З.Рэгзэдмаа: Бусдын төлөө хийсэн зүйлтэй байх л амжилт юм

2019-04-19

Б.ТУУЛ

Хэлэх үг бүрээс нь хаврын салхи шиг эрч хүч урсах энэ бүсгүй бол “Ивээл” брэндийн захирал З.Рэгзэдмаа юм. Хувцас загварын ертөнцөд монгол дээлийг жинхэнэ брэнд болгоод зогсохгүй охид бүсгүйчүүдийн дунд хэдэн зууны турш трэнд болж буй өндөр өсгийт, бугуйн цаг, үсний даруулга, ээмгийг үйлдвэрлэн гаргаж буй, бизнесийн салбарын шаггүй өрсөлдөгч түүнтэй ярилцсанаа  хүргэе.

-Бидний урилгыг хүлээн авч, цаг гаргасанд баярлалаа. Эмзүйч мэргэжилтэй бүсгүй загварын ертөнцөд өөрийгөө сорьж явна. Тиймээс энэ ажил хэзээ, хаанаас эхлэв гэсэн асуултаар яриагаа эхэлье?

-Баярлалаа. Танай сонины уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Би дэлгүүр хэсэх хоббитой. Миний өмсөж хэрэглэж буй хувцас эргэн тойрны бүсгүйчүүдэд их таалагддаг. Ажлын бүсгүйчүүд, хөрш хүүхнүүд, найзууд маань “Ямар гоё загвартай юм бэ, чи хаанаас авав.

Надад зарчих, чи дахиад шинэ загварыг нь олоод авчихна шүү дээ” гэдэг байсан. Тухайн үед дэгжин, загварлаг хувцас өмсвөл ганган харагдана гэж боддог байлаа. Залуу байсан болохоор хувцасны өнгө, загварын зохицлыг судална. Дээл ямар ч  цаг үед өмсөхөд эвтэйхэн, дулаахан, биеийн өө дардаг, эрхэмсэг, цэгцтэй харагдуулдаг. Тэр үед надад дээлээр гоёх юмсан гэсэн бодол төрдөг байсан ч орчиндоо зохицуулаад өмсчих гоё дээл олддоггүй байлаа. Тэгээд л энэ сонирхол маань “Ивээл” брэндийг санаачлахад хүргэсэн дээ.

Өнөөдрийн энэ өчүүхэн амжилт амархан олдоогүй. Надад хийгээгүй ажил ховор. Өнгөрсөн хугацаанд амрах завгүй ажиллаж, амьдралын олон ч замыг тууллаа. Үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, онлайнаар бэлэн хувцас борлуулж, шил арчигч хүртэл зарж явлаа. Би ажлыг хэзээ ч голж байгаагүй. Бизнесийн салбарт хөл тавьсан үеэс л төлөвлөгөөт хөдөлмөр амжилтад хүргэдэг гэдгийг ойлгосон. Ажлынхаа хажуугаар бага зэргийн бизнес эрхэлсэн. Өглөө 06:00 цагт босоод үдшийн 23:00 цаг хүртэл ажиллана. Аливаад сэтгэлээсээ ханддаг болохоор амьдрал намайг олон зүйлээр харамгүй шагнасан. Нэг үеэ бодвол бизнес багагүй өргөжин дараагийн төлөвлөсөн төслөө хэрэгжүүлж эхэллээ. Үйлчилгээний бизнест тулгардаг бүх л асуудлыг даван туулж, ард нь гарахын төлөө ажиллаж байна даа.

-Мөрөөдөл биелэлээ олох сайхан. Өнөөдөр бодож, төлөвлөсөн зүйлүүдээс чинь биелсэн нь хэр олон бэ. Ер нь европ хувцастай өрсөлдүүлэн монгол дээл, хувцасны үнэлэмжийг өсгөх амар байгаагүй байх?

-Хятад, Солонгосоос бэлэн хувцас захиалж үйлдвэрлүүлэн борлуулахад сэтгэл их эмзэглэдэг байсан. “Бид үйлдвэрлэж чадна, Монголд үйлдвэрлэх боломжтой” гэж удаан бодож төлөвлөсний эцэст үйлдвэрлэлдээ ханцуй шамлан орсон. Тэр үед “Ивээл брэнд” төсөл хэлбэрээр цаасан дээр л бичигдэж байсан. 2014-2016 онд жилд дунджаар 5000-8000 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нэвтрүүлэхэд бэршхээлтэй асуудалтай тогтмол тулгарсан нь хандлага, үнэлэмж байлаа. Үйлчлүүлэгчид маань “Импортын бараа бүтээгдэхүүн чанартай, монгол хувцас үнэ хямд байх ёстой” гэсэн ойлголттой байдаг байлаа. Энэ хандлагыг өөрчлөхсөн гэсэн бодол бас хамт явдаг байв.

-Бизнесийн салбарт өрсөлдөхөд монгол дээл хувцасны загвар хуучинсаг ч юм шиг санагдаагүй юу?   

-Бидний хувьд монгол дээл хувцсаа уламжлалт загварт өөрчлөлт оруулахыг урьтал болгож ажиллаагүй. Их хотын хэмнэл, ахуйд суурилсан залгаа мөр оруулан, нэмэлт хэсгүүдээр чимж, чамин болон хэрэглэхэд тааламжтай байдлыг нэн түрүүнд эрхэмлэж ажилласан. Олон зууны түүхтэй Япон кимоно, Солонгос ханбуг өнөөг хүртэл уламжлалт загвараа хадгалдаг. Бидний үнэт зүйлсийн нэг бол үндэсний дээл хувцас гэж боддог. Дээл хувцсаа ямар ч цаг үед өмсөж хэрэглэхэд тохиромжтойгоор урлахыг эрхэмлэсэн. Тиймээс бид бүх насныхан тэр дундаа залуучуудад зориулсан брэндинг төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Тэмдэглэлт өдрүүд, баяр ёслолын арга хэмжээнд дээл хувцсаараа гангарах биш бүхий л цаг үед хэрэглэх боломжийг эрэлхийлсэн. Бид дээлийг өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэх зорилготой ажиллаж байгаа. Үйлдвэрийн бүх дамжлагаас эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлчлүүлэгчдийн гарт хүртэл бид олон зүйл дээр анхаарч, хичээн ажилладаг. Мөн үйлчлүүлэгчдийн баярласан талархсан ерөөлд их урамшиж ажилладаг.

-Хийгээд үзье гэсэн зорилго чинь таныг зүгээр суулгаагүй бололтой. Та ажлаа хэр төлөвлөдөг вэ?

-Миний амьдралдаа баримталж ирсэн зарчим бол ажлаа төлөвлөн бичих. Өнгөрсөн жил, өнгөрсөн сард юу төлөвлөн бичиж байснаа эргэн харж, дүгнэлт хийдэг. Би ярихаасаа илүү бичиж, төлөвлөх дуртай. Одоо багийнхантайгаа “Зөвхөн дэвтэртэй ирсэн тохиолдолд ажил ярина” гэсэн бичигдээгүй дүрэмтэй ажилладаг. Нөгөөтэйгүүр, би хоббигоо ажил хөдөлмөртэй хослуулсан. Амьдрал намайг хөдөлмөрлөсний минь хэрээр шагнасан. Өнөө цагт залхуу, амар хялбар аргаар амьдрахыг хүсэгчид багагүй болжээ. Энэ нийгэмд бидэнд хамтдаа хөдөлмөрлөхөөс өөр сонголт байхгүй.

-Бизнесийн салбар бол том өрсөлдөөн байдаг. Нууц биш бол таны өрсөлдөгч хэн бэ?

-Надад бусадтай өрсөлдөх зав гардаггүй. Миний хамгийн том өрсөлдөгч би өөрөө. Өөрийгөө эхэлж ялах хэрэгтэй. Хөдөлмөрлөхдөө ч зүрх сэтгэлээ чагнан ажилладаг цаашид сурч, олон зүйл мэдэхийг хүсч байна. Тэгэхгүй бол загварын ертөнцөд ч тэр, бизнесийн салбарт ч тэр  минут, секунд тутамд олон зүйл өөрчлөгдөж, хөгжиж байна шүү дээ.

-Ярихаас илүү бодож шийдэх нь мэдээж, олон талын ач тустай байх. Таны ажил, амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?

-Бодсон зүйлээ тэмдэглэлийн дэвтэрт нэг бүрчлэн буулгадаг маань ажлаа төлөвлөхөд их тусалдаг. Цаг хугацааг үр дүнтэй ашиглахыг үргэлж хичээдэг. Бизнесийн хүрээнд бол хэлсэндээ хүрэх чадвар хамгийн үнэ цэнэтэй. Харин гэр бүлийн хүрээлэлд бол өдөр бүр амьдралаас аз жаргалыг мэдэрч тайван амьдрахыг илүүд үздэг. Амьдрал намайг олон зүйлээр шагнасны нэг нь миний гэр бүл. Би гэр бүлээсээ аз жаргал, хамт олноосоо эрч хүчийг мэдэрдэг. Бид хамтдаа ирээдүйгээ бүтээх гэж зүтгэж яваа энгийн л залуус.

-“Ивээл” их сайхан нэр. Монголчууд аливаа зүйлийг бэлгэдлээр хүлээж авдаг?

-Ивээл хатуу бүхнийг зөөллөсөн нэр. Бид охиндоо Ивээл гэж нэр хайрласан. Брэндээ ямар нэрээр нэрлэх вэ гэж нэлээдгүй бодсоны эцэст нөхөр маань “Ивээл гэж нэрлэе. Шинээр эхлүүлж байгаа ажил маань бидэнд ивээлтэй байг” гэж хэлсэн. Үг гэдэг хүчтэй. Ивээл нэрнийхээ бэлгэдлээр ажил үйлс маань эвээ олж, оргилж, бас ундарч урагшилж явна.

– “Ивээл брэнд” бол загварын ертөнцөд трэнд болж буй гоёл. Өөрийг тань их л дэгжин бүсгүй байгаа байх гэж бодсон?

-Би их энгийн хүн шүү дээ. Мөнгө байсан ч алт мөнгө, үнэт эд­лэлээр гоёх сонирхол надад төр­дөггүй. Энэ бүхэн энгийн байх дуртай зан чанартай минь холбоотой байх. Харин одоо бол хуримын бөгжөө өдөр бүр зүүх дуртай. Хамгийн үнэтэй гоёл гэр бүл, ажил амьд­рал минь. Аз жаргалыг хүмүүс хаа нэгтээгээс эсвэл бүр том зүйлээс, холоос эрж хайгаад байдаг. Эргээд бодо­ход аз жаргал, сэтгэл ханамж  таны ойрхон, яг дэргэд чинь л байдаг.

-Таны хувьд амжилт гэж юу юм бэ. Хүмүүс хамгийн түрүүнд мөнгөтэй холбож боддог шүү дээ?

-Эргээд харахад харамсахгүй амьдрах, өөрийнхөө төлөө биш, бусдын төлөө хийсэн зүйлтэй, бусдад зориулсан цаг хугацаатай явахыг л амжилт, аз жаргал гэж боддог. Үр хүүхдүүдийнхээ өмнө зөв амьдарч, өөрсдийн бүтээсэн босгосон зүйлээ сайхан дурсамжаар дүүрэн өсгөх хэрэгтэй. Туулсан амьдрал маань намайг зовлонд сөхрөхгүй байхыг сургасан. Тиймээс би сэтгэлээр уналгүй шударга хөдөлмөрлөж амьдралаа өөрчилж чадсан. Надад төлөвлөгөө байсан учраас шаргуу хөдөлмөрлөсөн. Алдах үедээ алдаж, онох үедээ онож ажилласаар өнөөдрийг хүрсэн дээ.

-Хэрэв хэн нэгэн өөдрөг сайхан үгээр дутаж сэтгэл нь гундуу яваа бол, хэн нэгэн бизнесээ эхлүүлэх гээд гарц хайж байгаа бол тэдэнд хандаж та юу хэлэх вэ?               

-Хэнд ч бүү найд, зөвхөн өөртөө итгэ. Тухайн судалсан зүйлээ зөв гэж бодож байгаа л бол та эргэлзэхгүйгээр төлөвлөж тууштай зүтгэ. Цаг хугацааг зөв ашиглаж шаргуу хөдөлмөрлө. Ямар ч бизнесийг эхлүүлэхэд  хичээл зүтгэл, төлөвлөлт шууд хамааралтай байдаг гэж хэлье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.4.19 № 81 (6048)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ