Намуудын санхүүжилтын талаар судлаач Э.Гэрэлт-Одын хэлсэн онцлох 10 эшлэл

Ч. Гантулга

2018-12-08

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, МонголУлсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Манай сонины 2018 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн дугаарын зочин МУБИС-ийн багш, судлаач, доктор /Ph.D/  Э.Гэрэлт-Одын хэлсэн онцлох 10 эшлэлийг хүргэж байна.

 

⇒Өнгөрсөн 28 жилийн хугацаанд улс төрийн намыг засгийн эрхийн төлөө эвлэлдэн нэгдсэн бүлэг хүмүүс гэж ойлгож байснаас нийгмийн өмнө хариуцлага хүлээж, нийтийн өмнөөс шийдвэр гаргадаг дотоод ардчилалтай институци байх ёстой гэж боддоггүй байсан. Тэр ч утгаараа өнөөдөр  намууд улс орны хөгжлийг дэмжихүйц  улс төрийн институци болж төлөвшиж чадахгүй байна.

 

⇒Намуудыг илүү нээлттэй, хариуцлагатай, дотоод ардчилалтай байхыг шаардаж байна. Хэдийгээр нам олон нийтийн байгууллага ч гэсэн нөгөө талдаа иргэдийн өмнөөс шийдвэр гаргаж төрд очиж баялаг хуваарилдаг өвөрмөц институци учраас дотоод ардчилалтай, хариуцлагатай байх нь гишүүдийн гэхээс гадна иргэн болгоны анхаарах ёстой  зүйл юм.

 

⇒Дэлхийн улс орнуудад улс төрийн намууд нэр дэвших мандат өгөхдөө “Хэрэв чи ялалт байгуулах юм бол зөвхөн энэ бодлогыг л ярина. Өөр бодлого ярих юм бол мандатаа хураана, улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй, намаас хөөнө, шийдвэр гаргах төвшинд оролцуулахгүй, сахилга хариуцлага тооцож сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэх эрх нь хадгалагдаж байдаг. Гэтэл манайд ийм эрх үүргийг өнгөрсөн хугацаанд бодож, хэрэгжүүлсэнгүй.

 

⇒Улс төрийн намууд төлөвшөөгүй, чадавхигүй, мөнгөтэй нэгний карьер хөөдөг хэрэгсэл болсон учраас олон нийт дургүйцэх нь ойлгомжтой. Үүний үр дүнд парламент ямар ч чадавхигүй болж харагдаж байна. Бодлогогүй намуудын бодлогогүй улс төрчдөөс болж засаглалын асуудал хөндөгдөж, парламентын засаглалаас татгалзах санал гарч байгаа нь харамсалтай.

 

⇒Намын санхүүжилтийн эрхзүйн орчныг сайжруулья гэж олон жил ярьж байгаа ч  намууд өөрсдөө хүсэл зориг гаргахгүй байна. Хамгийн сүүлд буюу харьцангуй сайн боловсруулсан хуулийн төсөл 2016 онд өргөн баригдсан ч  сөхөж ч харахгүйгээр буцаасан. Одоогийн УИХ дахь улс төрийн намын хуулийг шинэчлэх ажлын хэсэг  үзэл баримтлалаа ч батлаагүй байгаа. Хаврын чуулганаас хойш намын тухай хуулийг хэлэлцэх талаар ярьсан ч гарт баригдах хуулийн төсөл алга.

 

⇒Сонгуульд ялсан, ялагдсан намууд дотоод зовлонгоо шийдэх арга нь шинэчлэл боллоо. Тэд хувийн эрх ашиг, бүлэглэлийн сонирхлын төлөө шинэчлэл гэдэг үгийг ашиглаж байгаагаас биш институцийн хөгжлийг хэрхэн хангах, эрх үүргээ хэрэгжүүлэх, улс орны хөгжилд яаж хувь нэмрээ оруулах вэ гэдэгт санаа зовохгүй, оролцохгүй байна. Нийгмийн эрэлт хэрэгцээ, хүсэл зорилго, үнэт зүйлийг байнга үйлдвэрлэж чиглүүлж, төлөвшүүлж байх үүрэгтэй учраас улс төрийн намууд “амьд” байх ёстой.

 

⇒Улс төр бол нийгмийн сайн сайхны төлөө бодлого, үнэт зүйл, үзэл баримтлалаараа өрсөлдөж байх учиртай маргаан, мэтгэлцээн юм. Санал худалдаж авдаг ил, далд тогтолцоог цэвэрлэх хэрэгтэй. Улс төрийн намууд бизнесийн бүлэглэлд эзлэгдчихсэн. Наана нь хэдэн хүн нам болж жүжиг тоглож байгаагаас биш  бодлогыг нь бизнесийн бүлэглэл  л тодорхойлж байна. Ийм маягаар цааш явахгүй.

 

⇒Дэнчин гэдэг түрүүлж байршуулсан урьдчилгаа мөнгө шүү дээ. Тиймээс намд  дэнчин гэсэн ойлголт байх ёсгүй. Харин сонгуульд нэр дэвшигчээс дэнчин авдаг тогтолцоо зарим улс оронд бий. Намуудын мөнгөтэй хүнд суудал зардаг тогтолцооноос болж шударга өрсөлдөөн гэж байхгүй боллоо. Улс төрийн намуудын их мөнгөний өрсөлдөөн дунд залуучууд, эмэгтэйчүүд үрэгдэж, тэдний улс төрийн хүсэл зориг, идэвхи арчигдаж байна.

 

⇒Үндсэн хуульд эвлэлдэн нэгдэж нам байгуулж болно гэж зааснаас биш намын үүргийг нь заагаагүй. Одоо бол намуудыг үүрэгжүүлэх асуудал Үндсэн хуулийн өөрчлөлтөд  орж байгаа нь сайн зүйл. Үүний дараа Сонгууль, Улс төрийн намын хуулийг өөрчлөхдөө намын бүртгэл, санхүүжилт, хариуцлагыг хөндөх ёстой. Нам байгуулах нь хүний эрх ч дуртай нь сонгуульд өрсөлддөг байж болохгүй. Бодлогоо энэ чиглэл рүү өөрчлөх ёстой.

 

⇒Намын хандивын асуудлыг ярих цаг нь болсон. Өнөөдөр бид хандивын хязгаар байгаа болохоос хэн өгч болох, болохгүй тухай ярьж чадахгүй байна. Зарим улс орнууд уул уурхай юмуу, эсвэл монополь компаниудаас хандив авахыг хориглодог. Хориглоогүй ч ил тод байдлыг шаардаж байгаа улс орнууд ч байна. Аль нь манайд тохиромжтой эсэхийг судалж цаашид шийдвэрлэх ёстой.

 

⇒Намуудыг төсвөөс дэмжсэнийхээ төлөө татвар төлөгчдийн болон хандивлагчдын мөнгийг сохор зоос ч үлдээхгүйгээр орлого, зарлагыг тайлагнадаг “шилэн” тогтолцоог бий болгох хэрэгтэй.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ