Хуульч Ж.Эрхэмбаатарын хэлсэн онцлох эшлэлүүд

2019-03-17

 Т.САЙХАН

Хуульч Ж.Эрхэмбаатартай ЖДҮ-гийн асуудлаар өнгөрсөн долоо хоногт ярилцсан.  Түүний ярилцлагаас онцлон  хүргэж байна. .

– Улстөрчдөд сангийн зээл олголт эмх замбараагүй байх нь ашигтай байжээ гэдгийг өнгөрсөн хугацаанд болсон үйл явдлуудаас харж болно.  Одоо бид яагаад улс төрийн зорилгоор энэ асуудалд хандаж байна гэхээр үнэн зөвөөр шийдвэрлэхэд  улс төрийн хүсэл зориг, оролцоо чухал байна. Улстөрчдийн “ойлгодог хэлээр” нь ярьж байж, эрх ашгийг нь хөндөж байж энэ асуудал шийдэгдэх юм байна.


-Аливаа хулгайд, авлига албан тушаалын хэрэгт “том, жижиг” гэх харьцаа үйлчилдэггүй. Хулгай бол хулгай.


– Төрийн өндөр албан тушаалтнууд ЖДҮХС-гаас зээл авахын тулд эхлээд зээл олгох журмыг өөрчилсөн. Дараа нь Эрүүгийн хууль, Тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Улмаар ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг зээл олгох А88, А141, А131, А29, А25, А21, А94 тоот тушаал гаргажээ.


-Тухайн тушаалаас А29, А25, А21, А94 тоот тушаал одоогоор ил болоогүй байна. Энэ тушаалуудын ард ямар албан тушаалтнууд ЖДҮ-гээ нуусан бэ гэдгийг удахгүй зарлахаар шүүхэд хүсэлтээ өгсөн. Ингэж ЖДҮ-чид зээлээ хувааж авсныхаа дараа Захиргааны Ерөнхий хуульд өөрчлөлт оруулж хариуцлагаас мултарна гэж тооцоолсон


-Одоо бид шүүх засаглалд найдаж байна. Төрийн бус байгууллага олон нийтийг төлөөлж нийтийн хөрөнгийн ашиглалттай холбоотой асуудлаар олон нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс нэхэмжлэл гаргах бололцоотой байгаа. Үүний дагуу бидний хэдэн хуульч нэхэмжлэл гаргаад байна. Захиргааны хэргийн шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэн шалгалтын ажлыг эхлүүлсэн байгаа.


– Захиргааны хэргийн шүүхээс ЖДҮХС-гаас зээл авсан, албан тушаалтны хамаарал бүхий компанийг бүгдийг дуудсан. Хулгай, албан тушаал, авлигын хэрэгт жижиг, томын тухай ойлголт, ангилал байдаггүй. Хулгай хийсэн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрт давуу байдал олгосон л бол зээлээ буцаан төлсөн үү, үгүй юү. Зээлээ зориулалтын дагуу зарцуулсан уу, үгүй юү гэдгээс үл хамаарч хуулийн хариуцлага хүлээх хуультай.


-Үнийн дүнгээрээ бол 100 орчим тэрбумаар хэмжигдэх авлигын хэрэг шүү дээ. Энэ утгаараа ч ЖДҮ-ийн хэрэг жижиг асуудал биш.


-Гурван санг нэгтгэхээр болсон байна лээ. Нэгтгэх явцад зарим нэг алдаа гардаг. Бүтцийн өөрчлөлт нэрээр төрийн албан хаагчдыг ажлаас халах үндэслэл бий болдог. Хуучин ажилчид нь яваад өгдөг. Бүх мэдээлэл нь тэр хүмүүстэй  хамт алга болно. Шинэ ажилчид ирнэ. Тавилгаас эхлээд архив нь хүртэл шилжинэ. Архив зөөж байх явцад нотлох баримтууд үрэгддэг, гээгддэг.  Ийм алдаа давтагдаж болзошгүй.

Эх сурвалж:www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ