“1000 инженерээр дамжуулж, дэлхийн боловсролыг нутагшуулна”

2018-11-15

Ч.ГАНТУЛГА

Монголдоо инженерийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг хамгийн том сургууль нь ШУТИС билээ. Тус сургуулийг сонгосон хүүхэд “том” мөрөөдөлтэй байдаг. Сургуулийн захиргаа ч оюутнууддаа хамгийн чанартай боловсролыг өгч, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн бэлтгэхийн төлөө хөдөлмөрлөж байгаа юм. Тиймээс БСШУСЯ болон МУИС-тай хамтран Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай “Инженер технологийн дээд боловсрол” төслийг хэрэгжүүлээд тав дахь жилтэйгээ золгожээ. Өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, багшлах хүний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчин чанарыг сайжруулах нь энэ төслийн гол зорилго. Төсөл “Коосэн” “Бакалаврын хамтарсан хөтөлбөр”, “Хамтарсан судалгаа” гэсэн гурван хэсгээс бүрдэж байна. “Инженер технологийн дээд боловсрол” нь есөн жил үргэлжлэх бөгөөд одоогоор 400 гаруй багш, судлаач, оюутан хамрагдаад байгаа юм. Энэ хөтөлбөрийг өөр нэг онцлог нь зээлээр суралцах боломж юм. Нэг хүүхдийн төлбөр, зардал нийт 120 сая төгрөг. Тухайн мэргэжилтэн төгсч ирээд таван жил тууштай, бүтээмжтэй ажилласнаар тус зардал төлөгдөх аж.Төслөөр дамжуулж Япон улсын их сургуулиудад магистр, докторын сургалтад хамрагдсан эхний ээлжийн оюутнууд эх орондоо иржээ. Тэд өчигдөр өөрсдийн хамгаалсан сэдвүүдийн онол, практикийн ач холбогдлын тухай “1000 инженер” нээлттэй илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийлээ. Нээлттэй илтгэлд БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан тэргүүтэй яамны төлөөлөл, МУИС, ШУТИС-ийн эрдэмтэн, судлаач багш нар оролцсон юм.

БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан

ЯПОНЫ 150 ГАРУЙ БАГШ, СУДЛААЧ ИРЖ ШУТИС, МУИС-Д АЖИЛЛАЖЭЭ

 

“Инженер технологийн дээд боловсрол” төслийн “Хамтарсан судалгаа” хэсгийн хүрээнд зөвхөн монгол инженерүүд Японд очоод зогссонгүй. Японы 150 гаруй багш, судлаач ирж ШУТИС, МУИС-д ажиллажээ. Судалгааны баг чиглэлээ сонгохдоо Монгол Улсын тэргүүлэх найман чиглэлийг онцолсон юм байна. Харин “Бакалаврын хамтарсан хөтөлбөр” хүрээнд Монголд явагдаж буй сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүй, багш нарын ур чадварыг Японы стандартад хүргэнэ гэсэн зорилт тавьжээ. Тиймээс ШУТИС-ийн эрдэмтэн багш нар Японд очиж, сургуулиудтай танилцаж, лекцэнд сууж, туршлага хуримтлуулаад иржээ. Тэд өөрсдийн хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг хийх юм байна. Тус хөтөлбөрт хамрагдсан ШУТИС-ийн сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гэрэлт-Од “ШУТИС-ийн хамгийн чухал хэрэглэгдэхүүн нь сургалт юм.

ШУТИС-ийн сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гэрэлт-Од

Бид үеийн үед, үе шаттайгаар хөтөлбөрөө сайжруулсаар ирсэн. Сүүлийн үед улам идэвхижиж байна. Манай хамт олон сайн элсэгч элсүүлэх, сайн хөтөлбөрөөр сургаж, сургалтын тохилог орчин бүрдүүлэхийг эрхэмлэдэг. Багш нар маань төслийн хүрээнд 10 хоног Японд ажиллаад ирлээ. Бид зөвхөн танилцах төдий ирэхийг хүсээгүй. Тухайн сургуулийн сургалтын арга барилыг сурах, эргэж ирээд хэрэгжүүлэх даалгавартай явсан. Очсон сургуулийнхаа хичээлийн хөтөлбөрийг өөрийн сургуулийн хөтөлбөртэй харьцуулж, анализ хийлээ. Үүнээс гадна бид оюутан болоод мэргэжлийн багш нарын хичээлд суусан. Багш хичээлээ хэрхэн зааж байна, арга барил нь ямар байна гээд л. Багш хичээлээ заах явцдаа тухайн сэдвээс өөр юу ч ярьдаггүй юм байна. Сонсч байгаа оюутнууд нь бие, биедээ саад болдоггүй юм байна. Эхний ээлжинд үүнийг бид нутагшуулахаар зорьж байна. Мөн тэнд сурч байгаа оюутнуудтайгаа уулзаж, сэтгэгдлийг нь сонссон. Бүгд сургалтын чанар, орчиндоо сэтгэл хангалуун байгаагаа хэлж байсан” гэсэн юм. Үүнээс гадна япон оюутнууд өдөр бүр төлөвлөгөө гаргаж, түүнийхээ дагуу суралцдаг нь цаг хэмнэх, хувийн зохион байгуулалттай болоход нь их нөлөөлдөг юм билээ гэж Д.Гэрэлт-Од багш ярилаа.

 

“СҮҮЛИЙН ҮЕИЙН ТЕХНИК, ТЕХНОЛОГИ ДЭЭР АЖИЛЛАЖ СУРЛАА”

 

“Инженер технологийн дээд боловсрол” төсөлд хамрагдсан оюутан эхний хоёр жилийн төлбөрөө өөрөө төлөх юм байна. Тэд ШУТИС дээр хэрэгжих хос бакалаврын сургалтын хөтөлбөрт элсэн суралцах бa 2.5 жил амжилттай суралцсан оюутан Японд суралцах шалгалтад тэнцсэн тохиолдолд кредит дүйцүүлэн Японы их, дээд сургуульд шилжин суралцаж, хоёр улсын их сургуулийн дипломтой төгсөхөөрөө энэ хөтөлбөр онцлогтой. Хөтөлбөрт хамрагдсан оюутан Б.Маралмаа “Би хүрээлэн буй орчны инженер мэргэжилтэй. Япон улсын Миязаки их сургуульд магистр хамгаалаад ирлээ. Энэ хөтөлбөрт хамрагдсан минь надад их олон талын мэдлэг, чадварыг өгсөнд баяртай байна. Би Японд суралцсанаар өнөөдөр дэлхийд хэрэглэгдэж байгаа сүүлийн үеийн бүх техник, технологи дээр ажиллаж сурлаа. Энэ бол өөртөө хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт юм” гэв. БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргал “Аливаа улсын хөгжилд инженерийн боловсрол чухал үүрэг гүйцэтгэдэг. Бид анх хамтран ажиллах гэрээ байгуулахдаа есөн жилийн хугацаанд 1000 монгол инженерт дэлхийн боловсрол олгоно гэж төлөвлөсөн. Одоогоор 400 гаруй хүн сургалтаа авсан. Үүнээс 45 хүн нь докторын зэрэг хамгаалахаар явсан. Үүнээс дөрөв нь хүслээ биелүүлээд ирлээ. Магистрын төвшинд 28 хүн суралцаж байгаагаас 11 нь ирсэн. Бид оюутан сонгон шалгаруулахдаа өндөр шалгуур тавьдаг. Хамгийн сайн хүүхдүүдийг энэ хөтөлбөрт хамруулахыг зорьдог. Бид 1000 инженерээр дамжуулж, дэлхийн боловсролыг нутагшуулна. XII анги төгссөн хэн ч шалгаруулалтад орох боломжтой. Хамгийн гол нь элсэлтийн ерөнхий шалгалтын оноо нь 680-аас дээш байх ёстой. Хүүхдүүд эхний хоёр жилээ ШУТИС-д сурна. Сүүлийн жилүүдийг Японд сурах юм. Японд сурч буй манай хүүхдүүд Коосэн сургалтын хөтөлбөрт байнга нэгдүгээр байрт ордог. Багш нар ч ам сайтай байгаа” гэсэн юм. Инженерийн сэтгэлгээтэй хүүхдийг багаас нь бэлдэж, хөгжүүлэх ёстой тухай ШУТИС-ийн багш нар анхааруулсан юм. Тиймээс БСШУСЯ-ны зүгээс Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт инженерийн хичээлийн ач холбогдол, инженер сэтгэлгээг хөгжүүлэх зэрэг тусгай хөтөлбөр боловсруулж байгааг энэ үеэр онцолж байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ