Хөрс судлалын хүн судар

2019-05-20

С.УЯНГА

Хэр удаан амьдарсан нь нэг л шалгуур. Харин юу хийж, бүтээв гэдэг л хэрхэн амьдарсны үнэлэмж юм даа. Миний чадах зүйл бол олж мэдсэнээ бусдад түгээж, өвлүүлж үлдээх. Үүнээс өөр юм хийж чадахгүй. Наймаа хийж, зураг зурж, дуу дуулж, бүжиглэж, аягүй бол худлаа хэлж чадахгүй хүн дээ, би. Харин үзэг барьж бичиг цаас ноороглож суух л жаргал хийгээд ганц чадах зүйл минь. Ингэж хэлсэн эрхэм бол олсон, мэдсэн, хуримтлуулж түгээснээрээ онцгой нэгэн. Түүний эзэмшсэн мэргэжил, эрэл хайгуул хийсэн цаг хугацааны дэнсийг эргүүлж сөхвөл нээрэн л бусдад тустай зүйл хийж юу хийж бүтээв гэдэг л хүний амьдралын хэмжүүр, мөн чанар, үнэлэмж юмсанж.

Хөрс судлалын талаарх бүрэн зураглалыг тольдоё гэвэл яаж ийгээд л доктор, профессор Д.Аваадоржтой холбогдоно. Төрийн бодлого шийдвэр, хүний нөөц, шинжлэх ухааны судлагдахуун, гарын авлага гээд энэ салбарынхаа “амьд” судар нь болсон энэ эрхмийн оруулсан хувь нэмэр, үүрэг ролийг үгээр илэрхийлж гүйцэмгүй. Харин өнөөг хүртэлж явж ирсэн зам мөр, үйл хэрэг нь “хэлээд” өгнө. Д.Аваадорж амьдралынхаа 50 гаруй жилийг атар газар, хөрс судлалд зориулсан бол өдгөө ч дэвтэр бал нийлүүлж, ухаан бодлоо чилээж  сууна.

Үүний багахан илэрхийлэл бол Д.Аваадоржийн амьдардаг байшингийн өнцөг булан бүрт энэ салбартай холбоотой ном, бүтээл, туурвил өрөөстэй. Бэх нь хатаагүй гар бичмэл үргэлж л ширээн дээр дэлгээстэй байх. Харин тэрхүү эрдэнэсийн сангийн  нэлээдийг өөрөө бичиж нийтэлжээ. Д.Аваадорж 200-гаад бичмэл, эрдэм шинжилгээний бүтээл туурвисны дунд 20 гаруй ном, сурах бичиг бичсэнийг улсын хэмжээнд дагаж мөрдөж буй юм. Байгалийн шинжлэх ухаан дундаа хөрс судлалын амьд судлагдахуун, нэвтэрхий тол болсон эгэл хүмүүний арвин баялаг “Амьдралын тойрог”-оор аялснаа хүргэе.

 

12 НАСТАЙ СУРАГЧ  БОЛЖ, ЗӨВЛӨЛТИЙГ ЗОРЬСОН НЬ

Зээтэйгээ.

Д.Аваадоржийн эрдмийн мөр хөөсөн, энэ мэргэжилтэй холбогдсон түүх өвөрмөц сонин. Хонь хариулж явсан 12 настай хүү гэнэт л сургуульд ормоор санагдаж  бэлчээрээсээ сумын төв рүү давхисан гэдэг. Харин хөрс судлалын шинжлэх ухаан руу  санаандгүй уруу татагдсан нь түүнийг анхлан гадаад ертөнцтэй танилцуулж, өнөөгийн амьдралынх нь өргөн зам мөрийг нээж өгчээ.

Д.Аваадоржийн бага нас 1940-өөд оны дундуур, дайны дараах жилүүдэд олон ам бүлтэй ард хэрхэн  аж төрж байсны нэгэн төлөөлөл. Тэрээр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын хүн. Хуучнаар бол Хонгор сумын Байшинтын дивиз буюу чөлөөлөх дайны урд талын гол цэгт төрж, өсчээ. Эцэх, эхээс  долуулаа учраас бужигналдаж өссөн тухайгаа “4-5 настайгаасаа л хурга хариулж тусад орсон. Хонь саахдаа хургаа буруулна. Айлууд голдуу л 30-аад хонь саана. Тэр хооронд цаг хүрэхгүй хугацаанд  хурга хариулна гэдэг хамгийн өнгөрдөггүй урт хугацаа байлаа. “Хонио удаан саадаг айлд туслаарай” гэж ээжээс гуйна. Ээж минь нэг харахад бараа хураачихсан тэргэн дээр гарчихсан даллаж байдагсан. Тэгээд л хургатайгаа зэрэгцээд гэрлүүгээ гүйх хамгийн жаргалтай үе байсан даа. Хургаа нийлүүлсний дараа хонь майлах вий гэж их айна. Тэр өдөр хурга тасарсан бол эх нь майлдаг байсан учраас сэтгэл их зовдог байсан” хэмээн бага нас, аав, ээжийгээ дурслаа.

Түүний нагац ах эгэл малчин ч бичгийн хүн байсны ачаар зургаан настайдаа цагаан толгой, дөрвөн аргын тоо сурчээ. Тэгээд найман настай сургуульд орох гэтэл аав нь “Миний хүү гол ажлын хүн. Нэг жил өнжчих. Цагаан толгойн үсгээ мэдэх юм хойно хоёрдугаар ангиас  ор” гээд эгчийг нь сургуульд явуулсан байна. Дараа жил нь сургуульд орох гэтэл мөн л “Нэгдүгээр улирал дууссаны дараа Октябрын баяраар ороорой” гэж байтал аав нь ослоор өнгөрч тэднийх цугаараа хөдөө гарчээ. Түүнээс хойш 12 нас хүртлээ 6-7 айлын мал маллаж, малчин болохоор шулуудаад байж. Гэтэл нэг өдөр хонио хариулж явтал хүүхдүүд сургуульд явахтай хэд хэд таарахтай зэрэг гэнэт л сургуульд орохоор шийдээд хонины бэлчээрээс сум руу давхичихаж. Өдөржин сургуулиар эргэлдэж байгаад нэг багштай уулзахад “12 настай бол хэцүү дээ” гээд захирал дээр аваад оржээ. Гэтэл захирал нь “Нас хэтэрсэн байна. Хоёрдугаар ангид оруулаад нэг сар харъя” гэсэн байна.  Сургуульд орох нь гээд бөөн хөөр болоод гэртээ иртэл ээж, өвөө хоёр нь хэсэг зэмлэнгүй байснаа аргагүйн эрхэнд зөвшөөрснөөр ийнхүү 12 настай сурагч болж эрдмийн мөр хөөх их замын эхлэл тавигдсан түүхтэй.

Д.Аваадорж угийн л сурлага сайн, идэвх санаачлагатай хүүхэд байсан учраас аравдугаар анги хүртлээ ангийн дарга хийгээд ахлах ангиа төгсөх дөхөхөд сумынхан нь Бригадын дарга болгох тухайгаа хэлсэн байна. Шийдвэр гаргаж чадалгүй тээнэгэлзэж байтал Дээд боловсролын хорооноос хүн ирж аравдугаар ангийнхантай уулзахдаа Д.Аваадоржийг шууд л ЗХУ-д хөдөө аж ахуйн мэргэжлээр суралцуулна гэсэн байна. Тэрээр “Би явахгүй. Эмч болно” гэдгээ хэлэхэд хүүхдүүд хуваариа авч дууссаны дараа хамгийн сүүлд дахиж дуудахдаа “Зөвлөлтөд очсны дараа мэргэжлийг чинь солиод өгье” гэж хэлчихээд явж. Гадаад руу сургуульд явах тухайгаа гэрийнхэндээ хэлэхэд  тээр хол яаж явна гээд л хөдөөний хэд нь бөөн  дуу шуу, уйлаан болцгоосон гэнэ. Өвөө нь радиогоор явдаг Москвагийн нэвтрүүлгийг сонсоод “Энэ нэг дон дон гэсэн дуу мөн ч холынх доо. Миний хүү тийшээ л явах нь байна” хэмээн шүүрс алдаж байсныг дурсахдаа “Хөөрхий дөө, тэр үед өвөө минь радиогийн дуугаар л миний явах газар ямар хол байсныг төсөөлсөн хэрэг” гээд нүүр дүүрэн инээмсэглэв. Ингэж Зөвлөлт рүү агрохимич, хөрс судлаач мэргэжлээр сурахаар гадаад ертөнцийн босгоор алхсан тухайгаа “Намар их уйтгартай. Бороотой бүрхэг урт өдрүүд үргэлжилнэ. Дээр нь хичээлээ ойлгохгүй хүндхэн үе байсан. Гэхдээ л дөрвөн жил гаруй сурахдаа сайн багш нарын хүчинд толгой өвдөөгүй дээ.Тоо, хими, Орос хэлний хичээлээс айдаггүй байлаа. Онц сурлагатай, сахилга баттай гээд хааяа амралтаар гэрт хариулна. Мөнгө хийдэг дугтуйнд үсний боодол, дүрдэг бэх хийгээд эгч нартаа явуулна. Захиа ирж, очиход дор хаяж гурван сар зарцуулна. ЗХУ-д ёстой л хүнийг хүмүүжүүлэх, мэдлэг олгох гэдэг гайхалтай үед сурсан нь азтай хэрэг” гэсэн юм.

 

ГЕРМАНД ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ БОЛОВСРОЛ ШИНЖЛЭХ УХААН ХАРИУЦСАН НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР ТОМИЛОГДЖЭЭ

Гэр бүлийнхэнтэйгээ.

Хэдийгээр түүний хэлснээр эхэн үе хөрс судлалын мэргэжлийг сонгох бодолгүй хүчээр энэ салбартай холбогдсон мэт боловч тавдугаар ангидаа аймгийнхаа сонинд “Хадсан өвсөө хэрэглэмээр байна” мэдээ бичсэн нь  Даваадорж нэрээр хэвлэгдэж байжээ. Сүүлд сургууль төгсч ирээд 1969 онд “Бордоо хэрэглэж ургац нэмэгдүүлэх боломж” мэдээгээ Үнэн сонины тэргүүн нүүрт гаргаж байснаас харвал түүний энэ шинжлэх ухаантай холбогдсон хийгээд бичгийн хүн болох эхлэл хоёул бүр бага залуу насандаа тавигдаж байсан гэж хэлж болохоор.

Д.Аваадорж ЗХУ-аас хагас жилийн өмнө  дипломаа хамгаалж ирээд долоо хоногийн дотор ажилд орсон байна. Тэрээр ажил, амьдралынхаа ихэнх хугацааг багшлах, тэр дундаа хөдөө аж ахуйн салбарын гол мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх ажлыг гадаад, дотоодгүй гардан хариуцаж, судалгаа шинжилгээний ажлаа ч орхигдуулалгүй хийж ирсэн байна.  Ажлын анхны гараагаа Хөдөө аж ахуйн яамны атрын экпедицээс эхэлсэн нь атар газрыг хөрсний ямар үзүүлэлтээр сонгох, хэрхэн хамгаалах ашиглах талаарх нарийн төвөгтэй судалгаа шинжилгээнии ажлынх нь гараа болж. Хөдөө аж ахуйн яамны атрын экпедицэд дөрвөн жил ажиллачихаад Герман руу аспирантурт явсан тухайгаа “Тэнд дөрвөн жил байх хугацаанд хөгшин маань хоёр охинтойгоо үлдээд амьдрал тийм амар байгаагүй. Долоо хоногийн чөлөө аваад жилд хоёр  удаа ирнэ. Сайн ажилласан гээд урамшууллаа  ахиулж авна. Тэр мөнгөөрөө өөрийгөө болгоод гэр бүлээ давхар тэжээгээд л байсан. Төрийн буян ард түмнийхээ хишгээр сайхан газраар явж, их юм сурч мэдсэн дээ. Хань минь насаараа радио телевизэд ажилласан сэтгүүлч” гэв.

Германд мэргэжил дээшлүүлж ирээд Хөдөө аж ахуйн дээд сургуульд мөн л 4-5 жил ажиллаад буцаад л Герман руу Элчин сайдын яамны Боловсрол шинжлэх ухаан хариуцсан Нарийн бичгийн даргын томилолт өвөртөлж гэр бүлээрээ нүүснээр тус улсад амьдралынх нь арваад жилийн дурсамж үлджээ.  Энэ тухай “Германд сурч байгаа оюутан залуусыг харж хандана. Оролцохгүй зүйлгүй. Мэргэжил дээшлүүлэхээс гадна шинжлэх ухааны солилцоо гээд нэлээд өргөн хүрээнд ажилласан. Тэндээс буцаж ирэхдээ сургуульдаа тэнхимийн эрхлэгчээр хэсэг ажилласан. Би ер нь хэнхэгдүү. Багш нарынхаа өмнөөс хичээл зааж хэтэрхий их ажилласнаас болж хоолой муудаж, ларингит өвчтэй болж өргөдөл бичиж өгөөд гарсан. Тэгээд эргээд анхныхаа ажилдаа очиж судалгаагаа хийж байгаад л гавьяандаа гарсан даа” гэв.  Тэрээр хөдөө аж ахуйн салбарын салаа мөчир бүрийг судалж, нарийн мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэж, уйгагүй судалгаа хийж ирсэн. Нэг ёсондоо байгаль орчин дундаа хөрс, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газар тариалангийн систем,  газрын шимийг сайжруулах, хөрсний бохирдол доройтол, уул уурхайн нөхөн сэргээлт гээд өргөн сэдвээр судалгаа шинжилгээ хийхэд уйгагүй зүтгэл, хөдөлмөр бүтээлээ бүрэн дүүрэн зориулж ирсэн байдаг. Түүний энэ гавьяаг үнэлж долоон удаа тэргүүний ажилтан болгосон талаар сонирхуулахдаа“Залуучуудтай ажиллаж ирснийг минь үнэлж залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч тэмдгээр шагнасан бол сүүлд  бэлчээр, тариалан, хөрс гээд байгаль орчин, хөдөө аж ахуй, газрын менежмент,  шинжлэх ухааны тэргүүний ажилтан болсон. Хамгийн сүүлд Ардын гэгээрлийн тэргүүний ажилтныг хоёр жилийн өмнө олгосон. Ингээд долоон тэргүүний ажилтантай. 2000 онд Алтангадас одонгоор шагнуулсан” гээд инээмсэглэж суув.

 

“ХӨРС”-ГҮЙГЭЭР ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, УЛС ОРНЫ ХӨГЖИЛ ЯРИХ БОЛОМЖГҮЙ

 

Уур амьсгалын өөрчлөлт, хөрсний бохирдол бол зөвхөн Монгол төдийгүй дэлхий нийтийн санааг зовоож буй хамгийн эмзэг сэдэв болоод байна. Тиймээс дэлхийн дулааралтай тэмцэх гарц гаргалгаа, төрийн бодлого гээд сүүлийн үеийн судалгаа шинжилгээтэй холбогдуулан яриагаа үргэлжлүүллээ.Тэрээр “Байгалийн үндсэн нөөц бол ус, хөрс, агаар. Бүхий л зүйл хөрснөөс хамаардаг. Хөрс сайтай газар хөгжил сайн байдгийн жишээ бол Энэтхэгийн Ганга мөрөн, Нил, Шар мөрөн гээд үржил шимтэй газруудад соёл иргэншил бий болсноос харж болно. Грекийн эртний гүн ухаантнууд  хүн гэдэг үг хөрснөөс үүдэлтэй гэж хэлсэн байдаг. Хүнлэг гэдэг үг хөрсний шинж чанарыг илэрхийлдэг. Хөрс бол ерөөс хүний, амьдралын үүсэл юм. Хөрс агаар, ус, хатуу биет гэсэн үндсэн гурван бүрэлдэхүүнтэй. Бидний хүрээлэн буй орчин бол агаар, ус, эрдэс чулуулаг шүү дээ. Энэ гурав хөрсөнд байдаг. Тэгэхээр организмын үндсэн бүрэлдэхүүнтэй адил. Хамгийн их организм төвлөрсөн ус, агаар, чулуулагтай орчин нь хөрс байдаг.

Хөрс бол өнөөдрийн глобальны эко системийг тодорхойлж байна. Тиймээс хүн төрөлхтөн хөрсийг арчилж хамгаалах, зөв зохистой ашиглах талаар ярихгүйгээр шинжлэх ухаан, үйлдвэрлэл гэж байхгүй. Хөрс гэж юу болох, ямар үүрэгтэйг  мэдэхгүй мөртлөө хүн бүхэн хөрс бохирдлоо, доройтлоо гэж ярих юм. Чухам цаад учир шалтгаан үндсэн утгыг нь ойлгохгүй байгаагаас биелэхгүй байгаа юм. Уялдаа холбоог нь ойлговол хөрстэй холбоо хамааралгүй юм гэж үгүй.

Агаарт цацагдсан утаа, усанд орж байгаа хорт бодис эргээд л хөрсөнд нэвчдэг. Тэр бодис хөрсөнд ороод яаж хувирч өөрчлөгдөж юунд нөлөөлж байна вэ гэдгийг олж харж  байж хөгжлийн тухай ярих боломжтой” гэсэн юм.

Тэгвэл хөрсийг хэрхэн хамгаалах, зөв ашиглах талаар лавлахад “Төрийн бодлогыг буруу, зөв гэж ярих нь илүүц. Өнөөдрөө бодоод жаахан алсыг хараад л явж байгаа асуудал. Гол санаа зовох зүйл бол ард иргэд. Төр засаг, эцэг эх, ард түмнээ муу хэлээд  урагшлахгүй. Иргэн бүр хичээх юм бол шийдэж болно. Явах зам, хөрс шороогоо хүн бүр арчилж тордож, арай өөр сэтгэлээр хандвал аюул болохгүй. Хөрсөнд байгаа хорт бодис хаашаа явж байгаа. Амьтан ургамлаар дамжаад хүнсний сагсанд орж ирж байна уу. Аль эсвэл ундны усанд орж, агаарт дэгдэж амьсгалуулж байна уу гэдгийг илүүтэй үзэж судлах учиртай. Бодлогыг хөрсөн дээр буулгахдаа хууль журмыг хүн бүхэн дагаж мөрдвөл бүх салбар хөгжинө. Болохгүй бүтэхгүй гэж ярихдаа гол биш. Батлагдсан хуулийг хүн бүр дагаж мөрдөж чадвал энэ бол хамгийн нандин чанар.

Манай улс дэлхийн дунджаас гурав дахин дулаарч байна. Уур амьсгалын өөрчлөлт, дулаарал Монголд ууршилтыг ихэсгэж байна. Ууршилт гэдэг бол хөрсөнд байгаа шингэн усыг гадагш нь ууршуулж байгаа хэрэг. Үүнээс болж чийг багасна. Нөгөө талаас ургамалд шингэж органик массыг бүрдүүлээд ууршуулж байгаа ус бол хэрэгтэй. Ингэж органик бодисыг бүрдүүлж байна гэсэн үг. Харин халцгай газраас ууршиж байгаа ус бүтээгдэхүүн бус. Энэ ууршилтыг зохицуулж зөв ашиглах нь хамгийн чухал. Гагцхүү гарцаа олох нь чухал болохоос боломжгүй зүйл үгүй. Уур амьсгалын өөрчлөлтийг саармагжуулах үндсэн арга бол хот, хөдөөгүй моджуулж, ногооруулж, өвс ургамалтай болгох юм. Үерийн усыг хуримтлуулаад мод, бут, сөөг, зүлэг ногоо ургуулах хэрэгтэй. Үүнд хүн бүрийн уйгагүй ажиллагаа хэрэгтэй. Түүнээс хоёр хүний нэг нь хамгаал гэж хэлээд зогсч болохгүй. Нийтээрээ эх оронч байх учиртай” гэлээ.

Доктор, профессор Д.Аваадорж энэ жил Хөрс судлалын далдлага ба лабораторийн ажил номоо шинэчлэн хэвлүүлээд байгаа бол энэ салбарт хийх, судлах зүйл их байна хэмээн мөн л үзэг цаасаа нийлүүлж сууна. Тэрээр ярианыхаа төгсгөлд “Хөрс судлалын шинжлэх ухаан харьцангуй шинэ. Монголын онцлогоос харахад манай орны газар нутаг том, эрс тэс уур амьсгалтайн дээр алаг цоог жигд бус хөрстэй. Тухайлбал, Улаанбаатарын хөрс бохирдлоо л гэдэг. Хэдэн төрлийн хөрс байгаагүйг хэн ч мэдэхгүй шүү дээ. Өнөөгийн шинжлэх ухааны түвшинд судлах боломж ч хомс байна. Ер нь юмс үзэгдэл үйл явцын шүтэлцээ барилдлагыг гаргаж чадах хэрэгтэй” гэсэн юм. Энэ амьдралдаа хэлэх үг, хийсэн бүтээсэнтэй эрхэм хүмүүний амьдралын нэгээхэн хэсгээр аялахад ийм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.5.20  даваа  103  (6070)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ