О.Хүрэлбаатар: Дэлхийн шилдэг зургаан дуучны нэгээр шалгарсан

2019-03-22

П.АМГАЛАНБАЯР

УДБЭТ-ын гоцлол дуучин О.Хүрэлбаатар энэ цагийн сонгодог урлагийн нэгэн тод өнгө билээ. Тэрээр олон бүтээлд гол дүр бүтээснээс гадна олон тэмцээнд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг гаргасаар байна. Түүнийг “Polit-ийн нэг өдөр” булангийн зочноор урилаа.

-Таны шинэ өглөө хэрхэн эхэлдэг вэ. Таны өнөөдрийн ажлын төлөвлөгөөг сонирхож болох уу?

-Миний хувьд өглөө бүр эртлэн босч, дасгал хийж , хоолойгоо халаадаг дадалтай. Дараагийн өдрийн ажлаа өмнөх өдөр нь төлөвлөдөг. Тэгэхээр О.Хүрэлбаатарын шинэ өглөө бүр эгэл хүний амьдралын хэв маягаар үргэжилдэг гэж ойлгож болно. Гэрээс гараад хамгийн эхний маршрут нь УДБЭТ. Учир нь өдөр бүр уран бүтээлийн дуудлага гарчихсан байдаг. Хувиарын дагуу ямар багш дээр, ямар дүрийн бэлтгэлтэй байна түүний дагуу сургуулилт эхэлнэ. Өнөөдөр ч ялгаагүй ийм л өдөр үргэлжилнэ дээ.

-Зөвхөн дуулаад байдаггүй байх. Театр долоо хоногийн эхний өдрүүдэд амардаг?

-Би шагайн харваа сонирхдог юм. Амралтаараа харвах дуртай. Мөн хурдан морь уяна, хувийн бизнесээ эрхлэнэ гээд амралтын өдрөөр ажил ихтэй байдаг шүү.

-Удахгүй “Игорь ван” дуурийг тоглоно гэж байсан. Бэлтгэл эхэлчихсэн үү?

-Тавдугаар сарын 9-нд буюу Ялалтын баяраар манай театр “Игорь ван” дуурийг тавихаар бэлдэж байна. Миний хувьд энэ дуурьт дүр авсан байгаа. Тус бүтээлд ОХУ-аас удирдаач ирж ажиллахаараа онцлог. Үүнээс гадна “Үүлэн заяа” дуурийн Хоролдой ноёны дүр дээр давхар бэлдэж байна.

-Таны дуурийн дуучин болох  замнал тань хэдийнээс эхлэлтэй вэ?

-Би Улаанбаатар хотод төрсөн. Бага ангиасаа  өвөө эмээгийнхээ нутаг болох Сүхбаатар аймгийн Уул-Баян суманд очсон юм. Тэнд л миний хүүхэд насны сайхан дурсамжууд өнгөрсөн. Жаахан байхаасаа л дуулах дуртай байлаа. Олон ч тэмцээн уралдаанд оролцсон. Ээж минь хүүгийнхээ хүслийг хүндэлж, дуучин болгоё гээд Хөгжим бүжгийн коллежид шалгуулахад нь тэнцсэн. Тэр үеэс С.Батсүх, З.Түвшинтөгс, Б.Эрдэнэбат гэсэн гавьяатууд шиг мундаг дуучин болохыг мөрөөдөж эхэлсэн.

-Ээж тань сайхан дуулдаг байсан уу?

-Ээжийн минь тал урлагийн хүн ихтэй. Өвөө хуур сайхан тоглодог байсан. Анх Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ эгчийг тайзан дээр гарахад нь туслаж байсан гэж ярьдаг юм. Харин ээж маань ятга, ёочин  зэрэг хөгжим тоглодог урлагийн  авьяастай хүн. Театрт хөгжимчнөөр ажилладаг байсан. Тиймээс удам дамжсан урлагийн авьяас нь надад өвлөгдсөн юм болов уу гэж бодогддог.

-Та басс хоолойтой. Энэ хоолойг бусдаас илүү хүчтэй гэж ойлгож болох уу?

-Хамгийн цар хүрээ өндөр, чадалтай хоолой гэж ойлгож болно. Сонгодог урлагт ихэвчлэн дуурийн ноён оргил, гол зангилаа болж өгдөг. Дүрийн хувьд хаан, ноён, сайд гээд хүчирхэг хүнийг илэрхийлдэг.

-Дуурийн дуучин болсноороо ямар үед хамгийн их бахархаж байв?

-Миний хувьд 2003-2010 он хүртэл Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад гоцлол дуучнаар ажилласан. 2010 онд анх удаа “Аида” дуурийн гол дүрийг бүтээж байсан юм. Тус бүтээлд амжилттай дуулсан учир театрт урилгаар орсон. Хэдийгээр олон жил цэргийн дууг дуулж, сайхан хамт олонтой ажилласан ч сэтгэлд минь мэргэжлийнхээ дагуу дуурийн урлагт хүч сорихсон гэсэн хүсэл байсан. Театрт ажиллах болсноор надад илүү хариуцлага ирсэн дээ.

-Цэргийн байгууллагаас дуурийн театр луу шилжихэд ямар өөрчлөлт мэдрэгдэж байсан бэ?

-Цэргийн байгууллага үргэлж тушаал, дэглэмээр ажилладаг. Нэг талаараа цаг нарийн барих, хийсэн зүйлийнхээ эзэн нь байх, хариуцлагатай ажиллах гээд надад олон ололтой чанарыг сургасан гэж боддог. Харин театрт орсноор уран бүтээлийн хувьд илүү нээлттэй болсон.

-Урлаг таны хувь хүнд хэрхэн нөлөөлсөн бэ?

-Урлаг хүнд тэвчээр, хатуужлаас эхлээд олон сайхан чанарыг сургадаг юм болов уу.  Нэгэнт уран бүтээлч, дуучин болсон бол үүнийг чанд сахиж, сурах ёстой гэж боддог. Мөн мөрөөдөлдөө хүрэхийн тулд шантрахгүй хичээх хэрэгтэй. Хөдөлмөр хүнийг шагнадаг юм шүү. Миний хувьд сонгодог урлагийнхаа үр шимийг хүртэж байна. Олон ч тэмцээнд оролцож,  чамгүй амжилт гаргасан. Үүнийгээ сонгодог урлагийн буян гэж боддог.

-Дэлхийн тайзнаа эх орныхоо нэрийг дуурсгаж байхад мар мэдрэмж төрдөг вэ?

-Эх орон, эцэг эхийнхээ нэрийг дуурсгана гэдэг хамгийн бахархалтай мөч.  Урлагийн замналд хөтөлсөн А.Бүтэд, Б.Солонго зэрэг сайхан багш нарын маань зааж зөвлөсөн үнэтэй сургааль бүхэн олон улсын тайзнаа Монголынхоо нэрийг дуурсгах дэм болсоор ирсэн. Дуулж дууссаны дараах хүмүүсийн баярласан сэтгэгдэл, алга ташилтыг сонсох мөч уран бүтээлч хүний хамгийн жаргалтай үе байдаг. Дуучин тэр тусмаа дуурийн дуучин хүний уран бүтээл туурвих хүсэл нь ханадаггүй юм болов уу. Дүрээс дүрийн хооронд бид шунан дурладаг.

Та өнгөрсөн онд гурван том тэмцээнд оролцсон байх аа?

-2018  их  уран бүтээлийн олз омог, арвин жил байлаа. Хятадад болсон дэлхийн “А” зэрэглэлийн тэмцээнд 1000 гаруй дуучнаас дэлхийн шилдэг зургаан дуучны нэгээр шалгарлаа. Эрэгтэй, эмэгтэй дуучны “А” зэрэглэлийн тэмцээн өмнө нь тусдаа болдог байсан юм. Энэ жил хамтдаа болсон. Энэ тэмцээнд дэд байр эзэллээ. Мөн өнгөрсөн жил олон улсын дуучдын тэмцээнээс үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртлээ.

Таны амжилтыг тоолбол их урт жагсаалт гарах байх даа?

-Сонгодог урлагийн л үр шим юм даа. Миний хувьд ОХУ-д болсон М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны дэд байрын шагнал, Ким Базарсадаевын нэрэмжит  дуурийн дуулаачдын  олон улсын уралдааны гранпри, Ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит  Олон улсын уралдааны гранпри, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын нэрэмжит уралдаанд дэд байрын шагналтай. Мөн ОХУ-д болсон Ф.Шаляпины  мэндэлсний  140 жилийн ойд зориулсан дэлхийн шилдэг театруудын басс  хоолойтой  дуучдын тоглолтод  уригдаж байсан гээд багагүй амжилтыг гаргасан байна.

-Дэлхийн аль улсын теарт өөрийн дуу хоолойг хүргэхийг хүсдэг вэ?

-Монголдоо бол олон дуурьт гол дүр бүтээсэн. Ж.Вердийн “Риголетто”, дуурийн Монтероне, “Аида” дуурийн Рамфис, Ж.Пуччинийн “Богема” дуурийн Коллен, “Тоска” дуурийн  Чизарь  Анжелотти, Ж.Бизегийн  “Кармен” дуурийн Цуника гээд нэрлэж болно. Мөн үндэсний том дуурь болох  “Чингис хаан” дуурийн Тоорил хаан, “Үүлэнзаяа”  дуурийн Хоролдой ноён, “Учиртай гурван толгой” дуурийн Балган зэрэг  20 гаруй бүтээлд гол дүрийг амилуулсан байна. Цаашид хийхээр төлөвлөсөн зүйл олон бий. “Ласкала”, “Марийнский”  зэрэг дэлхийн шилдэг театрт дуулах нь дуурийн дуучин хүний  зорилго байдаг. Мэдээж эх орны минь нэр үргэлж хамт явна шүү дээ.  Энэ зорилгодоо хүрэхэд ойрхон байгаа гэж боддог. Зарим газруудтай гэрээ  байгуулсан. Гавьяат жүжигчин Э.Амартүвшин, Ч.Бадрал, Г.Ариунбаатар зэрэг сайхан дуучдынхаа замналаар явна гэж төлөвөлж байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ