“Инээмсэглэл-Эерэг хандлага”-ыг төлөвшүүлнэ

2019-02-15

Б.ТУУЛ

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөн өнгөрсөн жил “Эрүүл мэндийн даатгалыг иргэн бүрт” гэсэн уриатай зохион байгуулагдаж байсан. Тэгвэл энэ  жил “Инээмсэглэл-Эерэг хандлага” уриан дор өчигдөр эхэллээ. Зөвлөгөөн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд ЭМЯ-ны харьяа улсын гурав дахь шатлалын эмнэлгүүд, тусгай мэргэжлийн төв, аймаг, орон нутаг дахь “Бүсийн оношилгоо эмчилгээний төв”, Эрүүл мэндийн газар, олон улсын байгууллагуудын төлөөлөл чуулж,  өнгөрсөн онд эрүүл мэндийн салбарт хийж, хэрэгжүүлсэн ажлууд, ололт амжилтаа тайлагнаж, энэ онд хэрэгжүүлэх бодлого, төлөвлөгөө, тулгамдсан асуудлаа ярилцаж, санал бодлоо солилцож байна.

 

Эрүүл мэндийн сайд ажлаа тайлагнав

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 2018 онд тус салбарт хийж гүйцэтгэсэн ажлаа танилцуулсан юм.  Тэрээр “Өнгөрсөн онд “Эрүүл мэндийн даатгалыг иргэн бүрт” уриа дэвшүүлж салбарын хэмжээнд  таван зорилтыг  дэвшүүлэн ажилласан. Ажлын байрны үнэлгээнд суурилсан цалингийн тогтолцоог нэвтрүүлж сувилагчийн цалингийн хэмжээг 127-183 мянган төгрөг буюу 20-30 хувиар нэмэгдүүлсэн. Мөн өндөр хөгжилтэй улс оронд зайлшгүй шаардлагаар эмчлүүлдэг байсан 14 өвчнийг эх орондоо оношилж, эмчилдэг боллоо. Улсын төсвийн санхүүжилтээр 163, бусад улсын Засгийн газрын санхүүжилтээр 90, нийт 253 эрүүл мэндийн ажилтны мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор гадаад, дотоодын сургалтад хамруулж, эмч нарынхаа мэргэжил ур чадварыг дээшлүүлсэн.

Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг шинэчлэн  жор бичих эрх бүхий эмч, эмийн сан, даатгуулагч, даатгалын байгууллагын үйл ажиллагаанд цахим жорын тогтолцоог нэвтрүүллээ. 2018 онд үндэсний хэмжээнд 18-аас дээш насны иргэдийн нас, эрүүл мэндийн эрсдэлд үндэслэж зонхилон тохиолдох зүрх судас, хавдар, сүрьеэ, БЗДХ-ыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгийг ЭМДС-аас санхүүжүүлэн, нийт  52363 хүнийг хамрууллаа.   “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хоёр  дахь үе шатыг хэрэгжүүлэн ажиллаж байна” гэдгийг онцлов.

 

Харилцаа хандлага, ёсзүйгээ сайжруулна

 

Эрүүл мэндийн салбарынхан  2019 онд “Инээмсэглэл-Эерэг хандлага” уриаг дэвшүүлэн ажиллахаар болсон гэдгээ энэ үеэр тодотгов. Энэхүү зорилго, чиглэлийнхээ хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ  эмнэлгиийн ажилтны ёс зүйг чандлан сахиж “Эмнэлгийн ажилтан, үйлчлүүлэгч, ар гэр”  гэсэн гурван талт харилцааг дээдэлж, бие биедээ хүндэтгэлтэй, халуун сэтгэлээр хандан ажиллахыг уриалсан юм.  Мөн “Инээмсэглэл” гэдэг бол үнэ төлбөргүй атлаа асар ихийг бүтээх хүчийг агуулж, хүмүүсийн хооронд итгэлцэл, эрч хүч, урам зориг,  амжилт бүтээлийг бий болгож чаддаг.  Иймээс эрүүл мэндийн салбарын ажиллагсад бид өөр хоорондоо төдийгүй иргэд, үйлчлүүлэгчээ инээмсэглэн угтаж эерэг харилцаа хандлага бүрдүүлэх чиглэлд  эрс шинэчлэл хийж  ажиллана гэдэгт  итгэж байгаагаа илэрхийллээ. Удирдах ажилтны зөвлөгөөнд хот, хөдөөгийн эрүүл мэндийн байгууллагуудын эмч, удирдах ажилтнуудын төлөөлөл, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар,  НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сан, Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газар зэрэг 50 гаруй байгууллагын төлөөлөл 200 орчим хүн оролцож байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.2.15 № 31 (5998)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ