Байгаль хамгаалагчдыг эко унаатай болгоё

2018-11-16

Б.ТӨГС

Байгалиа хамгаалдаг хүмүүс өөрсдөө утаа гаргадаггүй, эко унаатай болох гарц байна. Юу гэвэл, Нийслэлийн байгаль орчны газраас байгаль хамгаалагчдынхаа унааны асуудлыг монгол залуусын бүтээсэн цахилгаанаар явдаг мопедоор шийдэж болох юм гэсэн санаачлагыг гаргажээ. Бидний нэрлэж заншсанаар Никель Ганбаа буюу инженер Г.Дашням 100 хувь цахилгаанаар ажилладаг мопедыг бүтээж, тур­шилтын загвараа гаргасан. Туршилтын загварын хувьд 220 ватт цахилгаанаар нэг удаа цэнэглэхэд 25 км цагийн хурдтайгаар 25-30 км явах боломжтой гэж байгаа. Ирэх оны тавдугаар сараас “Ю-Скүүтэр” төслийг хэрэгжүүлж эхлэхээр ажилдаа орсон. Тэгвэл байгаль хамгаалагчдад зориулсан загварыг судалж, хийж үзэхээр болсон юм. Уул хаданд явахад тохиромжтой, бартаат замын стандарттай, туулах чадвар сайтай байх гээд байгаль хамгаалагчдын ажлын онцлогт тохирсон шаардлагуудад нийцүүлэн хийж болох юм байна. Түүнчлэн GPS төхөөрөмж, камер зэргийг суурилуулах боломжтойгоор хийж үзнэ гэв. Байгаль хамгаалагчид жилийн найман сард нь буюу дулааны улиралд мотоцикль ашиглаж байгаа. Хэрэв цахилгаанаар ажилладаг унаатай болчихвол жилд шатахууны зардлаа 8-10 сая төгрөгөөр хэмнэх боломжтой болох юм байна. Түүнчлэн шатахууны зардал, нормд баригдалгүй эргүүл, хяналтаа цаг тухайд нь шуурхай хийж чадна. Дээрээс нь байгаль хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын хувьд монгол залуусын эко санаачлагыг дэмжиж, утаа гаргахгүй унаа ашиглах нь зөв жишиг болохыг хэлж байлаа. Хэрэв байгаль хамгаалагчдад зориулсан туршилтын мопед амжилттай болвол дэмжээд өгөхөд болохгүй зүйлгүй аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ