Халх голоос ирсэн “Сашагийн захиа”

2019-03-17

 

Б.ДОЛЖИНЖАВ

Гэрэл зургийг Л.БАТДОРЖ

“Эх орны цэрэг” яруу найргийн наадмыг энэ жил Халхын голын байлдааны 80 жилийн ойд зориулж, “Халхын гол-Эх орны цэрэг” нэртэйгээр 27 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Наадам эхлэхэд жагсаалын цэргүүд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын үлээвэр найрал хөгжмийн яруу тунгалаг эгшиг дор 1939, 1945 оны дайны бэлгэ тэмдэг болсон улаан тугийг намируулсаар орж ирсэн юм. Энэ үеэр   Зэвсэгт хүчний жанжин штабын Иргэн цэргийн харилцааны хэлтсийн дарга, хурандаа С.Төмөрхуяг “Энэ жилийн яруу найргийн наадам Монгол цэргийн өдөр-Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Халхын голын байлдааны түүхт ялалтын 80 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог. Энэхүү наадам нь яруу найргийн өв санг баяжуулах, цэргийн алба хаагчид, ард иргэд, хүүхэд залуучуудад төрөлх нутаг, тусгаар тогтнол түүх соёлоороо бахархах сэтгэл, цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх, яруу найргийн шилдэг бүтээлүүдийг сурталчилан таниулах зорилготой” гэсэн юм.

 “Дайчин авгайн дурсамж” шүлгээр нээлтээ хийв

“Эх орны цэрэг” яруу найргийн наадамд 73 яруу найрагчийн 146 шүлэг ирснээс хоёрдугаар шатанд 25 найрагчийн бүтээл шалгарсан байв. Тэмцээнийг Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Т.Галсан, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, ”Болор цом”-ын эзэн, “Эх орны цэрэг” яруу найргийн наадмын анхны тэргүүн байрын шагналт Д.Төрбат, МУБИС-ийн багш, утга зохиол судлаач, хэл бичгийн ухааны доктор Г.Батсуурь, ЗХЖШ-ын иргэн цэргийн харилцааны хэлтсийн дарга, хурандаа С.Төмөрхуяг нар шүүсэн юм. Наадам МЗЭ-ийн яруу найрагч, “Эх орны цэрэг-2013” наадмын тэргүүн байрын шагналт яруу найрагч Г.Ишдоржийн Халх голын дайнд хайртай хүмүүс нь үрэгдэж, хагацал үзсэн, халуун зүрхний шарх амссан “Дайчин авгайн дурсамж” шүлгээр нээлтээ хийлээ. Дайн гэж сонсохдоо санаа нь зовдог ээжийнхээ сүүгээрээ бичсэн захидлын хариуг сумаар бичиж, тусгаар тогтнолынхоо төлөө тулалдаж явсан байлдагчийн тухай өгүүлэх МЗЭ-ийн шагналт яруу найрагч В.Нэргүйн “Ээждээ илгээсэн байлдагчийн захидал”-аар энэ өдрийн наадам үргэлжлэв. Цааш нь 1939 онд олон цэрэг ээж аавдаа, энхрий хайрт амрагтаа захидал бичиж үлдээчихээд эргэж ирээгүй гашуун түүх бийг яруу найрагч Д.Гомбосүрэн “Халх голоос ирсэн захидал”-аараа баталсан юм. Түүний дараагаар 1984 онд Дорноговь аймгийн Зүүнбаянд алба хааж байсан он жавууддаа зориулж чөлөөт уран бүтээлч Ч.Алтанхуяг “Гурван жилийн цэрэг”-ийн амьдралаа дэлгэсэн юм. Цасан шамарганд жагсаж, өндөр уул руу мөлхөж, гурван есийн хүйтнийг тэсч, ширүүн аадарт нэвт норж, хорголон мөндөрт нүдүүлж явсан ч салаан даргадаа баярлаж явдгаа уран үгсээрээ илэрхийлэв. Ганц хар талх, хэдэн ёотон эн тэнцүүхэн хувааж өл дааж сурсан  хуучин цэргийн сэтгэлийн үгс танхимд сууж буй он жавуудынх нь сэтгэлийг хөдөлгөж буй нь илт. Тэд гурван жилийн хугацаат цэргийн амьдралаа түүний шүлгээс дурсаж, хуарандаа очих шиг болсон биз ээ. Түүний дараа Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн байлдагч З.Ууганбаатар он жавууддаа зориулж шүлгээ уншлаа. Гэхдээ шинэ цагийн цэргээс хуучин цагийн буюу 1939 оны цэргүүддээ зориулжээ. Тэрээр

“Зүрхэн нулимс хатуу дарснаас гашуун

 Зүүдэлж хоносон шөнө тэнгэрийн оддоос олон ч

Түүний хуучин цагийн он жавууд

Шуугих сумны исгэрээн, шархадсан цэргийн хашгираан дор баатрын ёсоор        мөнхөрсөн юм… гэж шүлэглэжээ.

Орос ахан дүүсээ хүндэтгэлээ

Тус яруу найргийн наадамд МЗЭ-ийн гишүүн 19, Ахмад хилчин, ахмад дайчдын төлөөлөл тав, Зэвсэгт хүчнээс 24, их сургуулийн оюутан 10, ӨМӨЗО-ы нэг найрагч, чөлөөт уран бүтээлч 14 хүн оролцжээ. Ийнхүү II шат Халх голыг, цэрэг эрсийн зориг тэвчээрийг бахдаж, хайрт амрагтаа захидал илгээсэн ч халуун амиа эх орондоо өгөөд эргэж ирээгүй эрэлхэг эрчүүдээ дурссан, тэдэнд шүлгэн цэцэг өргөснөөр өндөрлөсөн юм. III шат эхлэхэд ЦДБЭЧ-ын дарга, СТӨ-ний ерөнхий менежер, хурандаа Г.Золзаяа  найрагчдад хандан “Эх орон, ээж аав, эр цэрэг, тусгаар тогтнолоо магтан дуулж, дулаан энергийг өгч буй найрагчиддаа баярлалаа. Яруу найрагчдын цогтой дайчин үгэн хэлхээс, найраглалаас бидний уран бүтээлийн үндэс урган гардаг. Та бүхний уран сайхан сэтгэмж, эх орноо гэсэн эр зориг бүхий бүтээлийг олны хүртээл болгоно” гэв. III шатанд 13 найрагч үлдсэн бөгөөд дайны талбарт монголчуудтай хамт эрэлхэгээр байлдаж яваад амиа алдсан орос цэрэг Сашагийн ээжийн сэтгэлийн шаналлын тухай өгүүлэх “Сашагийн захиа” шүлгээр энэ үе эхлэв. Орос цэрэг Сашагийн ээж  Монголоос очсон галт тэрэгний модон бүхээгийг өнгийж, эр цэрэг бүхнийг эгцэлж харсан ч хүүгээ эс олов. Түүний тухай МЗЭ-ийн шагналт яруу найрагч О.Цэнд-Аюуш “Буудай шиг шаргалхан үстэй Саша чинь буудуулчихсан юмаа ээжээ. Гэхдээ төрсөн бие минь хүнд шархадахаас өмнө төмөр жад минь хугарсан шүү” хэмээн уншлаа. 1939 оны Халх голын дайны талбарт олон орос цэрэг халуун амиа алдаж, олон ээж сэтгэлийн шархтай үлдсэнийг яруу найрагч О.Цэнд-Аюуш сануулж өөрийн эрхгүй орос ахан дүүсийг санагалзуулахад хүргэв.

Цэргийн хүний шинелийн үнэр үнэртсэн яруу найргийн наадам боллоо

Ийнхүү тэмцээний дүн гарахад МЗЭ-ийн шагналт яруу найрагч О.Цэнд-Аюуш тэргүүн байранд шалгарч, арвайн түрүү мэт өсөн дэвжихийн бэлгэдэл үзгэн хэлбэрт цомыг 500 мянган төгрөгийн хамт гардаж авлаа. Түүний хувьд Зэвсэгт хүчин бахархал нь байдаг аж. Энэ тухайгаа “Энэ наадамд дөрвөн удаа шүлгээ сойсноос нэг удаа айрагдаж, өнөөдөр Халх голын 80 жилийн ойгоор түрүүлсэндээ баяртай байна. Цэргийн баатруудыг судалж, тэдний байгуулсан гавьяаны тухай хөрөг найруулал бичдэг учир цэрэг арми, Зэвсэгт хүчин миний сэтгэлд том байр суурийг эзэлдэг” гэж ярив. Харин хар савхин хүрэм өмсч, толгойдоо алчуур ороосон гадна талаасаа “Харанга”-ын Х.Лхагвасүрэн шиг харагдах боловч шүлгээ уншихаар эрс өөрчлөгдөж, Ардын уран зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн агсантай төстэй хоолойтой Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн ажилтан Д.Жаргалсайхан “Мөрөөдөл” шүлгээрээ II байр эзэлсэн юм. Тэмцээний гуравдугаар байрыг “Дайсны ухуулах хуудас” шүлгээрээ яруу найрагч М.Амархүү эзэллээ.

Энэ жилийн “Халхын гол- Эх орны цэрэг” яруу найргийн наадам ийнхүү амжилттай болж өндөрлөлөө. Наадмын талаар шүүгч Ардын уран зохиолч Т.Галсан “Монголын Батлан хамгаалах яам, орчин үеийн цэргийн эрдмээ түүх, эх оронч яруу найргаар зэвсэглэж байгаагийн баталгаа нь энэ наадам юм. “Болор цом” яруу найргийн дараа ордог авьяас билгийн сорилгын нэг яахын аргагүй мөн. Сэдвийн хүрээ нь нэлээд  өргөжсөн байна. Цэргийн хүний шинелийн үнэр үнэртсэн яруу найргийн наадам боллоо” гэсэн юм. Ийнхүү одоогоос 80 жилийн өмнө эх орны төлөө халуун амь бүлээн цусаа харамгүй зориулсан Монгол , Оросын чин зоригт баатруудаа Цэргийн соёлын төв өргөөний тайзнаа эргэн дурсаж, тэднээрээ бахархах сэтгэлийг бадраасан мартагдашгүй наадам болж өндөрлөсөн юм.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ