Хятадын “Буйд нутаг”-т ганцаар үлдсэн бүсгүй

2019-05-19

Б.ДОЛЖИНЖАВ

Сэтгэл тайвшруулах ятгын зөөлөн аялгуу эгшиглэж хөшиг нээгдэхэд Хятадын эртний тосгоныг санагдуулам өргөөнд ширээ тойрон эмгэн хүү, бэр хоёртойгоо сууж байна. Эмгэн юм хардаггүй аж. “Шинэ үе” продакшн, найруулагч Н.Наранбаатарын хамтын бүтээл Хятадын зохиолч Цао Юй-гийн “Буйд нутаг” драмын жүжиг энэ сарын 18-наас өдөр бүр Соёлын төв өргөөнд гарч эхэлсэн нь энэ юм. Жүжгийн продюсерээр гавьяат жүжигчин Н.Ариунболд буюу Бооёо ажиллаж мөн туслах дүрийг бүтээжээ.

Зохиолч Цао Юй-гийн талаар ерөнхий найруулагч Н.Наранбаатар “Цао Юй-г Хятадын Шекспир ч гэж нэрлэдэг. Зохиолууд нь жүжигчдээс их ур чадвар шаарддаг. Бидний амьдралын хамгийн нандин утсыг хөндөж бичдэгээрээ алдартай. Бид онгон зэлүүд газрыг хараад сайхныг нь магтаж, дуу алддаг. Тийм зэлүүд буйд нутагт хүмүүс амьдраад ирэхээр тэнд ямар сэтгэлтэй хүмүүс амьдарснаар нь тэр газрын өнгө тодорхойлогддог” гэж ярьсан юм.

Хараагүй эмгэний дүрийг ардын жүжигчин С.Сарантуяа бүтээсэн нь жүжгийн гол цөм нь байв. Түүний дүр бол амьдралын хар бараан, өс хонзон гэгч аймшигт зүйлийн төлөөлөл. “Энэ насандаа зөв амьдрахгүй бол үр хүүхэд тань өөрийн чинь хийсэн муу зүйлийн үрийг амсаж өс хонзонгийн зангилаа ургаж төлжсөөр л байх болно” гэж төгсгөлд нь хэлснээр жүжгийн зангилаа ч тайлагдав. Алхаа гишгээ, хараагүй хүний ааш аяг, хүүгийнхээ төлөө бүхнээ зориулж, өмнөөс нь бэрээ хардаж, үзэн ядаж, хүүгээ алдах вий гэхээс айж түгшин шаналж байгаа эхийн дүрийг тэр үнэхээр чадварлаг гаргажээ. Тэрээр нөхрөө алдаж хүү, ач хүү хоёртойгоо л үлдсэн аж. Ач хүү нь өмнөх бэрийнх нь хүүхэд. Шинэ бэрийгээ ёс журамгүй, хүүгийнх нь эзгүйд өөр хүнд өврөө нээдэг муу эмэгтэй гэж бодож, цаг үргэлж мөрдөж, бүр амийг нь хороохыг хүснэ. Гэвч энэ нь гагцхүү ганц хүүгээ муу хүнтэй суулгахгүй гэсэн эхийн сайхан сэтгэл юм. Хүү нь энэ эхнэртээ их хайртай, гоёл чимэглэл, эд хөрөнгөөр ч болтугай өөртөө татаж хажуудаа байлгахыг хүснэ.

Жинхэнэ хайр нь бүтээгүй, өөрийнхөө хүслээр бус хадам аавынхаа эрхээр хараагүй эмгэний бэр болон ирсэн бүсгүйн дүрд “Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул тогложээ. Хайртай залуу нь нөхрийнх нь багын найз төдийгүй хадмынх нь талтай өс хонзонгийн холбоотой байдал нь түүнийг улам зовооно. Нөхөр нь өөр газар руу яваад ирэхдээ гоё чамин бөгж, зүүлт авчрах боловч энэ бүхэн түүнд аз жаргал үл бэлэглэнэ. Түүний эцсийн хүсэл хайртай хүнтэйгээ хамт “Буйд нутаг” руу явж хүссэнээ хийж амар тайван амьдрах байлаа. Гэвч хайртай залуу нь  шоронгоос гарч ирээд өс хонзондоо шаралхсандаа нөхрийг нь, нөхрийнх нь дагавар хүүг хөнөөж эмгэний үр удам үүрд тасарна.  Нөхрийнх нь үр удмыг тасалж, өс хонзонгоо авч хүслээ биелүүлсэн залуу ч буудуулж хөөрхий эмэгтэй цор ганцаар үлдэнэ. Амьдралаас аз жаргалыг хайсаар, тэрхүү аз жаргалаа олно гэж итгэсээр зовж шаналсаар юу ч үл авч чадаж ганцаар үлдлээ. Жүжгийн гол дүр, цөм нь хараагүй эмгэн, бэр хоёр байв.

Эмгэний туслахын дүрд Төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар тогложээ. Энэ дүрийг хараад л “Газар шороо” киноны “Бээжин Даш”-ийн дүр санаанд шууд буув. Зальтай, санаа муутай хүний ааш аягийг тун сайн харууллаа. Тэрээр дүрээ хүний сэтгэл зүрхэнд мөнхийн хаддаг жүжигчин. Энэ удаа архинд дуртай, уухаараа бүх үнэнээ хэлчихдэг хүний дүрийг бүтээжээ. Сохор эмгэн хүүгийн эзгүйд бэрээ мөрдүүлэх гэж түүнийг шөнөөр өргөө рүү нь явуулна. Энэ үеэр бүсгүйн хайртай залуу шоронгоос гарч ирсэн байсан тул үүнийгээ нуухын тулд бас хадам ээж нь түүнийг хэрхэн боддог бодлыг нь сонсохын тулд түүнд архи өгч аргална.

Хятадын зохиолч Үй Хуа-гийн “Амьдрахуй” романы Фу Гүй бол хөдөө тосгонд нэгэн насаа элээж, алдах онохын засварт ганц биеэр үлдтэлээ хайртай хүмүүсээ алдсан нэгэн гэдгийг уншигчид андахгүй байх. “Амьдрахуй” романд Фу Гүйгийн эцэг эх, хань ижил, үр хүүхэд хөндлөнгийн ямар нэг шалтгаанаар мөнх бусыг үзүүлж гол дүр цор ганцаар үлддэг. Гэтэл энэ жүжигт сохор эмгэний үр удам тасарч, тэднийд бэр болон ирсэн бүсгүй ч ганцаар үлдэнэ. Энэ жүжиг үнэхээр бидний зүрх сэтгэлийн олон утсыг хөндөж, амьдралын тухай, үйлийн үр, өс хонзон, хэзээ ч бие биеэ үл мартах жинхэнэ хайрын тухай гээд олон зүйлийг эргэцүүлэхэд хүргэв.

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • 4 сар

    Ач хүүг тэр залуу биш сохор эмгэн өөрөө алдаг. Өөрөө үр удмаа дуусгадаг

Холбоотой мэдээ