Ч.Чамин-Эрдэнэ амиа хорлосон нь тогтоогдсон гэв

2019-01-23

С.САРУУЛ

“Mongolian next top model” шоуны оролцогч загвар өмсөгч, талийгаач Ч.Чамин-Эрдэнэ  амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Түүнийг амиа хорлосон, гадны нөлөөнд автсан зэргээр төрөл бүрийн мэдээлэл гараад байгаа юм. Тэгвэл хэргийн талаар ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Баттөмөр “Хотхоны камерын бичлэгүүдийг хураан авч үзлэг хийхэд 2018 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 10.35 минутаас 10.36 минутын хооронд 6б байрны 10 давхраас цахилгаан шатаар амь хохирогч Ч.Чамин-Эрдэнэ бууж, B1 давхрын 6в, 6д байрны гражаар ганцаараа явж, 2018 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 10.37 минутад В1 давхраас цахилгаан шатанд сууж, 6д байрны 11 давхарт бууж байгаа бичлэг авагдсаныг эд мөрийн баримтаар хураан авсан. “KH Apartment” хотхоны 6д байрны 14 давхарын коридорын салхивчны ирмэг, бариул хэсгээс үзлэгээр гарын мөр илэрсэн. Харьцуулах шинжилгээгээр амь хохирогч Ч.Чамин-Эрдэнийн гарын мөртэй таарсан. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээгээр Ч.Чамин-Эрдэнийн биед олон тооны хавсарсан гэмтлүүд гарсан. Гэмтлийн улмаас нас барсан нь тогтоогдсон. Энэхүү гэмтлүүд нь өндрөөс унаж байгаа үед үүсэх боломжтой гэсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Ч.Чамин-Эрдэнийн гарын мөр олдсон 14 дүгээр давхрын салхивчаар хүн багтах боломжтой эсэхийг мөрдөгчийн туршилтаар шалгахад хүний бие багтах боломжтой нь тогтоогдсон.

Талийгаачийн ар гэрийнхний зүгээс “Mongolian next top model” шоуны оролцогч нарыг ар гэртэй нь уулзуулах үеэр оролцогчийн ээж нь Маанийн ерөөл сонсгосон. Үүнийг шалгаж өгөх хүсэлтийг гаргасан. Энэ асуудлыг шалгаж үзэхэд оролцогчийн ээж нь өөрийн найз нөхдийн хамт “Дүнчүүр маань” гэдэг маанийг дуулж байгаад бичлэг хийлгэсэн. Уг бичлэгийг дуулсан дуучин нь тухайн цаг хугацаанд бичлэгээ сонсгох зорилгоор оролцогчийн ээж рүү явуулсаныг ээж нь хүлээн авч, уулзалтын үеэр гар утаснаасаа сонссон нь гэрчүүдийн мэдүүлэг болон бусад баримтаар тогтоогдсон. Амь хохирогч Ч.Чамин-Эрдэнэ нас барсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад амиа хорлосон нөхцөл байдал бүрэн тогтоогдсон. Энэ нь хохирогчийн нууцтай холбоотой асуудал учраас энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн мэдээллийг өглөө.

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ