Улаанбуудайн тонн тутамд 41000-45500 төгрөгийн урамшуулал олгоно

2019-01-23

С.САРУУЛ

Засгийн газрын өнөөдрийн /2019.01.23/ хуралдаанаар дараах асуудлуудыг шийдвэрлэлээ.

Налайхын замыг арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болгов

“Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих төсөл”-ийн хэрэгжилтийн талаар сайд Я.Содбаатар Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Үүнтэй холбогдуулан төслийн гүйцэтгэлд хяналт тавьж, хэрэгжилтийг нь хангуулах үүрэгтэй Ажлын хэсгийг Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар ахлуулан байгуулахаар болов.

Төслийн гүйцэтгэгч “Синохайдро Корпорэйшн Лимитэд” компанитай арилжааны гэрээг яаралтай шинэчлэх, үүний дараа төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийг БНХАУ-ын “Экспорт-Импорт” банктай нэн даруй байгуулахыг холбогдох сайд нарт даалгалаа. Налайхын замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын бэлтгэлийг өвлийн улиралд бүрэн хийх, барилгын ажлыг дөрөвдүгээр сард эхэлж, 11 дүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болголоо. Хугацаа богино учир 20.9 км замыг дөрөв хувааж нэг зэрэг тавьж эхлэхээр төлөвлөөд байна. Барилгын ажил эхлэхээс өмнө замын трасст орсон цахилгааны шугам, гэрэлтүүлэг, холбооны кабель, цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээг зөөх, шилжүүлэх, хүчитгэх, хамгаалах, иргэдэд мэдээлэх, тэмдэг, тэмдэглэгээ байршуулах зэргийг хийж дуусгах юм.

Хотын захиргаа 2017 оны есдүгээр сард газрыг бүрэн чөлөөлсөн байна. Иргэн, аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрөлтэй 82, зөвшөөрөлгүй 38, зар сурталчилгааны 60 самбар, нийт 180 обьектыг чөлөөлж, нөхөх олговорт нэг тэрбум гаруй төгрөг өгчээ. Зам ашиглалтад орох хүртэл замын хойд талын шороон хэсгээр түр зам гаргаж, Налайх, Хонгор, Баянзүрхийн товчоо орчмын оршин суугчид болон нийтийн тээврийг хөдөлгөөнийг нэвтрүүлнэ. Мөн Улаанбаатар хотоос зүүн болон өмнө зүг явах, хот руу орох, дайран өнгөрөх тээврийн хэрэгслийг Төв аймгаар дамжин өнгөрүүлэхээр болжээ. Налайхын зам нь Улаанбаатар хотыг зүүн болон өмнө бүсийн аймгууд, Налайх, Багануур, Багахангай дүүрэг, Тэрэлж-Горхийн аялал жуулчлалын бүстэй холбодог гол гарц зам юм. Энэ замыг 1959 онд ашиглалтад оруулснаас хойш их засвар, шинэчлэл хийгээгүй учир чанар нь муудсан. Мөн ачаалал эрс нэмэгдсэнээс байнга осол гарч эрдэнэт хүний амь нас үрэгдэн, эд материалын хохирол учирч байна.

Улаанбуудайн тонн тутамд 41000-45500 төгрөгийн урамшуулал олгоно

Дотоодын гурилын үйлдвэр, тариалан эрхлэлтийг дэмжих сан, Улсын нөөцийн салбарт нийлүүлсэн стандартын I-III ангиллын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд 45500 төгрөг, IV ангиллынх бол 41000 төгрөгийн урамшуулал олгохоор болов. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 343.9 мянган га талбайд улаанбуудай тариалж, 428.6 мянган тонн ургац хураан авсан бөгөөд стандартын шаардлага хангасан 280 мянган тонн улаанбуудай нийлүүлсэн дүн гарчээ. Энэ нь дотоодын гурилын хэрэгцээг хангах хэмжээний нөөц бүрдсэн гэсэн үг юм.

Товч мэдээ

–  Өнгөрсөн онд Засгийн газрын “Иргэд, олон нийттэй харилцах төв”-д 15550 иргэн санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргасан байна. 14557 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгсөн дүн гарчээ. Иргэд ихэвчлэн төрийн бодлого, шийдвэр, төрийн албан хаагчдын ёс зүй, эрүүл мэнд, нийгмийн даатгал, халамж үйлчилгээ, төсвийн талаар байр сууриа илэрхийлснээс гадна санхүүгийн дэмжлэг хүсч хандсан байна.

–  2018 онд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон төрийн захиргааны төв байгууллага, албан тушаалтанд иргэдээс 2512 өргөдөл, гомдол, санал, хүсэлт иржээ. Үүний 2408 /95,8 хувь/-ыг нь хуулийн хугацаанд шийдвэрлэсэн байна. Аймаг, нийслэлийн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнууд 10013 өргөдөл, гомдол, санал, хүсэлт хүлээн авч 9744 /97,3 хувь/-ийг нь хуулийн хугацаанд нь шийдвэрлэжээ.

-Төрийн албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын төслийг зарчмын хувьд зөвшөөрч, Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гарын үсэг зурах эрхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарт олголоо.

–  Монгол-Лаос, Монгол-Унгарын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үр дүнг сайшааж, хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлан ажиллахаар болов.

–  Мал, амьтны хяналтгүй, эмх замбараагүй шилжилт хөдөлгөөнийг хяналтад авах зорилгоор “Мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, тээвэр, тууврын замд саатуулж, хорио цээрийн хяналтад авах журам”, “Отор, нүүдлийн зорилгоор аймаг дамжиж мал туух тууврын замын чиглэл”, “Мах бэлтгэлийн зорилгоор аймаг дамжиж туух тууврын замын чиглэл”-ийг батлав.

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ