МАХН-ын дарга Н.Энхбаяр Баянзүрх дүүргийн иргэдэд Дээд хуулийн төслийг танилцууллаа

2019-02-15

Ч.ОЛДОХ

Монгол хүн цалинтай хэдий ч  тарчиг ядруу амьдарч, хүүхдийнхээ  сургалтын төлбөрийг төлж чадахгүй, өвдөж зовоход эмнэлгийн төлбөрөө дийлэхгүй  хүндхэн байна. Жирийн иргэд нь хашааны газраа өмчлөх гэхээр өгдөггүй атал  байгалийн баялаг төрийн  өмч нэрийн дор дарга нарын өмч  болчихдог,  ард түмэн ашгийг нь хүртэж чаддаггүй. Дээр нь иргэдийн амьд явах баталгаа өдөр өдрөөр багасч, хохирсон хүмүүсээ хууль, шүүхийн байгууллагынхан нь  давхар хохироодог явдал газар авсан тухай  Баянзүрх дүүргийн өндөр настан Н.Сүхбаатар ярилаа.

МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр өчигдөр Баянзүрх дүүргийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж,  Шинэ Дээд Үндсэн хуулийн төслийг танилцуулж, санал солилцоход иргэд ийм л яриа хөөрөөг өрнүүлж  байсан юм.

Баянзүрх дүүргийнхэн газар хүсч өргөдөл өгсөн, өмчилсөн  газар нь давхацсан  иргэдийн өргөдөл, гомдлыг шийдэлгүй хэдэн жил болжээ. ИТХ-ын зарим төлөөлөгч эрх мэдлээрээ далайлган иргэдийн хашааны газрыг булаах гэж оролдож байгааг ч иргэд хэлж байна. Тиймээс газрын асуудал хийгээд байгалийн баялгийн талаарх Шинэ Дээд Үндсэн хуулийн заалтуудад ихээхэн ач холбогдол өгч, дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа.

Засаглалын хямралаас үүдэлтэй  төрд нүүрлэсэн гажуудлыг арилгахад одоогийн мөрдөж буй Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага тулгарч байгааг МАХН-ын дарга Н.Энхбаяр иргэдэд  тайлбарласан юм. Тэгвэл хямралаас гарах гарц нь яах аргагүй  байгалийн баялгийг төрийн өмч нэрээр  хэдэн хүн завшдаг явдлыг болиулж, ард түмний дундын өмч болгоход чиглэх ёстой. Иймээс  Шинэ Дээд Үндсэн хуулийн төслийн наймдугаар зүйлийн 8.8-д “Бүгд Найрамдах Монгол Улсын газрын хэвлий, түүний доорх баялаг нь ард түмний дундын өмч мөн” хэмээн хуульчилсан байна. Ганц энэ заалтаас маш олон зүйл хамаарч байгаа юм. Тодруулбал, ард түмэн хуулиа ойлгож, дэмжиж, нийтээрээ зөвшөөрөн баталсан тохиолдолд, байгалийн баялаг ард түмний өмч болно. Энэ баялгаас  иргэддээ их, дээд сургуульд үнэ төлбөргүй сургах, эрүүл мэндрйг үйлчилгээг төлбөргүй болгох, залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ  орон сууцжуулах боломжууд нээгдэнэ. МАХН-ын дарга Н.Энхбаяр Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзсаны зэрэгцээ  айл өрхүүдээр орж чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм. Тэдний нэг болох БЗД-ийн XIX хорооны иргэн, бэлтгэл офицер С.Буянбаяр “Бид газар бидний өмч, газрын доорх баялаг маань бүх ард түмний өмч гэсэн ойлголттой олон жил явж ирсэн. Гэтэл 1992 оны Үндсэн хуульд маань байгалийн баялаг төрийн өмч гэж бий. Төрийн өмч маань төрд гарсан хүмүүсийн өмч болж хувираад ард түмэнд юу ч оногдохгүй байгаа. Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр  гарч байгаа мэдээллүүдийг  харж байхад Дубайн гэрээ, Оюутолгойн гэрээ гээч нь дээр байгаа хүмүүсийг л тэжээж байна. Ард түмэн өөрсдөө мэддэг болчихвол ядуу тарчиг амьдралдаа баяртай гэж хэлнэ шүү дээ. Социализмын үед  иргэддээ их, дээд сургуулийн боловсролыг   үнэ төлбөргүй  хүргэж байсан. Одоо тэр үеэсээ баян орон болсон шүү дээ, олон орд илрүүлэн  ашиглаж,  эдийн засаг нь өсч ирсэн. Тиймээс Шинэ дээд Үндсэн хуулийн төсөлд огт биелэхгүй, хэрэгжихгүй зүйл алга гэж үзэж,  гэр бүлээрээ дэмжиж байгаа. Батлуулахын төлөө  саналаа өгнө” гэв. Дашрамд дурдахад МАХН-ын Шинэ Дээд Үндсэн хуулийн төслийн ажлын хэсэг  21 аймаг, есөн дүүрэг, 139 сумаар хоёр жил тойрон хууль сурталчлах уулзалт зохион байгуулаад байна. Сар шинийн өмнө Баянгол дүүрэгт ажилласан тэд өчигдрөөс эхлэн энэ долоо хоногийг дуустал   Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзалт хийх юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.2.15 № 31 (5998)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ