Э.Буянмөнх: Хүүтэйгээ дуулсан хоёр дахь дуу маань “Амьдрал өөрөө сайхан”

2019-02-15

Р.ОЮУН, Т.ТУЯАЦЭЦЭГ

Энэ удаагийн “Өөр зочин” буландаа Баянгол дүүргийн 95 дугаар цэцэрлэгийн дуу хөгжмийн багш Э.Буянмөнхийг урилаа. 

-Таныг СУИС-ийн багш гэж бодож байлаа?

-Тийм ээ. Оюутан байхдаа л цэцэрлэгт ажилладаг байлаа. Цэцэрлэгийн дуу хөгжмийн багшаар ажиллаад 12 жил болжээ. Үнэхээр сайхан ажил. Би 2001 онд СУИС-ийн эстрадын дулаачийн ангид орж 2008 онд төгссөн. Ерөнхийдөө уран бүтээлээ туурвиад хажуугаар нь багшлаад явж байна.

-Яагаад цэцэрлэгийн багш болсон юм бэ. Хүмүүс цэцэрлэгийн гэхээсээ илүү сургуулийн дуу хөгжмийн багш болох сонирхолтой байдаг юм биш үү?

-Хүн бүрийн сонирхол өөр л дөө. Надад бол цэцэрлэгт их сайхан байдаг. Хүүхдүүд их хөөрхөн, юм заахад хурдан хүлээж авдаг.

-Саяхан хүүтэйгээ хамт дуулсан байсан. Энэ дуу хэрхэн бүтсэн юм бэ?

-Миний найз яруу найрагч Минжинсайхан гэж бий. Бид хоёр хамтарч нэлээд уран бүтээл хийсэн. Энэ найздаа би санал тавиад аав хүү хоёр дуулмаар байна гээд санаа өгч шүлэг бичүүлсэн. Түүнд нь өөрөө аялгууг нь хийгээд хөгжмийн зохиолч Рамзай буюу Бат-Эрдэнэ ахаараа хөгжмийн  найруулгыг нь хийлгэсэн. Ингэж “Амьдрал өөрөө сайхан” дууг хоёр жилийн өмнө хийсэн байсан. Хүүгийнхээ хамт дуулж  олон түмэндээ хүргэсэн. Энэ дуунд маань хүмүүс ам сайтай байна лээ. Ганц нэг телевизээр явуулж байгаа. Одоо хүмүүс интернэт, фэйсбүүкээр дуртай юмаа үздэг болсон байна.Үүнээс өмнө “Миний ээж” гэдэг дууг бас хүүтэйгээ хамт дуулж байсан. Энэ нь бид хоёрын хамтарч дуулсан хоёр дахь дуу болж байгаа юм. Хүү маань оюутан, одоо хэлний бэлтгэлд сууж байгаа.

-Өөрийг чинь багадаа урлагийн үзлэгт их ордог авьяастай хүүхэд байсан гэж сонссон?

-Ер нь бол бага ангид байхдаа дуулдаг байсан. Урлагийн үзлэгт ангиа төлөөлөөд их ордог байсан шүү. Дуулахын хажуугаар чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан. Аймгийн аваргын тэмцээнээс медаль авч их урам ороод бөх болох сонирхолтой байсан ч урлаг нь дийлсэн дээ.

-Ингэхэд та аль аймгийн хүн бэ?

-Би Төв аймгийн Лүн суманд төрж, өссөн.

-“Амьдрал өөрөө сайхан” дуунд дандаа олны танил хүмүүс гараад байсан?

-Тийм ээ, аав хүү хоёр дуулж байгаа учраас дандаа аав хүү хоёрыг оруулъя гэж бодоод олны танил хүмүүсийг клипэнд тоглуулсан. Амьдрал өөрөө их энгийн учраас энгийн байхыг хичээгээд л аав хүү хоёрын сайхан аз жаргалтай байгаа агшныг оруулсан.

-Мэдээж энэ клипийг хийхэд хүмүүсээ нэлээн судалсан байх?

-Тийм ээ судалсан. Ерөнхийдөө олон хүн судалж байгаад энэ хэд дээрээ очоод, тоглоод өгөөч гэхэд маань тэгье гэцгээсэн дуртай тоглож өгсөн.

-Та өмнө нь бие даасан тоглолт хийж байсан уу?

-СУИС-д сурч байхдаа уран бүтээл хийж байсан. Анх “Сэтгэлийн хээ” гэдэг дууг дуулаад 2010 онд “Энэрлийн наран ээж” гэдэг цомог гаргаад тоглолтоо хийж байсан.

Дараа нь 2014 онд “Мэлмий тодрох бидний нутаг” дууг Лүн сумынхаа 90 жилийн ойд зориулж хийгээд тэр дуугаа клипжүүлээд түүнийгээ цомог болгоод хоёр дахь тоглолтоо хийж байсан. Ерөнхийдөө ганцаараа бас нэлээн олон дуу хийсэн. Мөн “Цэцэрлэгийн багш” гээд сүлд дуу хийсэн. Өнгөрсөн оны аравдугаар сард “Багш таныгаа дуулъя” нэртэй бие даасан тоглолтоо хийсэн. Энэ бүхнээс урам зориг аваад нэлээд хэдэн дуу зохиож байгаа.

-Олны хүртээл болсон ямар дуунууд байна?

-Миний өөрийн гэвэл одоо мэргэжил дотроо “Цэцэрлэгийн багш” гэж дуу байна. Тэгээд нутаг орны дуунууд байна. Айхтар хит болсон дуунууд бол байхгүй.

-Ер нь яагаад заавал эстрадын дуучин болсон юм бэ. Олон урал­даан тэмцээнд оролцож байв уу?

-Би арван жилд байхдаа эстрадын “Гэрэл сүүдэр” гэдэг хамтлаг байгуулаад дуулж байсан учраас энэ чиглэлээ сонгосон. 10 жилээсээ л уралдаан наадамд ордог хүүхэд байлаа. Оюутан болж ирээд хамгийн анхны тэмцээн “Оддын эрэлд” тэмцээнд орж байсан.

-Хамгийн дурсамжтай үе?

– “Оддын эрэлд” л байна даа.

-Эстрадаас өөр чиглэлийн дуу дуулж үзье гэж бодож байсан уу?

-Ер нь эстрад чиглэлийн гэж  байгаа ч зохиолын дуу дуулна л даа.

-Тэгвэл эстрад дуу дуулж байгаа хүн зохиолын дуу дуулахаар бас өнгө аяс нь арай өөр болж байна уу?

-Тийм ээ. Гэхдээ эстрад дуулдаг хүн зохиолын дуу дуулаад явж болохгүй байх.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Одоо би Т.Галсан гуайтай хамтарч “Зүрхний бичээс” шүлэгт аялгуу хийхээр ажиллаж байна.

-Танайх хэдэн хүүхэдтэй билээ?

-Би гурван хүүхэдтэй

-Өөрийн чинь мэргэжлийг өвлөх хүүхэд байна уу?

-За манай дундах л байхдаа гэж харж байна. Энэ жил нэгдүгээр ангид орсон. Бас нэлээн хэдэн дуу дуулсан. Клиптэй ч болсон. Зургаан настай хэрнээ сая шинэ жилийн өмнө шүлэг бичсэн. Тэгээд би ая хийгээд “Шинэ жил” гээд дуу төрсөн.

-Хүүгийнхээ бичсэн шүлгээс сонирхуулж болох уу?

-Ганц гоё үг нь надад их таалагдсан.

…Дуулъя бүгдээрээ, бүжиглэе бүгдээрээ

Дуутай хууртай шинэ жил ирлээ

Сайн үйл хийцгээе, бүгдээрээ

Тэгвэл өвлийн өвгөн баярлах байх даа.

Сайн зүйл хийвэл өвлийн өвгөн баярлана гэдгийг хүүхэд ойлгоод байна. Энэ хэсэг нь их хөөрхөн. Шинэ жилийн өмнө дууныхаа клипийг цэцэрлэгийнхээ бэлт­гэл бүлгийн хүүхдүүдийг оруулаад хийсэн.

-Цэцэрлэгийнхээ талаар яриач?

-Манай цэцэрлэг 18 бүлэгтэй, 60 гаруй ажилтантай. 18 бүлэг учраас хүүхэд олонтой. Хүүхэд олон учраас авьяастай хүүхэд олон байдаг. Монгол хүүхэд гэдэг талаас нь уламжлалт  аргаар сургадаг. Өнгөрсөн зун “Бид монгол хүүхдүүд” дуу хийсэн. “Монгол хүүхэд хүмүүжлийн аян”-д оролцсон. Манай хүүхдүүд цэцэрлэгт байхаасаа л клипэнд тоглож байна. UB palace-т болсон Багш нарын баяраар манай хүүхдүүд очиж хаалтыг нь хийсэн. Тэгэхээр хүүхдүүд маань тайзан дээр нээлттэй болсон. Хүүхдүүд маань их авьяастай. Ер нь бол цэцэрлэгт ажиллах их сайхан байдаг.

-Таниас өөр цэцэрлэгийн дуу хөгжмийн эрэгтэй багш байна уу?

-Сүүлийн үед нэмэгдэж байна. Өмнө нь бол эрэгтэй багш байгаагүй. Одоо залуужиж байна. Намайг төгсөхөд Ганхуяг багш маань дуурьд ороорой гэж байсан. Тэр үед  би чөлөөт уран бүтээл хийгээд явах сонирхолтой байсан болохоор сонирхоогүй.

-Дуучин, багш хоёрын аль нь хэцүү вэ?

-Багш байж хүүхдэд юм заана гэдэг чинь хэцүү. Гэхдээ одоогийн хүүхдүүд өөрийгөө илэрхийлэхдээ маш нээлттэй болсон болохоор тэдэнтэй харилцахад их амар. Би энэ мэргэжилдээ хайртай. Энэ мэргэжлээ өндөрт өргөж явахыг хичээдэг. Хүүхэд хөгжиж байвал улс хөгжинө.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.2.15 № 31 (5998)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ