“Би хавдрын эсрэг үйлсийг дэмжинэ. Би энэ үйлст нэгдсэн”

2019-02-14

Р.ОЮУН

Монголын хүн амын дунд нас баралтын хоёр дахь том шалтгаан болсон хавдар өвчин аюулын харанга дэлдэж байна шүү гэсэн дохио сануулгыг өгч ХСҮТ, ХААН банк сан, МҮОНРТ хамтран “Хавдрын эсрэг үндэсний аян”-г зохион байгуулаад ес дэх жилтэйгээ золгож байна. Аяны хүрээнд жил бүрийн хоёрдугаар сарын 4-нд “Хавдартай тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэдэг болсон. 2019-2021 оныг “Би хавдрын эсрэг үйлсийг дэмжинэ. Би энэ үйлст нэгдсэн” хэмээн уриаллаа.

Энэ жилийн хавдартай тэмцэх дэлхийн өдөрт зориулан “Та хавдрыг даван туулагч” ил захидлыг ХСҮТ-ийн үйлчлүүлэгч, эмчлүүлэгчид гардуулах, хавдрын даван туулагчид, ХСҮТ-ийн сувилахуйн алба, сэргээн засах тусламж, үйлчилгээний алба, эмчилгээний хоол, шим тэжээлийн тасаг, резидент эмч нар оролцон үйлчлүүлэгчдэд зөвлөгөө, мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр холбогдох албаны хүмүүсийн сэтгэгдлийг сонирхлоо.

 

ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн:

11-14 насны охидод хөхөнцөр вирусын вакцин хийж байна

 

-Иргэдийн эрт илрүүлэх үзлэгт хамрагдах хувь нэмэгдэж байна. ХСҮТ-ийн 2018 оны тайланд хорт хавдраас сэргийлэх 900 гаруй мэдээллийг хийсэн байна. Үүний үр дүнд хүмүүсийн дунд “Нээрээ би хорт хавдраар өвдчих вий” гэсэн сэрэмж бий болж үзүүлэх хандлага нэмэгдэж байна. Үүний нэг илрэл нь эрт үедээ оношлогдож байгаа явдал юм. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний хавдрын оношилгоо, илрэлт сайжирч байна. Оношлогдох үеийн хавдрын хэмжээ гурван жилийн өмнөхөөс сайжирсан. Энэ утгаараа элэгний хавдрын эмчилгээний тоо эрс нэмэгдсэн. 11-14 насны охидод хөхөнцөр вирусын вакцин хийж ирээдүйд умайн хүзүүний хавдраар өвчлөх магадлалыг бууруулж байна. Ингэснээрээ ирээдүйд оруулж байгаа том хөрөнгө оруулалт юм. Нөгөө талаар ийм вирустэй хүмүүс тогтмол умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэх үзлэгт хамруулж байх. Ийм вирусгүй хүн хавдар тусах магадлал байхгүй. Тиймээс вирус танд байвал эрт илрүүлэлтэд хамрагдах технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байна гэсэн юм.

 

ХСҮТ-ийн Бүртгэл, тандалт, эрт илрүүлгийн албаны дарга Т.Ундармаа:

Шинэ арга, технологийг нэвтрүүлнэ

 

-Умайн хүзүүний хорт хавдар хүний хөхөнцөр вирусээр үүсдэг. Тиймээс анхдагч урьдчилан сэргийлэлт болох вакцин, дархлаажуулалтын асуудал яригдаж байгаа. Энэ оноос Эрүүл мэндийн яамнаас умайн хүзүүний хорт хавдрын үүсгэгчийн эсрэг дархлаажуулалтын ажлыг хийгээд явж байна. Ер нь өнгөрсөн оноос хийсэн байгаа. 2019 оноос энэ үйл ажиллагаа нэлээд идэвхжиж хэрэгжинэ. Умайн хүзүү болон хөхний хорт хавдрыг эрт үед нь илрүүлж, урьдчилан сэргийлэх боломжтой. Гэвч эрт илрүүлгийн шинжилгээний улсын дундаж 40 хувьд хүрэхгүй хувьтай байна. Уг нь 30-45 насны эмэгтэйчүүдийн эрт илрүүлгийн шинжилгээг Өрхийн эрүүл мэндийн төвд үнэ төлбөргүй хийдэг болсон ч ирж үзүүлдэггүй. Энэ жилээс эхлээд умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн үзлэгтээ халдвар авсан эмэгтэйд вирусын халдвар байна уу, үгүй юү гэдэг шинэ арга, технологийг нэвтрүүлэхээр зорьж байгаа. Өмнө нь эсийн шинжилгээний арга дээр суурилж хийж байсан бол одоо вирус илрүүлэх шинжилгээ рүү нарийвчилж орж байна гэсэн үг.

Мөн орон нутагт эрт илрүүлгийг эрчимжүүлж хүртээмжийг нэмэгдүүлбэл орон нутгийн иргэд цаг алдахгүй гэдгийг эмч, мэргэжилтнүүд анхааруулж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.2.14 № 30 (5997)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ