Шинэ дээд хуулиар сургууль, эмнэлгийн зардлыг төр даана

2018-11-15

Ц.МЯГМАРБАЯР

Говь-Алтай аймгийн Жаргалант сумын  иргэд “Сумын сургуульд сурах хүүхэдгүй боллоо. Нэг анги дөрвөн хүүхэдтэй байна. Аймгийн төвийн сургууль төвийнхөө харъяалалтай хүүхдүүдээ авдаг. Сумдын хүүхдийг авахгүй байж болдоггүй юм байх даа. Хөдөө эзэнгүйдлээ. Сургуулийг халаана. Багш нар цалин авна ямар ч үр ашиггүй зардал гарч байна. Гэтэл сумаараа шахуу ажилгүй иргэдтэй. Их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг нь дийлэхгүйгээс ажил, сургуульгүй залуучууд олон байна. Солонгос руу явуулах гэхээр нийгмийн даатгал төлдөггүй болохоор дансандаа баталгааны таван сая төгрөг байршуул гэнэ. Байршуулах мөнгө нь алга. Одоо тэгээд  үр хүүхдээ яах юм бэ. Энэ улс оронд эзэн гэж байна уу. Ард түмэн чинь одоо яаж амьдрах юм ” гэж МАХН-аас боловсруулсан Шинэ дээд хууль танилцуулах үеэр халаглан ярьцгааж байв. Дархан-Уул аймагт болсон уулзалтад “Солонгос явж ажиллах сонирхолтой залуучууд байвал гараа өргө”  хэмээн МАХН-ын дарга Н.Энхбаярыг асуухад тэнд цугларсан залуучуудын ихэнх нь гараа өргөсөн юм. Баян-Өлгий аймгийн Сагсай суманд уулзалт хийх үеэр өнгөрсөн онд МУИС-ийг Эдийн засагч мэргэжлээр төгссөн залуу “ Би ээж аавынхаа мөнгийг дуусган байж эдийн засагч мэргэжил эзэмшсэн. Харамсалтай нь надад ажил олдохгүй байна. Аав, ээж хоёр маань биднийг сургах гэж хэдэн малаа зараад дууссан. Сүүлдээ бие нь дордсон. Би хоёр дүүтэй. Тэднийг сургах, бас ээж аавыгаа эмчлүүлэх мөнгийг би л олох ёстой.Энэ үед би дээд мэргэжилтэй малчин болдог байж гэж бодогдож байна. Малын бэл­чээр ашиглалтаа хэр­хэн төлөвлөх вэ. Сайн үйлдрийн малыг яаж нутагшуулах вэ гээд надад мэдлэг, мэдээлэл дутаж байна” гэх зэргээр улс орны ирээдүй болсон хүү­хэд залуучуудын төлөөлөл ийм л зүйл ярьж, төлөвлөж байна. Аймгийн төв, хотын ерөнхий боловсролын сургуульд 40-50-иараа нэг ангид чихцэлдэж байхад сумын төвийн сургуулийн бага ангид дөрөв тавхан хүүхэд сурч байгааг статистик мэдээ харуулдаг. Баячуудын хүүхдүүд сурдаг хувийн сургуулийн зардал жилд 5.5-17 сая төгрөг. Төрийнхөн нь үнэ төлбөргүй ч олон хүүхэдтэй, чанаргүй. Нийгэмд  л ийм л ялгаа гарсан. Нөгөөтэйгүүр их дээд сургуульд сурах эрмэлзэлтэй ч төлбөрийн чадваргүйгээс шалтгаалан жилд 640 орчим мянган хүүхэд сургууль завсардаж, жилийн чөлөө авдаг гэсэн тоо байна. Үүнийг өнгөрсөн 27 жилээр тооцоход 25 мянган хүүхэд  боловсролтой, мэдлэгтэй иргэн болж чаддаггүй аж. Өөрөөр хэлбэл, нэг өрх нэг хүүхдээ сургахын тулд хамгийн багаар тооцоход жилд сургалтын төлбөр болон байр, хоол, унаа, хувцас хэрэглэл зэрэг бусад зардалд  5-6 сая төгрөг зарцуулдаг болохыг уулзалтад ирсэн  иргэд хэлж байсан. Хэрэв гурван хүүхэд сургах бол нэгийг нь л сургаад хоёр нь завсардах ийм л байдалтай. Ийм маягаар эд сурч боловсрох насан дээрээ ирээдүй хойч үе минь нийгмийн золиос болж  азтай нэг нь Солонгос явах эсвэл хийх зүйлгүй мансуурах, архидалт гэмт хэрэгт холбогдох ийм л сонголт үлдэж байна.

Энэ хуулиар цааш дахин 27 жил явахад улс орны ирээдүйг гартаа атгах 50 мянган залуучууд ямар ч мэдлэг боловсролгүй үлдэхээр байна. Ингэхэд яагаад заавал эцэг эхчүүд нь сургалтын төлбөрийг нь хариуцдаг юм бэ гэсэн асуултыг хэн ч өөрөөсөө асууж байгаагүйг хууль хэлэлцүүлэх үеэр анзаарагдаж байлаа. Гэтэл 1992 онд баталсан үндсэн хуульд их дээд сургуулийн сургалтын төлбөрийг хувь хүн өөрөө хариуцна гэж заасан. Нэгэнт зах зээлийн нийгмийг сонгосон болохоор эцэг эх, хувь хүн өөрөө дааж болно. Гагцхүү ээж, аавууд нь ажлын байр хангалттай байхгүйгээс цалин орлоггүй тохиолдолд юугаараа хүүхдийнхээ төлбөрийг төлөх вэ гэдэг асуулт урган гарч байгаа юм. Төр байгаа л бол үндсэн хуульдаа хүний заяагдмал эрхүүдийг заавал хангах ёстойг томъёолсон. Харамсалтай нь манай одоогийн мөрдөж байгаа хуульд эдгээр эрхүүдийг орхигдуулсныг өмнөх нийтлэлүүдээрээ онцолсон. Өвөрхангай аймгийн иргэн Д.Даваадамба “Социалист нийгмийн үед хүн бүхэн төрийн их дээд гадаад, дотоодын сургуульд үнэгүй суралцаж урамшуулалт цалин авдаг байв. Энэ бүгдийг хуулиараа  төр нь даадаг байсан. Энэ нь төрт улс л юм бол ард түмнийхээ хүн болж төрсөн эрхийг хангах үүргээ биелүүлж байсан явдал. Нөгөөтэйгүүр 1992 оны хууль 1960 оны хуулиас шал дордуулсан хууль болсон” гэж байв. ХБНГУ-д төрийн их дээд сургууль эмнэлэгийн бүх үйлчилгээ үнэ төлбөргүй.Төрөөс бүгдийг даадаг. Манай улс өмнө нь төрийн зардлаар залуучуудыг гадаадад бодлогоор сургадаг байсан. Одоо ч гэсэн боломжтой гэдгийг Н.Энхбаяр дарга хүн бүхэнд сануулж байлаа.  Харин МАХН-аас боловсруулсан Шинэ дээд хуульд төрийн өмчийн бүх шатны сургуулийн сургалтын төлбөрийг төр даахыг арвантавдугаар зүйлийн 15.3-т “Төр засаг хүн бүрт сурч боловсрох эрхээ эдлэхэд нь эрх тэгш нөхцлөөр хангана.Төрийн өмчийн бүх шатны сургуулийн сургалтын зардлыг төр засгаас бүрэн хариуцна” гэдэг заалтаар баталгаажуулсан юм. МАХН-ын дарга, дэд дарга Н.Энхбаяр, С.Ганбаатар нарын  энэ яриаг сонссон  Дарханы залуучууд дуу шуу орцгоож “Нээрээ энэ хууль батлагдвал бид заавал Солонгос явах шаардлагагүй юм байна. Бас орон сууц үнэгүй олгож, төрийн эмнэлэгүүд үнэ төлбөргүй чанартай болох юм байна. Алив саналын хуудас хаана байна” гэцгээж байв.

Өнөөдөр Солонгос улсад манай 30 мянган залуучууд боолын хөдөлмөр эрхлэж байна. Тэд хэдийгээр өндөр цалин авдаг ч эрүүл мэндээрээ хохирч олсон жаахан мөнгөө  биеэ эмчлүүлэхэд  зарцуулаад дуусдаг ийм л хөөрхийлөлтэй нийгэмд амьдарч байгаа. Монголчуудын 60-70 хувь нь цалингийн, ипотекийн, сургалтын төлбөрийн зээлээс зээлийн хооронд амьдарсаар. “Өнөөдрийн үндсэн хуулиар бол хүн өвдлөө гэхэд мөнгөгүй бол үхэхээс өөр сонголт үлдэхгүй. Онош тавиулах гэхэд төрийн эмнэлгүүдэд онош тавих аппарат нь байхгүй. Хувийн эмнэлэгт хандахад доод тал нь 500 мянган төгрөг”. Гэвч энэ мөнгө жирийн иргэний халсаанд байхгүй. Энэ бүх амьдралын бэршхшээлтэй асуудлыг шийдвэрлэх гарцыг  Бүгд найрамдах Шинэ үндсэн хуульд тусгасан юм. Энэ хуулийн арвангуравдугаар зүйлийн 13.25-д “ Хүн эрүүл мэндээ хамгаалах,хамгаалуулах эрхтэй.Төрийн өмчийн эмнэлгийн байгууллагаар эмчлүүлж, үйлчлүүлсэн БНМУ-ын иргэний эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээний бүх зардлыг БНМУ-ын төр засгаас бүрэн хариуцна” гэдгээс та мэдэж болно. Орон сууцтай болох бас л хүндрэлтэй асуудал. Өнөөдөр найман хувийн хүүтэй ипотекийн зээлээ төлөх гэж ажлын бүтээмж гэхээс илүүтэй  сэтгэлийн зовлонд ихэнх гэр бүл шаналж байна. Аймгийн төвүүдэд өнөөдөр хоёр өрөө орон сууц дунджаар 70-80 сая төгрөг. Уулзалтад ирсэн иргэдээс урьдчилгаа арван хувь болох найман сая төгрөг шууд  тоолоод байр  авах хүн байна уу гэхэд нэг ч хүн гар өргөөгүй. 1992 оны хуульд мөн л  орон сууцтай болохыг иргэн өөрөө хариуцна гэсэн. Тэгвэл Бүгд найрамдах Шинэ дээд хуульд “ Тав ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд, анх удаа гэрлэж байгаа залуу гэр бүлд, 20 жил тогтвортой амьдарсан гэр бүлд төрөөс орон сууцыг үнэгүй олгоно” гэж тус тус заасан. Энэ бүгдээс эргэцүүлхэд таны амьдралыг үндсээр нь өөрчлөх боломжтой энэ л хуулийг бүх нийтээрээ дэмжээд баталчихвал эдийн засгийн тусгаар тогтнолоо сэргээж улс орон үсрэнгүй хөгжлийн замд шуудрах нь гарцаагүй гэдгийг олон хүн мэдэрч байлаа

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • 1 сар

    МАХН-с боловсруулж байгаа хууль маш боломжуийн сайн хууль гэж үзэж байна. Үүнийг батлахыг нийт иргэдээсээ хүсч байна 

Холбоотой мэдээ