Онцлох сурвалжлага: Нэг хором уураа тэвчвэл хоёр хүний амийг аварна

2019-03-21


Б.ДОЛЖИНЖАВ

Гэрэл зургийг Л.Батдорж

Цагдаагийн ерөнхий газар “JCI” төрийн бус байгууллагатай хамтран хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтийн эрх зүйн мэдлэг, оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Нэг хором” өдөрлөгийг “Нарантуул” худалдааны төв дээр зохион байгууллаа. Арга хэмжээний нээлт энэ сарын 5-нд “UB” паласын их танхимд 4000 оюутан залуус болон урлаг соёлын олны танил хүмүүсийг хамруулан болсон юм. Арга хэмжээг ЦЕГ, “Нарантуул” олон улсын худалдааны төв, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн I хэлтэс хамтран зохион байгуулж иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бичлэг үзүүлж, хууль эрх зүйн зөвлөгөө мэдээлэл өгч, гарын авлага  сэрэмжлүүлэг тараасан юм.

13:00 цаг. “Цаг эрт урин болсон, цас ханзарч яргуй дэлгэрсэн урин хаврын гэгээн тунгалаг өдөр бүгдээрээ гэмт хэргээс урьдчилан сэргийлж нэг хормын төлөө хамтдаа нэгдэцгээе” гэх цовоо жавхаалаг хоолойтой ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Алтанзул өдөрлөгийн үйл ажиллагааг хөтлөн явуулсан юм. Батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн хөгжмийн сургуулийн оюутнууд хөгжим тоглож мэндчилгээ дэвшүүлснээр өдөрлөгийн нээлт эхэлсэн.

Мэндчилгээний дараа өдөрлөгийг нээж ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Бүрэнбаатар “Уур уцаараа барьж дийлэхгүй, стрессээс болж бусдын биед гэмтэл учруулж буй байдлыг бууруулах, хор уршгийг таниулах, урьдчилан сэргийлэх арга замыг ойлгуулах зорилгоор “Нэг хором” аяныг зохион байгуулж байна. Нэг хормын цохилтоос хоёр хүний амьдрал сүйрдэг. Цохьсон нь гэмт хэрэгтэн, цохиулсан нь хохирогч болдог. Эрүүл мэнд, амь нас, цаг хугацаагаар хохирсон энэ хормыг буцаах боломжгүй. Тиймээс нэг хором уураа тэвч, аливаа асуудлыг ухаанаараа шийдэж харилцан хамааралтайгаар таслан зогсоож болно” гэж хэллээ. 2018 онд Монгол Улсад 46 мянга орчим гэмт хэрэг бүртгэгдсэний 25 хувь буюу 9600 нь хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг  байсан аж. Мөн тэрээр энэ аяны талаар ар гэр, найз нөхөддөө хэлж гэмт хэрэгт холбогдохоос сэргийлэхийг уриалсан юм.

Харин Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Амартүвшин “Өөрсдөө сайн сайхан явахын тулд эхлээд бусдын эрхийг хүндэтгэж сурах хэрэгтэй. Бусдыг нэг хором тэвчиж алдаа гаргахгүй байхыг уриалья. Энэ өдөрлөгийг Баянзүрх дүүргийнхээ бусад хэлтэс дээр үргэлжлүүлэн оюутан, сурагчид руугаа чиглэсэн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна” гэлээ.

Өдөрлөг болж буй “Нарантуул” олон улсын худалдаан төвийн  гүйцэтгэх захирал Б. Мишээл “Гэмт хэргийн гаралт их байдаг төв бол Нарантуул. Хөдөө орон нутгийн хүмүүс ч их үйлчлүүлдэг учраас өдөрт 10-20 мянган хүн ирдэг. Тиймээс аливаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг худалдааны төвдөө зохион байгуулдаг. Энэ хөдөлгөөнийг дэмжиж нэгдэж, хамтран ажилласандаа баяртай байна. Харилцан хүндэлье, харилцан инээмсэглье, харилцан уучилъя” хэмээн уриаллаа. Зохион байгуулагчид үгээ хэлсний дараа хөтлөгч “Аавын минь эзгүйд нүдэндээ нулимстай ижиий минь надаар гоёсон. Амьдралын жамаар өрх тусгаарлаад ижийгээ би орхиод явсан” хэмээн уншиж “ижийдээ сөгдөн мөргөе” гэхэд тэнд байсан хүмүүс ялангуяа, эмэгтэйчүүд баярлан халуун алга ташилт нижигнүүлж,  “хурай хурай” гэж чанга дуугаар хашгирлаа.

Цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин Б.Үржинханд “Цагдаагийн ээж” дуугаар мэндчилгээ дэвшүүлсний дараа “Согтуу Монголос-Саруул Монгол” телевизийн реалити шоуны оролцогчид энэ аянд нэгдэж байгаагаа илэрхийллээ. Энэ  нэвтрүүлэг нь архины хор хөнөөлийг таниулах, архинд донтсон хүмүүсийг архинаас гаргаж, бусдад үлгэрлэх зорилготой аж. Нэвтрүүлгийн оролцогч зургаан залуу ирж санал бодлоо хуваалцлаа. Тэдний зарим нь архинаас хэт хамааралтай байх үедээ тус худалдааны төвөөр ирдэг байсан гэнэ. Нэвтрүүлгийн оролцогч Г.Баярпүрэв “Согтуу Монголоос Саруул Монгол” бодит зорилтот нэвтрүүлэгт оролцоод гурван сар болж байна. Бид нэг хором тэвчээгүйгээс архинд хэтэрхий донтож улмаар гэмт хэрэгт орооцолддог. Тиймээс “Нэг хором” хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна” гэлээ. Харин оролцогч О.Энхболд “Алт шиг үнэтэй нэг хормыг тэвчихийг уриалж байна. Архидалт, уур уцаарыг ганц хором тэсэхэд бид өөрсдөө эрсдэлд орохгүй, бусдыг ч эрсдэлд оруулахгүй. Ганц хором тэсэхэд цаашаа амьдрал сайхан болно доо” хэмээн хүмүүсийг хэсэгхэн зуур баясгалаа. Өнгөрсөн онд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 9100 үйлдэгдсэн. Үүний 61.3 хувийг 35 хүртэлх насны залуучууд эзэлжээ. Гэмт хэргийн суурь шалтгаан нь архидалт мөн залуучуудын хүмүүжил төлөвшил юм. Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа Г.Арсланхуяг ”Залуус ид хийж бүтээх насандаа гэмт хэрэгт өртөж байна. Жилд 6000 орчим залууд шүүхээс ял шийтгэл ногдуулж байна.

Өнөөдрийн байдлаар гэмт хэргийн улмаас 500 гаруй залуу хүнд, 1600 орчим нь хөнгөвтөр, 800 гаруй нь хөнгөн гэмтэл авсан байна. Гэмт хэргийн 88 хувь нь буюу хөнгөн гэмт хэрэгт ямар нэгэн өс хонзонгийн сэдэлгүй, уур уцаараас болж маргаан дэгдээсэн байан. Эцэг эхчүүд хүүхдээ хүнд цохиулахаар дээрэлхүүллээ, буцаагаад зохихгүй яасан юм” гэдэг. Харин Япон улсад хэн нэгэн хүнд битгий гай болоорой гэж хүмүүжүүлдэг. Тиймээс бид хандлагаа өөрчлөх хэрэгтэй” гэж ярьсан юм. Мөн тус өдөрлөгт оролцсон ШУТИС-ийн график дизайны I курсийн оюутан Г.Азжаргал “Энэ үйл ажиллагаанд оролцож байгаадаа баяртай байна. Нэг  хормыг тэвчсэнээр бид өөрийн болон бусдын амьдралыг буюу хоёр хүний амьдралыг аварч чадна. Ухаалаг залуус амьдралыг авардаг. Ухаалаг байя” хэмээн уриалсан юм.

Үүний дараагаар хүмүүсийн анхаарлыг хамгийн их татсан үзүүлбэр болсон юм. ЦЕГ-ын ахлагч Э.Анхбаяр, Б.Баянмөнх нар хар тамхи, мансууруулах бодис илрүүлэх чиглэлийн “Бааби” нохой нь хар тамхитай ачааг хэрхэн илрүүлж байгаа, мөн “Макс” нохой гэмт хэргийн газраас зугтаасан хүнийг хэрхэн саатуулж буйг үзүүллээ. Зургаан цүнхнээс  хар тамхи хийсэн цүнхийг олоод нохой нь  эзэн рүүгээ харж олсноо мэдэгдэж байлаа. Хоёр ч удаа байрлалыг нь сольсон ч зөв цүнхийг олж чадсанд хүмүүс өхөөрдөн “Хөөрхөн юм бэ, зөв цүнхийг олоод эзэн рүүгээ харж байна, мундаг нохой” гэцгээж байв. Энэ үзүүлбэр өнөөдрийн үйл ажиллааганы хамгийн сонирхолтой нь байлаа. Өдөрлөгийг үзэж суусан жижиглэн худалдаа эрхлэгч Ц.Батсугар “Архинд орсон хүмүүсийг ярьж байгаа нь сайшаалтай. Архидалт хэрээс хэтэрч байна. Төрийн түшээд нь идээд тэтгэвэр хаанаа ч хүрэхгүй, 70 гарсан хөгшин юм зарахын тулд өдөр болгон зах руу ирж байна. Архинаас болж нэгнийгээ зодож гэмтээдэг. Тиймээс нэг хором уураа тэвчээд хүнийг уучилж чаддаг байх ёстой” гэж ярилаа. Тэрээр найман хүүхэдтэй. 40 гаруй жил үйлдвэрт ажиллажээ.

Сүүлийн таван жилийн судалгаагаар цагдаагийн байгууллагад жилд дунджаар 30 орчим мянган хэрэг бүртгэгдсэнээс “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” нийт гэмт хэргийн 30 хувийг жил бүр эзэлдэг байна. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг ихэвчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс болж маргалдан зодолдох, уур бухимдлыг хүчээр шийдэх, гэр бүл дэх тэгш бус харилцаа, гэмт хэрэг зөрчлөөс үүдэн гарах хор уршиг, ногдуулах шийтгэлийн талаарх иргэдийн эрх зүйн мэдлэг дутмаг гэсэн нийтлэг шалтгааны улмаас үйлддэг аж. Иймд бид нэг хормын уураа тэвчвэл хоёр хүний амьдралыг аварч чадна гэдгийг нь өнөөдрийн өдөрлөг хүмүүст ойлгууллаа.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ