Чоно багшийн “Стив Жобс”-той Дуурийн театрт уулзах нь ээ

2019-03-22

Алдарт “Apple” компанийг үндэслэгч, технологийн хувьсгалаар дэлхий ертөнцийг өөрчлөгч Стив Жобсын амьдрал, тэмцлийн замналаас сэдэвлэн бүтээсэн “Стив Жобс” оюун санааны моно драммын нээлтийн тоглолт ирэх сарын 1,2-нд УДБЭТ-ын тайзнаа болно.

Түүний зохиол бүтээлийг уншигч, дэмжигчид нь “орчин цагийн сэтгэгч” хэмээн нэрээр нь дуудахыг цээрлэж, Чоно багш гэж хүндэлдэг түүхч, бичгийн хүн уг жүжгийн зохиолыг бичсэн. Найруулагч болон гол дүрийг бүтээж буй жүжигчний нэрийг нууцалж буй юм.

Стив Жобс 1976 оны дөрөвдүгээр сарын 1-нд “Apple” компаниа байгуулсан. Мөн энэ нь   дэлхий даяар хүмүүс бие биедээ ном өгдөг, бэлэглэдэг өдөр тул зохиолч Чоно багш жүжиг үзсэн хүмүүст “Apple”-ийн домог Стив Жобсын тухай жүжгийнхээ зохиолыг бэлэглэх ажээ. Тэрээр “Хүмүүс Стив Жобсыг технологи гэж хардаг. Тэр бусдын адил уйлж, дуулж, хайрлаж, дурлаж, зарим үед араатан шиг аашилж байсан хүн юм. Тэр өнөөдрийн дэлхий ертөнцийг бүтээсэн нь үнэн, бас гудамжнаас лааз түүж зараад хоол идэж явсан гуйлгачин явсан нь ч бас үнэн. Би түүнийг хүн талаас нь нээсэн” гэж ярьж байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийд Жобсын тухай уран сайхны хоёр, баримтат нэг кино байдаг гэнэ.  Жүжиг тавьсан, тоглосон тухай мэдээлэл үгүй. Харин Монголд төрөх гэж байна. Үзэгчид тасалбараа ticket.mn-ээс авч болох ажээ.

Чоно багш “Цэнхэрлэн харагдах” хэмээх туульсан роман, “Мөнгө ярьж, харин төр сонсдог”, “Хүннүгийн тухай өгүүлэх нь”, “SOS: CHINAGIS KHAAN”, “Монгол Алтай соёл”, “Хөх Монгол танаа улих нь уу” зэрэг Монголын түүх, эрдэм, соёл, дэлхийн геополитикийн тухай өгүүлэл, асуудал дэвшүүлсэн 10 гаруй ном хэвлүүлж, уншигчдад хүргэсэн.

“Будда” дуурийн, “Алунгоо” бүжгэн жүжгийн, “Галайхан” хөөмийн дуурилгын цомнол бичсэн. Түүний “Алунгоо” бүжгийн жүжгийг ОХУ-д тавьсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.3.22 № 60 (6027)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ