“13 араншин”-г мэдрүүлэх “Passengers” үзэсгэлэн нээгдлээ

2019-03-17

Б.ДОЛЖИНЖАВ

Орчин үеийн урлагийн илэрхийлэл болсон “Контемпорари арт” буюу шинэ медиа ашигласан “Passengers” үзэсгэлэн өчигдөр “Norphei Art”  галлерейд нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнд Монголын урчуудын эвлэлийн дэргэдэх “Залуу уран бүтээлчдийн нэгдэл”-ийн гишүүн А.Болормаа, Н.Отгонбат, Д.Очир нарын бүтээлүүд дэлгэгдсэн юм. Энэхүү  үзэсгэлэн нь Америк болон Европын орнуудад хүчээ авч байгаа “резин арт” урлагийг харуулсан тул дүрслэх урлаг судлаач, уран бүтээлчдийн анхаарлыг ихээр татаж байв. Нэрний тухайд “Passengers” нь тээврийн хэрэгслээр зорчигч гэсэн утгатай. Тус үзэсгэлэнгийн үеэр уран бүтээлчид жолооч нь үзэгчид аялагч, зорчигчид нь болох аж. Үзэсгэлэн 16-29-нийг хүртэл үргэлжилнэ.

Бид аяллаа уран бүтээлч А.Болормаагийн бүтээлээс эхлүүлэв. Тэрээр Норвеги улсад хэд хэдэн бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан бөгөөд Монголд гаргаж байгаа анхны хамтарсан үзэсгэлэн нь энэ юм. Түүний “Гэр бүл”, “55” гэх ижил төстэй уран бүтээл бидний анхаарлыг ихээр татав. Хальт харвал хүүхдийн энгийн нэг тоглоом гэмээр морь, машин, бамбарууш хэлбэртэй жижиг дүрс, биетүүдийг зотонд наан галлерейн хананд өлгөжээ. Тус самбарт хэд хэдэн эгнээ болгон тавьсан өнгө өнгийн морь, доод буланд нь мөн тийм өнгө алагласан машин, хамгийн доод талын эгнээнд морь, машиныг холилдуулан байрлуулсан байв. Бүтээлийнхээ талаар уран бүтээлч А.Болормаа “Нийгмийн хамгийн бага нэгж болох гэр бүл гэж нэрлэсэн боловч энэ бол бүтэн дэлхий юм. Нэг морь, машин бүрийг хүний хөрөг гэж хараарай. Хүмүүс ааш зан, үзэл бодлын хувьд давтагдашгүй, өөр байдаг. Үүнийг илэрхийлэхийн тулд зориудаар тод өнгөөр бүтээлээ дүрсэлсэн” гэж ярилаа. Мөн тэрээр “ Үзэгчдийн сониуч занг хөдөлгөх, төсөөлөн бодох чадварыг хөгжүүлэх, бүтээлийнх нь  талаар уран бүтээлчидтэй ярилцах боломжийг олгох зорилготой” гэж ярьсан юм. Энэ үеэр үзэсгэлэнд ирсэн зочид бүтээлүүдийн учрыг нь эс олон, илэрхийлэх гэсэн санааг нь мэдэх гэж удаан гэгч нь ширтэж, хоорондоо ярилцаж, таамаглал дэвшүүлж энэ л үзэсгэлэнд тэд оюун ухаанаа уралдуулан байгааг харахад тэр зорилгодоо хүрчээ хэмээн бодогдсон юм.

Ийн бид аяллаа Английн BBC телевизийн “Чингис хаан” кинонд зураачаар ажилласан Н.Отгонбатын зургаар үргэлжлүүлэв. Нэн тэргүүнд нүд булаасан нь “13 араншин” бүтээл байлаа. Шилэн тавцан дээр бүжиглэж буй бүсгүй хүн зуржээ. Нэг бүсгүй мэт харагдах боловч өөр өөр үйлдэл хийж буй 13 бүсгүйг дүрсэлсэн байж. Шилэн учраас өөрийн тань дүрс уг зурагтай давхцаж харагдана. Энэхүү бүтээлийнхээ талаар Н.Отгонбат “Зургаа дахь мэдрэмж, зөн совин хүн бүрт өөр өөр байдаг гэж бодож байна. Ямартай ч “13 араншин” зураг зургаа дахь мэдэрхүйгээс илүү бодит зүйлсийн тухай юм. Харин ард үлдсэн таны дүрс үлдсэн мэдрэхүй байж болно” гэж ярьсан  юм. Энэхүү үзэсгэлэн нь хүн буюу “БИ”-г олон талт өнцгөөс харж хүний мэдрэхүйг голчлон онцолсон нь содон шийдэл болжээ.

Хамгийн сүүлд эрчилсэн төмөр утас ашиглан биет бүтээл урласан Д.Очиртой хамт аялалд гарлаа. Тэрээр эрчилсэн төмөр утас хооронд гагнаж янз бүрийн амьтад бүтээжээ. Бүтээлийнхээ талаар “Эрчилсэн утас шиг хэрэн холбогдсон амьдрал хэмээх энэ гинжин хэлхээнд хааяа ээдрэн, төөрч будилан явах уу, хааяа дөрлүүлэн нисэх үү гэдгээ бодоосой гэсэн утгатай “ гэсэн юм. Болормаагийн бүтээлээс хүний олон янзын дүр төрх, дотоод ертөнцийн ялгааг мэдэрч, Н.Отгонбатын зургаас өөрийнхөө дотоод хүн , далд нууц “13 араншингаа” мэдэж, Д.Очирын бүтээлээс амьдралд дүүлэн нисэх ёстойг ухаарснаар бидний аялал өндөрлөв.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ