Долоо хоногийн фото тойм

2019-05-19

2019-05- 13  Даваа гариг

МАН:Иргэдэд барьцаагүй, бага хүүтэй 20 саяын зээл олгоно

УИХ дахь МАН-ын бүлэг иргэдэд Итгэлийн зээл олгох хуулийн төслийг дэмжжээ. МАН-ын 2016 оны сонгуулийн Мөрийн хөтөлбөрт “Иргэдэд барьцаа хөрөнгө шаардахгүй иргэдэд итгэлийн зээл олгоно”гэж заасныг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт суулгасан байна.

18 нас хүрсэн Монгол Улсын иргэн зээл авч болно. Зээлээ хугацаандаа эргэн төлсөн тохиолдолд дараагийн зээл авах боломж олгоно. Зээлийг төр хариуцаад Төрийн банкаар дамжуулан жилийн гурван хувийн хүүтэй олгохоор төсөлд тусгасан” гэв.

Ажлын хэсгийнхэн эхний жилд 200-300 тэрбум төгрөгийг Итгэлийн зээл олгоход зарцуулах тооцоолол хийж,  Итгэлийн зээл олгох хуулийн төслөө Засгийн газарт өргөн мэдүүлээд байгаа аж.

Э.Эрдэнэжамъян: Д.Дамба-Очирыг эх орноосоо урваж,тагнуул хийсэн үндэслэлээр шалгах ёстой

Нийслэлийн МАХН-ын дарга, хуульч  Э.Эрдэнэжамъян мэдээлэл хийж, хариуцлага тооцохыг шаардлаа. Тэрээр хэлэхдээ  “УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын үйлдэл бол Эрүүгийн хуульд зааснаар  улсын нууц задруулсан маш том гэмт хэрэг.

 Мөн эх орноосоо урвасан, тагнуул хийсэн гэмт хэрэг юм.  Энэ хүн 2016 онд Оюутолгойн гэрээ хийгдэх үeд гишүүн байсан. Энэ нь гэрээг батлалцахад дэмжлэг үзүүлсэн гэсэн үг. Магадгүй Оюутолгойн гэрээг байгууллалцсаныхаа хариуд өөрийн хувийн компанидаа ямар нэгэн ажил тeндeр авсан байхыг ч үгүйсгэхгүй.

Фото@Үндэсний мэдээллийн төв

 

2019-05-14  Мягмар гариг

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар  мэдээлэл өглөө.

Оюутолгойн гэрээтэй холбоотой авлига авсан байж болзошгүй  нөхцөл байдал яригдаж байна. 4-5 хүний асуудал яригдаж байна. Нэрийг нь хэлэх боломжгүй. Ер нь  тухайн үед гэрээнд гарын үсэг зурсан хүмүүс байгаа.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Албан ёсоор тайлбар авъя” гэсэн учраас өгсөн гэж харж байгаа. Түүнд ямар материал байсан эсэх, Эдийн засгийн байнгын хороо өөрсдөө шийдээд өгсөн юм уу, УИХ-ын удирдлагуудтай зөвлөлдөөд өгсөн юм уу гэсэн албан ёсны мэдээлэл алга.

Стандарт банктай холбоотой өрийн асуудлыг төлсөн. Одоо Стандарт банктай холбоотой хохирлыг Ш.Батхүүгийн өмчлөлд байсан хөрөнгийг хураах замаар “Эрдэнэт” үйлдвэрийг хохиролгүй болгох хүсэлтийг хуулийг байгууллагад хүргүүлсэн. Ш.Батхүүгийн хувьд 40 сая ам.доллар хангалттай хүрэх хэмжээний хөрөнгөтэй байсан боловч бэлэглэлийн гэрээгээр бусдад шилжүүлсэн байсан.

Фото@polit.mn

2019-05-15  Лхагва гариг

Нийслэлчүүд түүхий нүүрс хэрэглэхгүй

Засгийн газрын  62 дугаар тогтоолоор  нийслэл Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахгүй, хэрэглэхгүй байх журмыг мөрдөж эхэллээ. Гэвч энэ  ажил  иргэдийн ухамсартай тулж ажиллахгүйгээр амрархан хэвшихгүй. Иймд ЭМЯ  “Түүхий нүүрсний хор уршгийг иргэдэд таниулах өдөрлөг”-ийг төв талбайд зохион байгуулав. Өдөрлөгт Эрүүл мэндийн яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, НМХГ, ДЭМБ-ын төлөөлөл  оролцсон юм.

Энэ үеэр түүхий нүүрсний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөний талаар  дотоод, гадаадын  эрдэмтэн, судлаачдын  илтгэлийг танилцуулсан. Мөн  иргэн бүр хариуцлагаа ухамсарлаж,  сайжруулсан шахмал түлш хэрэглэх, зуухны төрөл, сонголт, хэрэглээний тухай  мэдээлэл өгөв.

Фото@ зууны мэдээ сонин

2019-05-16  Пүрэв гариг

Гишүүн асан Д.Гантулгатай холбоотой асуудлаар Цэц маргаан үүсгэжээ

Судлаач Д.Ганхуяг  УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг бүрэн эрхээс нь чөлөөлсөн УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж,  Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаад байсан.  Тэрээр  Үндсэн хуулийн 66 зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн гомдол гаргасан талаараа тайлбарласан. Тэгвэл Үндсэн хуулийн цэц түүний гомдлын дагуу маргаан үүсгэсэн байна.

Үүний өмнө Хэнтий аймгийн Баянхутаг сумын II багийн иргэн С.Мөнхцэцэг Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргаж, Хэнтийн 42 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийг хойшлуулж байсан юм. Тэгэхээр энэ удаад Үндсэн хуулийн цэц Д.Ганхуягийн өргөдөл, мэдээллийг авч хэлэлцэх нөхцөл байдал үүслээ.

Фото@montsame.mn

 

2019-05-17  Баасан гариг

Элчин сайдад нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?

Засгийн газрын хуралдаанаар долоон улсад шинээр томилох Элчин сайд нарын асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсаас:

Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бархасын Дорж,

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жигжээгийн Сэрээжав,

Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шагдарын Батцэцэг,

Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямдоржийн Анхбаяр,

Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвдэндоржийн Жанабазар,

Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Воршиловын Энхболд,

Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдинсүрэнгийн Даваасүрэн нарыг тус тус томилуулах саналыг хэлэлцэн дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Фото@polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ