Ерөнхий прокурорын орлогч асан Ё.Сагсайтай холбоотой бичлэгийг ил болгов

2019-03-22

Т.САЙХАН

ХЗДХ-ийн дэд сайд асан Э.Эрдэнэжамъян, хуульч  О.Буяннэмэх нар өнөөдөр /03.22/ Улсын ерөнхий прокурорын орлогч асан Е.Сагсайтай холбоотой  бичлэгийн хэсгээс олон нийтэд хүргэв.   Тус бичлэгт прокурор Е.Сагсай цээж нүцгэн байдалтайгаар хамт байсан эмэгтэйгээ бэлгийн дарамтад оруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч, хэн нэгнийг хэргээс мулталж, би бүгдийг зохицуулж, хэргийг хааж, хорихоос суллах болно гэсэн утгатайгаар амлалт өгч байна.
Энэ талаар ХЗДХ-ийн дэд сайд асан  Э.Эрдэнэжамъян “Сагсай бол прокурорын байгууллагын системд дээрээсээ хоёр дах албан тушаалтан. Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтад хяналт тавьдаг хамгийн дээд албан тушаалтан. Бичлэг дээр шүүгдэгчийг дарамтлан, бэлгийн харилцаанд орсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Ийм л хүмүүс хууль, хяналтын байгууллагад ажиллаж байна. Худал хэлсэн хүмүүсийг өмгөөлж, шударга үнэнийг үгүй хийж байна. Тиймээс би иргэн хүнийхээ хувьд, хуульч хүнийхээ хувьд хууль, хүчний байгууллагыг цэвэрлэхийн төлөө тэмцэнэ. Дээрхтэй ижил байдлаар хохирсон иргэд байвал холбогдохыг хүсч байна” гэсэн юм.

Түүний хэвлэлийнхэнд болон олон нийтэд дэлгэсэн бичлэг 30 секунд үргэлжилсэн ба бичлэгийн нийт үргэлжлэх хугацаа дөрвөн минут  гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ