“Хүчтэй удирдагч гэдгийг Путинээр биш чадварлаг албан хаагч гэдгээр хармаар байна”

2018-11-14

Ц.БАЯР

Хариуцлагатай ардчилал Залуусын санаачлагаас зохион байгуулж буй “Парламентын ардчилал тусгаар тогтнол, засаглал, эдийн засаг, улс төр” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /11.14/ МУИС дээр боллоо. Хэлэлцүүлгийн эхэнд “Парламентын ардчилал- тусгаар тогтнол ба түүхэн сургамж” сэдвээр судлаач О.Машбат  “Монголын парламентын ардчилал иргэний үндсэн эрх ба эрх мэдэл хуваарлалт” сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан нар илтгэл тавьсан. О.Мөнхсайхан  “1992 оны парламентын засаглалаа хадгалж бэхжүүлвэл тогтвортой хөгжинө. Парламентын засаглалтай 21 орны засаглалд судалгаа хийлээ. Засаглалаа хариуцлагажуулах шаардлага манай парламентэд байхгүйгээс сүүлийн үед улс төрд гарсан скандалууд иргэдийг бухимдуулж байна. Түүнчлэн УИХ-ын гишүүдийн тоог 150 хүргэж нэмэгдүүлэхгүй бол 76 хүн хэт нөлөөнд автах байдалд өртөж байна. Өөрөөр хэлбэл УИХ 39 гишүүнээр ирц бүрдүүлж 20 хүнээр хууль баталж байгаагаас харагдаж байна. Мөн Үндсэн хуулийн цэцэд хэн дуртай иргэн өргөдөл гаргаж буй заалтыг хасах хэрэгтэй. Цэцийн гишүүдийг 9-12 жилээр хугацааг нь сунгах зэргээр 3-4 зүйлд нэмэлт өөрчлөлт хийхэд хангалттай. Парламентын засаглалаас ухарч Ерөнхий сайд юм уу, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг давуу болгох   зүйл Үндсэн хууль өөрчилж байгаа нөхдөөс харагдаж байна. Хэрэв ийм байдалд хүрвэл ардчиллаас ухарсан хэрэг болно. Парламентын засаглалаар хөгжиж буй ойролцоо орнуудтай харьцуулахад манай улсын улс төр, эдийн засаг дээгүүр байрт явж байна” гэв.

Мөн “Эдийн засгийн өсөлт ба улс төрийн  тогтолцооны хамаарал”, “Үндсэн хууль ба улс төрийн ёс зүй” сэдвүүдээр эдийн засагч О.Эрдэнэ-Өрнөх, М.Чимэддорж нар илтгэлээ тавив. Илтгэлтэй холбогдуулан парламентын засаглалын сул ба давуу тал цаашид хуулиа хэрхэн төгөлдөржүүлэх талаар олон хүн саналаа хэлсэн юм. Хуульч н.Номингэрэл “Хүчтэй удирдагч гэхээр Путинээр төсөөлж болохгүй. Чадвартай албан хаагч гэж харах хэрэгтэй. Хүчтэй удирдагч гэхээр ерөнхийлөгчийн засаглалтай болгох гээд байгаа юм шигээр нийгэмд ойлгуулж байна. Түүнээс биш судалгаанд оролцсон иргэд Ерөнхийлөгчийн засаглалыг хүсээгүй”  гэсэн бол  “Иргэдийн амьдралд нөлөөлж буй эдийн засгийн суурь тогтолцоог үндсэн хуульд  орхигдуулсанаас болж иргэд бухимдаж байна. Тиймээс Үндсэн хуулиас гадна Эдийн засгийн үндсэн хуультай улс орон байдаг. Эдийн засгийн тусгаар тогтнолыг хангах заалтуудыг энэ үндсэн хуульд оруулж ирэх хэрэгтэй. Гэхдээ энэ парламентын үед Үндсэн хуулийг өөрчлөх боломжгүй” гэж УИХ-ын гишүүн З.Нарантуяа санлаа хэлсэн юм. Түүнчлэн хотын дарга асан Э.Бат-Үүл “ Бид шинэ үндсэн хуулиа баталж хэрэгжүүлээд  28 жил болохдоо парламентийн засаглалаа хариуцлагажуулах, төгөлдөршүүлэх, ардчилалаа хамгаалах тал дээр сул ажилласнаас болж өнөөдрийн нөхцөл байдал үүссэн. Энэ бүгдийг засч залруулахаар гарч ирсэн залуучуудад талархаж байна. Гэхдээ энэ хуулийн өөрчлөлтийг  цаанаас нь мөнгөөр  гаднаас хийж байна. Энэ л хамгийн аймшигтай” гэсэн бол  МУИС-ийн  Эдийн засгийн сургуулийн тэнхэмийн багш н. Отгонтөгс н.Чулуунбилэг, н.Гэрэлт-Од нарын олон хүн Парламентийн засаглал ганхах байдалд ороогүй. Хамгийн гол нь хөгжлийнхөө замд сорилт бэрхшээлд тулж ирсэн. Харин эдгээр бэрхшээлийг засахгүй орхих юм бол ирээдүйд ганхах байдалд оруулна гэх зэргээр  санал бодлоо илэрхийлсэн юм. Үндсэн хуульд  нэмэлт  өөрчлөлт оруулахаар хэлэлцэгдэж байгаа нь  цагаа олсон үйл явдал боллоо” гэж байв.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ