Дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайланг иргэн бүр ашиглах боломжтой

2019-03-22

Ц.МЯГМАРБАЯР

Хөдөөгийн иргэд төрж өссөн нутгаа орхин хот руу нүүдэллэж байгаа үндсэн шалтгаан нь амьдралын чанараа сайжруулах гэсэн зорилготой. Энгийнээр хэлбэл, тэд мөрөөдлөө биелүүлэхээр хотыг зорьдог ч бодит байдал өөр байна. Тэд амьдрах орчин сайтай, сургууль, цэцэрлэг нь хүрэлцээтэй, агаарын чанар сайн, төрийн байгууллага нь хүнд сурталгүй, эрүүл мэндийн үйлчилгээ сайтай дүүргийг сонгож төвхнөхийг чухалчилна. Харин аль дүүрэг нь хөгжлөөрөө бусдыг манлайлж өрсөлдөх чадвар сайтай байгааг төвөггүйхэн мэдэх нь тэдэнд цаг хугацаа болоод эдийн засгийн хувьд хэрэгтэй.

Тэгвэл Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв /ЭЗБӨЧСТ/, Азийн сангийн дэмжлэгтэйгээр дүүргүүдийн эдийн засгийн өрсөлдөх чадварыг судалж тогтоожээ.  “Улаанбаатар хотын дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайлан-2019” судалгааг өчигдөр танилцуулав. Дүүргийн амьдралыг олон өнцгөөс нь хэмжиж гаргаж буй тайлан гэж хэлж болно. Иргэдийн амьдралын чанар, аюулгүй байдал, засаглал, эдийн засгийг таван бүлэг 150 үзүүлэлтээр хэмжжээ.  Өнгөрсөн жил Баянгол дүүрэг эхний байр эзэлж байсан бол энэ жил Хан-Уул дүүрэг нь өрсөлдөх чадварын оноогоор тэргүүлсэн байна.  Хан-Уул дүүргийн давуу тал нь бүх хороо, дүүрэг, орон сууцны хаягжилт тодорхой, интернэтийн хэрэглээ сайн, нас баралтын тоо бага, урт наслалттай байх жишээтэй. Харин эмнэлгийн ачаалал их байгаа нь сул тал нь болжээ. Судалгааны тайланг  дүүргийн иргэн бүр авч ашиглах боломжтой. Тухайлбал, орон сууц худалдан авах иргэн аль дүүргийг сонговол агаарын чанар болон түгжрэлийг мэдэх боломжтой. Түүнчлэн хувийн болон төрийн ямар ч байгууллага шийдвэр гаргах төвшинд уг тайланг ашиглах боломжтойгоороо давууг тус төвийн Удирдах зөвлөлийн дарга П.Цагаан онцолж байв. “Монгол Улсын өрсөлдөх чадвараараа ухарч байгаа хамгийн гол үзүүлэлт нь засаглал. УИХ, Засгийн газрын бодлого, бүтэц тогтворгүй, хүн нь тогтворгүй, өнгөрсөн 30 жилд гэхэд бүх яамны хаяг 2-6 удаа өөрчлөгджээ. Хүн нэрээ олон солиод байвал хэн ч танихаа болино биз дээ. Бие биеийнхээ хаягийг өөрчлөөд байвал дэлхий нийтээс тусгаарлагдана. Монголд тогтворгүй байдлын хямрал нүүрлэсэн. Үүнийг засах амархан. Ганц шийдвэр гаргаад л боллоо. Тэгэхээр энэ мэт засч болох энгийн асуудлыг манай тайлангаас харж болно. Шийдэл бэлэн байхгүй. Гэхдээ ямар байгааг нь хэлчихсэн. Үүнийг хүн бүр уншиж дүгнэлт хийх хэрэгтэй” гэж П.Цагаан нэмж хэлэв.

Улаанбаатар хотын хүн амын ихэнхийг залуучууд эзэлдэг. Хөгжөөгүй олон салбар байна. Азийн сан эмэгтэйчүүдийн нийгэм дэх оролцоог илүү дэмжиж гарааны бизнес эрхлэх байдлаар  хөгжөөгүй байгаа салбарыг хөгжүүлж болно. Тайланд ганцхан эдийн засаг биш, хүүхдүүдэд чиглэсэн тухайлбал, өдөр өнжүүлэхийн асуудлыг хэрхэн шийдэж болохыг цогцоор нь үзүүлжээ. Мөн дүүргүүдийн давуу болон сул талыг тусгасан. Сүхбаатар, Багахангай дүүргээс өөр алсын хараатай хөгжлийн бодлоготой байх ёстой. Дүүрэг бүр өөрийн онцлог давуу, сул талдаа нийцүүлсэн хөгжлийн бодлого боловсруулах нь зөв. Гэхдээ нийслэлээс барьж буй бодлоготой уялдсан байх хэрэгтэй гэж Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Марк Кейниг ярьсан юм. Өрсөлдөх чадварыг хэмжиж буй шалгуур үзүүлэлтүүд нь өөр хоорондоо хэмжих нэгжээр илэрхийлэгддэг. Тэдгээрийг нэгдсэн хэмжүүрт оруулахын тулд 0-1 индекст хувиргасан ажээ. Улаанбаатар хотод өнөөдөр Монгол Улсын хүн амын 45 хувь нь амьдарч байгаа нь суурьшлын бүс нутаг жилээс жилд өсөн нэмэгдэж буйг гэрчилж буй юм. Хэдийгээр хот өргөжин тэлсээр байгаа ч амьдралын чанар, орчин, аюулгүй байдал, засаглалын үзүүлэлт сайнгүй хэвээр. Авто замын түгжрэл, агаарын бохирдол, хүүх­дийн тоглоомын талбай, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгуул­лагын үйлчилгээний хүртээмж гэсэн тулгамдсан асуудал өнөөдрийг хүртэл шийдлээ хүлээсээр байгааг судалгаа харуулж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.3.22 № 60 (6027)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ