнесийн үйл ажиллагаа нь тогтчихсон, нэр хүндтэй, борлуулалтын орлого өндөртэй, олон улсын зах зээлд хувьцаа гаргасан, техник технологийн шинэчлэлийг үргэлж хийдэг аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх боломж, сонирхол өндөр байна. Хөгжиж байгаа орнуудад том аж ахуйн нэгжүүд компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх тал дээр жижиг, дунд үйлдвэрүүдийг бодвол ахицтай. Заримдаа компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх нь тухайн компанийн нэр хүндийг дотоодын болон олон улсын зах зээлд өргөх, хэрэглэгчдийн тухайн компанид итгэх итгэлийг нэмэгдүүлэх давуу талыг бий болгодог учраас компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх нь нөгөө талаас маркетингийн нэг хэлбэр гэгддэг. Монголд нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч томоохон аж ахуйн нэгжүүд гэвэл “Мобиком”, “Эрдэнэт” үйлдвэр, “Хаан” банк, “АПУ”, “Оюутолгой”-г нэрлэе. “Мобиком” гэхэд хүүхдийн сургалтын орчныг сайжруулах, мазаалай хамгаалах төсөл хэрэгжүүлсэн бол “Эрдэнэт” үйлдвэр бүтээн байгуулалт, эмнэлэг, боловсрол, спорт, соёл, урлагийн чиглэлд “Хаан” банк хавдрын эсрэг аян, оюутны хөгжил, хүүхдийн эрүүл мэндэд анхаарч ажилладаг. Харин “АПУ” эрчим хүч, усны хэрэглээг бууруулах, хог хаягдлыг багасгах, байгаль орчны ISO 14001 стандартыг хэрэгжүүлсэн. “Оюутолгой” орон нутгийн хөгжлийг дэмжих, малчдын амьжиргааг дэмжих, усны дахин ашиглалт, зэрлэг амьтан хамгаалах төсөл хэрэгжүүлснээр нийгмийн хариуцлагатай гэдгээ илэрхийлдэг.

ийгмийн хариуцлагын талаарх олон нийтийн ойлголтын талаар та юу хэлэх вэ?

-Тухайн жилийн эдийн засгийн төлөв байдлаас хамааран иргэдийн нийгмийн хариуцлага ялгаатай байдаг. Хэрэв эдийн засаг сайжраад, иргэдийн гар дээрх орлого өсвөл иргэд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхэд зарцуулах зардлаа нэмэгдүүлэх боломжтой болно. Гэхдээ иргэдийн нийгмийн хариуцлага нь заавал бусдад хандив өгөх, тусламж олгохдоо гол биш. Өдөр тутмын амьдарлын хэв маягаа нийгэм, байгаль орчинд сөрөг нөлөө учруулахааргүй байлгах нь нийгмийн хариуцлагаа хүлээж байгаагийн илрэл болно. Жишээлбэл, хогоо зориулалтын саванд хаях, болж өгвөл хог бага гаргах, гаргасан хогноосоо дахин боловсруулах боломжтой хуванцар савыг ялган зориулалтын саванд хаях, гадаа гудамж, олон нийтийн газар хэрэглэсэн зүйлийнхээ сав баглаа, боодол, цаас, уутыг ил хаяхгүй байх, бусад хүн хог хаяж байвал болиулах, гэмт хэрэг үйлдэж байгаа хүнийг зогсоож ойлгуулах, хүчирхийлэл, нийгмийн эмх замбараагүй байдлыг дэвэргэхгүй байлгах нь нийгмийн хариуцлагаа хүлээж байгаагийн жишээ болно.

Энэ бүх зүйлийг хүүхдийн нүдэн дээр хийхгүй байх. Япончууд хүүхдийн дэргэд  тамхи татаж архи уудаггүй. Элдэв муу яриа, хэрүүл маргаан гаргахгүй байхыг эрмэлздэг. Энэ нь ирээдүйд нийгмийн хариуцлагатай иргэн болгоход чухал нөлөөтэй. Өөрөөр хэлбэл, насанд хүрэгчид хүүхдийн өмнө нийгмийн хариуцлагаа хүлээснээр ирээдүйн иргэд нийгмийн хариуцлагатай болоход нөлөөлдөг гэсэн үг.

Жишиг орны болон дэлхийн томоохон компаниудын нийгмийн хариуцлагын талаар баримталж буй бодлогын талаар?

-Компанийн нийгмийн хариуцлагыг бэхжүүлэхэд чиглэсэн хууль тогтоомж, бодлогыг баталж хэрэгжүүлэх ажлыг Европын холбооны улсууд амжилттай хэрэгжүүлж байна. Дани улс том аж ахуйн нэгжүүд санхүүгийн тайландаа компанийн нийгмийн хариуцлагад зарцуулсан зардлын бүртгэлийг заавал тусгах ёстой гэсэн заалтыг “Санхүүгийн тайлангийн актад” оруулсан. Ингэснээр томоохон аж ахуйн нэгжүүд компанийн нийгмийн хариуцлагын бодлоготой болж, түүнд зарцуулсан зардлаа тайлагнадаг. Мөн “Дани улсын хариуцлагатай өсөлтийн төлөвлөгөө 2012-2015” гэсэн бодлогын баримт бичиг гаргасан. Үүнд “Бизнесийн байгууллагууд хүний эрхийг дээдэлсэн, уур амьсгалд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахад чиглэсэн бодлоготой байх ёстой” гэж тусгасан. 2015 онд Дани улс Европын холбооны дүрмийн дагуу 500-гаас дээш ажилтантай компани нь компанийн засаглалыг таван чиглэлд хэрэгжүүлэхээр хуульчилсан. Үүнд байгаль орчныг хамгаалах, хүний эрхийг дээдлэх, нийгэмд өгөөжтэй байх, ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх, авлига, хээл хахуулийг зогсоох, удирдах албан тушаалд тэгш байдлыг хангах гэсэн.

Жил бүр “Нэр хүндийн хүрээлэн” (Reputation Institute)-гээс компанийн нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч дэлхийн топ 100 аж ахуйн нэгжийг шалгаруулдаг. 2018 онд “Google” компани энэ жагсаалтыг тэргүүлсэн байна. Тус шалгаруулалтад компанийн нийгмийн хариуцлагын түвшинг үнэлэхдээ үндсэн гурван төрлийн шалгуур тавьсан байна. Үүнд ажилтныг шударга байлгахын тулд компанийн явуулж буй бодлого нийгэмд оруулж буй хувь нэмэр, оролцогч талуудын санхүүгийн ашигт байдлыг харгалзан шалгаруулсан. “Google” компанийг нэгд жагсахад нөлөөлсөн гол хүчин зүйл нь эрх тэгш байдлыг ажлын байранд хангахад онцгой үүрэг гүйцэтгэсэн явдал юм. Энэ жагсаалтын III-т “LЕGO” компани шалгарсан. Тэдний амжилтын гол шалтгаан нь 2018 онд ургамлын гаралтай түүхий эдээр лего тоглоом үйлдвэрлэх болсноо олон нийтэд зарлан, удалгүй чихрийн нишингэ модноос гарган авсан материалаар хийсэн лего тоглоомуудаа танилцуулжээ. Тус материал нь 60 жилийн өмнө гаргаж авсан хуванцар материалтай эн тэнцэх чанартай, аюулгүй байдлыг хангасан, мөн байгаль орчинд ээлтэй материал аж. Уг компани тус жагсаалтыг тэргүүлэхэд нөлөөлсөн хүчин зүйлс нь ТУЗ-д суух эмэгтэйчүүдийн тоо их, захирал болон энгийн ажилтны цалингийн зөрүү бага. Сүүлийн таван жилийн хугацаанд олсон орлогынхоо 26 хувийг татварт төлсөн байна. Жагсаалтын II-т  нөхөн сэргээгдэх байгалийн нөөцөөр дизель түлш, нефт орлуулах бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Финлянд улсын “NESTE” компани шалгарсан байна. Эднийх сүүлийн таван жилд олсон орлогын бараг тал хувь нь нөхөн сэргээгдэх түлш, био түлшнээс олсон, энэ үзүүлэлтээр дэлхийд нэгдүгээрт жагсчээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ