Ерөнхийлөгч БНХАУ-д Төрийн айлчлал хийж, “Бүс ба зам” чуулганд оролцоно

2019-04-24

Т.САЙХАН

Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар тус улсад Төрийн айлчлал хийж байна.  Тэрээр өнөөдөр болон маргааш БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, албан ёсны хэлэлцээ хийнэ.  Харин дөрөвдүгээр сарын 26-28-нд Бээжин хотноо болох “Бүс ба зам” дээд түвшний хоёр дахь удаагийн уулзалтад оролцох юм. Энэ нь Төрийн тэргүүний анхны томоохон хэмжээний айлчлал болж байна. “Бүс ба зам” дээд түвшин уулзалтыг Ши Жиньпин дарга санаачилсан бөгөөд хоёр жилд нэг удаа болдог. Өмнөх уулзалтад Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат оролцож байсан юм.

Ерөнхийлөгч “Бүс ба зам” дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтын төлөөлөгчдийн тэргүүн нарын дугуй ширээний уулзалтад оролцож, үг хэлэхээр төлөвлөжээ.  Мөн ирэх баасан гаригт Монгол Улсын Төрийн тэргүүний айлчлалын үр дүнгийн талаар Хятадын  Гадаад хэргийн яамнаас албан ёсны хэвлэлийн бага хурал зохион байгуулах юм байна. Түүнчлэн, Ерөнхийлөгч айлчлалынхаа хүрээнд хоёр орны жүдо бөхийн тамирчдын хамтарсан бэлтгэлтэй танилцана гэсэн мэдээлэл ч байна.

“Бүс ба зам” дээд түвшний уулзалтад энэ жил 150 орны 5000 гаруй төлөөлөгч оролцох юм байна. Түүнчлэн НҮБ-ыг багтаасан олон улсын 90 гаруй байгууллагын төлөөлөгч ирнэ. Уулзалтыг олон улсын 4000 гаруй сэтгүүлч  сурвалжлахаар ажиллана гэсэн байна. БНХАУ нь 2013 онд далайн болон хуурай замын дэд бүтцийг бий болгох, эртний Ази, Европ, Африкийг холбосон замыг сэргээхийн тулд “Нэг зам, Нэг бүс” төслийг эхлүүлэх санаачилгаа танилцуулжээ. Энэ нь дэлхийд нээлттэй эдийн засгийг бий болгох, дэлхийн хамтын ажиллагааны өргөн цар хүрээтэй платформыг байгуулах, хамтарсан орнуудын хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх зорилготой төсөл юм.

“Бүс ба зам” уулзалтын эхний өдөр 12 сэдвийн талаар хэлэлцэхээс гадна улс орны тэргүүн нар оролцсон хурлыг анх удаа хийх юм. Харин чуулганы сүүлийн өдөр оролцогч орнуудын тэргүүн нар, төлөөлөгчид оролцсон дугуй ширээний хурал болох юм байна. Ер нь “Нэг зам, Нэг бүсийн хамтын ажиллагаа, гялалзсан ирээдүйг бий болгох,  өндөр төвшний хамтын ажиллагааны хөгжлийг дэмжих” асуудал нь энэ удаагийн чуулганы гол сэдэв байх юм.

Зочдын хувьд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Чилийн ерөнхийлөгч Себастьян Пинера, Этиопийн ерөнхий сайд Аби Ахмед, Малайзын ерөнхий сайд Махатир Мохамад, Олон улсын валютын сангийн захирал Кристин Лагард зэрэг олон орны төлөөлөгч оролцохоо мэдэгджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.4.24 85 (6052)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ