Нефтийн инженер А.Бямбадоржийн хэлсэн онцлох 10 эшлэл

2019-05-22

С.САРУУЛ

Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Манай булангийн өнгөрсөн даваа гаригийн зочноор уригдсан /2019-05-20МХЕГ-ын Эрчим хүч, хэмжилзүйн хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч А.Бямбадоржийн хэлсэн онцлох 10 эшлэлийг хүргэж байна.

 

 –Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар мэргэжлийн хяналтын байцаагч шалгалт хийх газартаа таваас доошгүй хоногийн өмнө мэдэгдэж, зөвхөн удирдамжийн дагуу  хяналтын хуудсанд тусгагдсан асуудлын хүрээнд шалгана. Өөрөөр хэлбэл, өмнө нь байсан гэнэтийн шалгалт гэдэг зүйл байхгүй болсон. “Очиж шалгана шүү” гэж хэлчихээд үр дүнтэй шалгалт хийж, зөрчлийг бодитоор илрүүлэх боломжгүй. Тав хоногийн дотор ямар ч томоохон зөрчилтэй аж ахуйн нэгж байсан өнгөлөн далдлалт хийх юм уу, “асуудлаа” ямар нэг аргаар шийдвэрлэнэ.

 

-Зөрчил дутагдлыг нь лавшруулж шалгая гэхээр мэргэжлийн хяналтын байгууллага зөвхөн хяналтын хуудсанд тусгагдсан асуудлын хүрээнд л шалгах эрхтэй. Муухайгаар хэлэхэд зөрчилтэй байж мэдэх, аюулгүй байдал алдагдсан байх эрсдэл ажиглагдвал ухаж, төнхөж, лавшруулж шалгах боломж бага юм.

 

-Иргэдийн дунд нэг өрөөсгөл ойлголт байдаг.  Мэргэжлийн хяналт л бүх зөрчил дутагдлыг арилгуулж, хяналтыг бүрэн хэмжээнд тавих ёстой гэж. Үйл ажиллагаа идэвхтэй явуулдаг 160 мянган аж ахуйн нэгжийг системийн хэмжээний цөөхөн тооны хүн хянаж, аюулгүй байдлыг бүрэн хангуулна гэвэл учир дутагдалтай, үргэлж хянах боломжгүй.

 

-Мэргэжлийн хяналтын байгууллагаас өгч буй зөвлөмж, сэрэмжлүүлгийг үл ойшоох, ажил хэрэг болгохгүй байх зэрэг үйл ажиллагаа эрхлэгчдийн өөрсдийнх нь нийгмийн хариуцлагаас хамаараад аюулгүй байдал бүрэн хангагдахгүй байна. Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журмаар аж ахуйн нэгж бүр хяналтын алба, ажилтантай байх ёстой. Энэ баг, хэлтэс нийтлэг журам болон салбарынхаа онцлогт тохируулсан дүрэм журмыг боловсруулж хөдөлмөрийн болон техник ашиглалт, аюулгүй байдал хангагдаж байна уу, иргэдэд чанартай үйлчилгээ үзүүлж чадаж байна уу гэдэгтээ байнга хяналт тавьж, зөрчил дутагдлаа илрүүлж ажлаа сайжруулах ёстой.

 

-Гэтэл ихэнх байгууллагууд дотоодын хяналтгүй, түүнийгээ ойлгодоггүй. Зарим нь бүр эсрэгээрээ хяналт шалгалт бол зөвхөн мэргэжлийн хяналтын байгууллагын үүрэг гэж ойлгодог. Мэргэжлийн хяналт л хэлэхгүй бол аюулгүй байдлаа хангах, хууль журмаа хэрэгжүүлэх үүргээ ухамсарладаггүй.

 

-Мэргэжлийн хяналтын байгууллагаас үйл ажиллагааг нь зогсоох акт өгсөн, торгууль шийтгэлийг тавьсаар байтал дур мэдэн бизнесийн ашиг сонирхлоор үйл ажиллагаа явуулдгаас болоод том хэмжээний осол, зөрчил дутагдал гарч байна.

 

– 2013 оноос хойш барилгын ажил эхлэх зөвшөөрөл, улсын комиссоор хүлээн авах ажлууд өөр бусад байгууллагад шилжсэнээр шинээр хаана ямар барилга, объект баригдахаар зөвшөөрөл авсан болон ашиглалтад орсон эсэх талаар мэдээлэл дутмаг байгаагаас хяналт шалгалтыг оновчтой хэрэгжүүлэхэд хүндрэл гарах болсон. Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, угсралтын ажил эхлэх зөвшөөрөл олгох, улсын комиссоор хүлээж авдаг үйл явцыг хэрэгжүүлж байгаа төрийн байгууллагуудын уялдаа холбоо ч хангалтгүй байна.

 

-Далдлагдсан ажил актаар нотлогдохгүй бол ухаж гаргаж ирж үзэх эрхтэй. Энэ бүгд цогцоороо мэргэжлийн түвшинд хийгдэж чадвал баталгаатай болж иргэд ч чанартай үйлчилгээ авах үндэс бүрдэнэ. Өмнө нь үүнийг мэргэжлийн хяналтын байгууллага цогцоор нь хэрэгжүүлж байсан учраас харьцангуй сайн хяналт тавьж, мэдээллийн нэгдсэн сантай болж байсан. 2013-2018 онд мэргэжлийн хяналтын байгууллага энэ бүгдэд оролцохоо больсноос хойш нэг байгууллага зураг төсөл боловсруулж, нөгөө нь зөвшөөрөл олгодог, явцын хяналт сайн хийж чаддаггүй. Дээрээс нь зөрчилтэй байхад улсын комисс хүлээгээд авчихдаг дүр зурагтай болсон.

 

-Аюулгүй байдал алдагдаад байгаа шалтгаан нь зураг  төслийн байгууллагууд норм, дүрмийг буруу хэрэглэдэг. “Зөрчилтэй” зураг төсөлд нь зөвшөөрөл өгч, угсралт хийдэг. Тэгээд улсын комисс ашиглалтад авдаг. Ингэж анхаасаа буруу эхэлснээс аюулгүй байдал алдагдаж байна. Тухайн чиглэлийн байгууллагууд мэдээллээ шуурхай харилцан солилцдог байх хэрэгтэй. Тухайлбал, ийм байршилд барилга баригдаж, угсралтын ажил хийж байгаа компаниудын мэдээлэл манайд ирж байх ёстой.

 

-Зураг төсөл боловсруулж байгаа байгууллагын чадамж, мэргэжлийн байдлаас хамаараад норм дүрэм зөрчигддөг. Гэр хороолол дунд галын аюулгүйн зай хэмжээг зөрчин тэсэрч дэлбэрэх объект барьсан тохиолдол цөөнгүй. Төрийн байгууллагын уялдаа, мэдээлэл хангалтгүйгээс мэргэжлийн хяналтын байгууллага хаана, ямар байгууллага шинээр баригдаж байгааг мэдэх боломж дутмаг.

 

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ